Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд АСЕМ зохион байгуулах газруудын бэлтгэл ажилтай танилцав

Энэ сарын 15, 16-нд Улаанбаатар хотод Ази, Европын Дээд түвшний XI уулзалт болно. Уулзалтыг зохион байгуулах Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд ахалж буй бол хурлын үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтын асуудлыг хариуцсан бэлтгэл ажлын алба Гадаад хэргийн яамны дэргэд ажиллаж, 20 гаруй сарын хугацаанд бэлтгэл ажлыг хангаад байна.

Хоёр өдөр үргэлжлэх дээд хэмжээний уулзалтын хүрээнд нээлтийн болон салбар, хаалттай хуралдаанууд болох бөгөөд АСЕМ-ын 20 жилийн ой, урлаг соёлын тоглолт, хүндэтгэлийн хүлээн авалт, бэсрэг наадам зэрэг арга хэмжээ зохион байгуулагдах юм.

Өчигдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат эдгээр арга хэмжээ болох Шангри-Ла зочид буудал дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, Чингис хаан олон улсын нисэх буудал, Чингисийн хүрээ цогцолбор болон АСЕМ Вилла хотхоны бэлтгэл ажилтай танилцав.

Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний хороо болон ажлын хэсгийнхэн байлцаж, хариуцсан салбар бүрийнхээ ажлыг Ерөнхий сайдад танилцууллаа.

Уулзалт зохион байгуулагдах газруудын бэлтгэл ажил хангагдсан бөгөөд зарим газарт 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Тухайлбал, Шангри-Ла дахь уулзалтын танхим, Хэвлэлийн төв, АСЕМ Вилла, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *