Categories
мэдээ улс-төр

Вьетнамд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Саун Фук нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхий сайд Нгуен Суан Фук АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Монгол Улсад зохион байгуулж байгаад баяр хүргэе гээд Монгол Улс даргалж байгаа энэ уулзалт амжилттай болж, олон улсын тавцанд Монгол Улсын эзлэх байр суурь, нэр хүнд дээшилнэ гэж итгэж байна гэлээ. Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад албан ёсны айлчлал хийхийг урилаа.

Тус улсын талаас батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны санамж бичгийг үр бүтээлтэй хэрэгжүүлэх, цагаан будаа, хүнсний ногоо, кофе, элсэн чихэр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байгаагаа Вьетнамын Ерөнхий сайд илэрхийлснээс гадна хорио цээрийн стандартыг харилцан тохирч, Монгол Улсаас Вьетнам Улсад гүн хөлдөөсөн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг урагшлуулахаа илэрхийллээ. Түүнчлэн Монголын талтай ашигт малтмалын чиглэлээр хамтран ажиллаж, бизнес, соёл, боловсрол, спортын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллаж “Богд хааны ордон музей”, “Чойжин ламын сүм”-ийг засварлахад туслах боломжтой гэдгээ мэдэгдсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат 2017 онд Вьетнам Улс АПЕК-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах гэж буйд баяр хүргээд, тус уулзалтад Монгол Улс зочноор оролцох хүсэлтэй байгааг илэрхийлсэн. Хүнс, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарт хоёр орны хамтын ажиллагаа тодорхой хэмжээнд явагдаж байгаа боловч цаашид эдийн засгийн агуулгаар харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн баяжуулах шаардлагатай байна гэлээ.

Албан ёсны хэлэлцээнд Монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Элчин сайд Д.Энхбат, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Уул уурхайн сайд Р.Жигжид, Ерөнхий сайдын Ахлах зөвлөх Б.Нямаа, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогт болон албаны бусад хүмүүс байлцлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *