Тулгар төрийн 2225, Их монгол
улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн
концерт маргааш Соёлын төв
өргөөнд 14:00, 18:00 цагуудад тоглогдох гэж байна. Тэгш гурван ой тохиож буй
энэ жилийн хүндэтгэлийн концертын ерөнхий продюсер, зөвлөх найруулагчаар
ҮДБЭЧ-ын дарга, найруулагч Г.Цоггэрэл, найруулагчаар ҮДБЭЧ-ын ерөнхий
найруулагч Д.Ганболднщ нар ажиллаж байгаа юм. Найруулагч Д.Ганболдоос энэ жилийн
хүндэтгэлийн концертын онцлогийг тодрууллаа.
–Тэгш гурван ой тохиож буй энэ
жилийн хүндэтгэлийн концертыг ямар уран бүтээлч нээх вэ?
-Төрийн дууллаар эхэлж, Улсын дуурь бүжгийн эрдмийн чуулгын 50 гаруй
эмэгтэй уртын дууч “Уяхан замбуу тивийн наран”-г дуулснаар концерт маань эхэлнэ.
Төгсгөлд нь залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Монголын салхи өөдөө”
бүтээлийг энэ удаагийн концертод оролцож байгаа 500 гаруй уран бүтээлч дуулж,
хөгжимдөж дуусгана.
–Энэ жилийн хүндэтгэлийн концерт урьд
жилүүдийнхээс юугаараа онцлог болж байгаа вэ?
-Монголын хөгжмийн урлагийн бүх театруудын шилдэг уран бүтээлүүдийг
тоглоно. Үүнээс гадна Ардын жүжигчин, Төрийн шагналт уран бүтээлчид оролцож
байна. Тухайлбал, Д.Жанцанноров, Б.Шарав гуай хоёр өөрсдийнхөө уран бүтээлийг
симфони найрал хөгжимтэй хамтарч, төгөлдөр хуураар тоглох юм. Тэгээд мэдээж
Г.Ариунбаатар, О.Амартүвшин, Ө.Уянга нарын шилдэг уран бүтээлчид бүгд ая дуугаа
өргөнө.
Б.НАРАНЧИМЭГ