Categories
мэдээ соёл-урлаг

Учиртай гурван толгой дуурийн гол дүрийн жүжигчдэд шагнал гардууллаа

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр хамтран Монголын анхны үндэсний сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд 2 дахь жилдээ тоглов. Жил бүр тус дуурийн гол дүрийн жүжигчдийг сонгон шалгаруулдаг бөгөөд энэ жил гол дүрд шалгарсан УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Э.Бумхүү, УДБЭТ-ын гоцлол дуучин МУСТА Б.Энхнаран, УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, УДБЭТ-ын гоцлол дуучин С.Бат-Эрдэнэ нарт Нийслэлийн Засаг даргын нэрэмжит шагнал 10 сая төгрөг, өргөмжлөлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд гардууллаа. Шагнал гардуулах үеэр Засаг дарга “Соёл урлаг бол их хотын салшгүй нэг хэсэг. Тиймээс бид хотын соёлыг хэвшүүлэх, сонгодог урлагийг дэмжих тал дээр Соёл урлагийн байгууллагууд, уран бүтээлчдээ дэмжин, хамтран ажиллах болно” гэлээ. Мөн энэ үеэр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзул төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор энгэрээ мялаасныг НИТХ-ын дарга Ц.Сандуй гардууллаа гэж Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *