Categories
мэдээ цаг-үе

Зүүн хязгаар дахь Буйр түшсэн буйдхан амьдрал

Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны нутаг одоогийн Дорнод аймгийн Халхгол сум шинэ мянганы тооллоор 320 гаруй жилийн нүүрийг үзээд буй. Халхгол Монголын зүүн хязгаар бөгөөд газар нутгийнхаа хэмжээгээр дээгүүрт бичигддэг том сум. Халхгол баруун талаараа Матад сумтай, хойд талаараа БНХАУ-ын Хөлөнбуйр, зүүн талаараа БНХАУ-ын Хянган, өмнөд талаараа БНХАУ-ын Шилийн гол аймгуудтай хиллэдэг. Сүүлийн үед сум руу ирэх шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн зэрэг ерөнхий мэдээллийг сумын дарга В.Мөнхтайван өглөө. Сум гурван багтай. Ташгай баг газрын өгөөжөөр амьдардаг бол Ялалт баг мал дагаж ам тосддог гэдгээрээ онцлогтой. Үлдсэн баг нь суурин бараадсан сумын төвд амьдарч буй иргэд. Сумын төвийнхөн ч яахав захиргаа, сургууль, эмнэлэг, цэцэрлэг гээд төрийн байгууллага бараадаад нэг нь ажилд орчихвол ар гэрээ аваад явчихдаг улс.

Монголын ардын арми, Оросын улаан армитай хамтран Квантуны армийг бут нэргэсэн 1939 оны байлдаанаас эхлээд энэ сум үзэж туулсан түүх арвинтай. Энэ мэтчилэн тоочоод байвал Халхгол сумын олон онцлог дуусашгүй. Халхгол сум орж үзээгүй ч хүн бүр л түүхийн хичээлээс зохих хэмжээний мэдээлэлтэй болчихсон байх. Цагтаа таван рублийн оймс өмсч тансаглаж явсан халхголынхон өдгөө нэг их бүтээн байгуулалт сумандаа хийгээгүй. Байгаа бүхнээ балгас болгоод дуусгаж газар тариалан, мал аж ахуй бараадан бас болоогүй тус нутаг дахь газрын тосны компанийг царайчилж амьдарч байгааг тал нутагт очсон хэн ч төвөггүйхэн анзаарна. Гэхдээ энд Халхгол сумын зовлон, жаргалыг тоочихоо хойш тавья. Харин Буйр нуурыг бараадан нутаглах буйдхан тосгоныхны амьдрал ихэд сонирхол татсан юм.

Эдгээр иргэдийн амьдралтай танилцахын өмнө гол амин зуулга нь болох Буйр нуурыг онцлох нь зүйтэй болов уу. Ялалт баг хамрах хүрээгээрээ сумандаа голлох байр суурьтай. Буйр нуур энэ багийн нутаг дэвсгэрт харьяалагдах бөгөөд Хятадтай хиллэдэг цорын ганц усан хил гэдгээрээ онцлогтой. Нуурын 10 гаруй хувь нь Хятадын эзэмшил гэсэн үг. Аймгийн төвөөс 340 км, Халхгол сумаас 65 км зайтай уг нуур Дорнын талд мэлтэлзэн, цэлэлзэх нь зэрэглээнд саатсан саран лугаа үзэсгэлэнтэй. Нуурын эрэг далайн наран шарлагыг санагдуулам алтан шаргал элсээр хүрээлэгдэх. Тус нууранд зургаан овгийн зургаан зүйл загас байдаг аж. Үүнээс 12 зүйлийн загасыг агнаж, хэрэглэж болох юм байна. Тиймээс л нуурыг захлан өнгөрсөн жилүүдэд иргэд загасчилж амьдралаа залгуулж иржээ.

Буйр нууранд XIX зууны үеэс л загасчилж байж. Улмаар 1954 онд Буйр нуурын зүүн урд эрэгт загас агнуурын улсын үйлдвэр бий болгож загасны аж ахуйг өргөжүүлж суурин бий болжээ. Тухайн үед нэг га талбайгаас 6.5 кг загас агнахаар тооцоолол гаргаж жилдээ 300 тн загас олборлох нөөцтэйг тусгасан байдаг. Өдгөө сууринд 20 гаруй айл амьдарч байна. Загасны үйлдвэр гээд сүйд болоод байх юм алга. Айл болгон хувьдаа жижиг модон завьтай. Завь нь тэдний хамгийн үнэт эд хөрөнгө аж. Хорь гаруй айлын ихэнх нь хөгшчүүл. Мөн тэдний үр хүүхдүүд өрх тусгаарлан эцэг, эхээ бараадан өв залгамжлан загасчилж хорвоогийн өдөр хоногийг өнгөрүүлэх. Энэ хэдэн айл сайн яривал саахалт хамаатан болчихно. Тосгоныхон өвлийн ганц хоёр сарыг эс тооцвол нуурын хөвөөнд тор тавин өнжинө. Тавьсан торон дахь загасаа хамж сум, аймаг бараадан борлуулна. Нутгийнхны ярьснаар бол загасаа тэр болгон зараад хэдэн төгрөг болгоод байдаггүй гэсэн. Зун, намартаа барьсан загасаа идэж, уугаад үлдсэнийг нь жуулчдад кг-ыг нь 5000-8000 төгрөгийн хооронд зардаг тухай иргэд ярьсан. Харин өвлийн улиралд тонн тонноор нь загас агнаж нөөцлөөд хаврын тарчгаар мөнгө болгодог байна. Нэг айл дунджаар 1.5 тонн загас нөөцөлдөг юм билээ.

Тосгоны айлуудын ихэнх нь байшинд амьдрах бөгөөд хажуудаа заавал нэг модон амбаар босгосон харагдсан. Мөн модон, эсвэл төмрөөр хийсэн завь уяастай. Зарим айлын модон амбаарыг нээж хэрэгт дурлахад сэврээсэн тарган хонины гулууз мах өлгөсөн харагдана. Өвөлдөө бол энэ амбаарт тонн тонноор нь загас хурааж хадгалдаг бололтой. Тосгоныхны хувьд эрдэнэсийн хайрцаг нь л гэсэн үг. Иргэдийн хувьд уугуул нутгийн иргэд ч биш юм билээ. Улсын бодлогоор байгуулсан загасны үйлдвэрт илгээлтээр Хэнтий, Сүхбаатар, Баян-Өлгий зэрэг олон аймгаас иргэд ирж ажилласан байдаг. Мэдээж үүн дунд Дорнод аймгийн сумдаас ирсэн иргэд ч бий. Тэр үед илгээлтээр ирж байсан иргэд үйлдвэр татан буугдахад ихэнх нь бууриа сахиж үлджээ. Тэдний хүүхдүүд өдгөө 50 нас гарч зарим нь өвөө, эмээ болсон байна. Үйлдвэр байгуулагдахад даргаар нь Төмөрбаатар гэх залуу ирж байжээ. Түүний хань Дарьсүрэн одоо ч хүүхдүүдтэйгээ нуурын эрэг бараадан загасчилж амьдарсаар байна.

Тосгоны зарим овсгоотой айлууд зөвхөн нуурын загас гэлтгүй мал маллаж, зарим нэг нь гахай, тахианы аж ахуй эрхэлнэ. Гахай малладаг хоёр, гурван айл байдаг юм байна. Харин айлуудын 50 хүрэхгүй хувь нь мал маллана. Тосгоноос магнайд нутаглах Даваажавынх хэдэн малтай. Жуулчдад зориулсан таван ханатай ганц гэртэй. Хаяаг нь шуугаад ор, ойр зуурын ганц нэг юм тавиад аяны хүн амарч тухлахад бэлэн болгочихож. Өөрсдөө харин хоол ундаа хажууханд нь байрлах амбаартаа хийдэг бололтой. Байгаль эх зуны улирлын ногоон ширдгээ дэвсч, таван ханатай гэрийн хаяагаар жаргаж буй нарны алтан цацраг тусч, монгол ахуй цаанаа л нэг амар амгалан. Аргалын утаа суунаглан, тугалын зэлнээс саалийн хувингаа барьсаар ирж яваа гэрийн эзэгтэй юутай хээнцэр. Ийм л ахуй амьдралыг харах гэж хаа холоос жуулчдын хөл тасрахгүй. Гэхдээ энэ бол Буйр нуурыг зорьсон гадаад, дотоодын жуулчдын хоёр дахь зорилго болно. Хил хязгаар нь үл үзэгдэх тэнгэрийн хаяанд мэлтэлзэх нуурын үзэсгэлэнтэй эн зэрэгцүүлэн зүйрлэх гайхамшиг юу сан билээ. Хотын түгжрэлээс залхсан хотынхны хувьд диваажин л гэсэн үг, тосгон. Нутгийнхан хотоос буусан хүнээс замын сонин, хотын соёлыг шалгаахдаа гарамгай яриа хөөртэй улс. Арга ч үгүй биз, жуулчид хүлээж аваад сурчихсан хүмүүс нүүр хагарсан байхаас ч яахав. Зундаа бол хот, сум бараадсан хүүхдийнхээ ач, зээг хараад хөгшчүүл нь уйдах завгүй. Гэхдээ нуур бараадан аж төрөх иргэдийг зөвхөн тосгоноор төсөөлж болохгүй. Нуурын зэргэлдээ саахалт айлууд их нутаглана. Гаднаа тэмээн жингийн цувааг санагдуулам нүүдэлд зориулсан амбаартай үхэр тэрэг, орчин үеийн малчны хөл дүүжлэх унаа мотоцикль, портертой малчин айл хагас км яваад л үзэгдэнэ. Буйр нуурыг тойроод есөн жижиг нуур байна. Адуу, үхэр зэрэг бод мал түлхүү. Тосгоныхныг бодвол арай өөр амьдралын хэмнэлтэй. Зундаа нуур бараадан зусаад өвөлдөө Ялалт баг бараадан өвөлждөг тийм л айлууд.

Харин тосгоныхны хувьд хэдэн жилийн турш суурин амьдарч, загасны агнуургүйгээр тэдний амьдралыг төсөөлөхийн ч аргагүй. Буйр нуур дагасан буйдхан энэ тосгонд чухам ямаршуухан амьдрал өрнөж буйг хэн ч мэдэхгүй. Хэн ч тоохгүй. Саяхан болсон эмгэнэлт хэргийн мөрөөр л тосгоныхны амьдралыг зах зухаас нь хүмүүс гадарлах болсон.

Учир нь энд засаг захиргаа гэж байхгүй. Хорин км зайтай Ялалт баг эргэж тойрч хамаатуулна. Тосгонд 30 гаруй жил аж төрж буй нэгэн эмэгтэй “Биднийг дурандаа нуур дагаж амьдардаг гэдэг. Тиймээс ямар ч асуудал үүссэн та нарын хохь гэсэн байдалтай ханддаг” гэсэн бол өөр нэг залуу “Би эцгийнхээ голомтыг орхилгүй энэ тосгонд үлдсэн. Хориодхон айлыг сум анхааралдаа аваад амьдрал ахуйг нь дээшлүүлэх олон гарц бий. Бидэнд адаглаад аялал жуулчлал хөгжүүлэх орчин нөхцөл байна” хэмээн санал бодлоо хуваалцсан. Эзгүй талд эзэнгүй мал шиг амьдарч байна гэх нэгэн ч байна. Угтаа хараа хяналтгүй. Хэн юу хүснэ, түүнийгээ хийдэг учраас саяхны эмгэнэлт осол болж энэ суурингийн дөрвөн хүн амиа алдсаныг үгүйсгэхгүй. Зарим хүмүүсийн ярьж буйгаар тосгоныхон хэзээ ч дүрэм, журамд баригддаггүй. Монгол Улсын иргэн хууль дүрмээ дагаж мөрдөх ёстой ч буйдхан энэ тосгонд албан гэсэн ойлголт байхгүй. Тиймээс загас түрсээ шахах үеэр хориотой ан хийж нуурын мандалд гарч амиа алдсан хэмээн буруушаах нэгэн ч байна. Энэ нь манайхны хайхрамжгүй, хэнэггүй зантай ч холбоотой гэх. Тосгоныхон хэдэн тонноор нь загас агнадаг боловч тийм хялбар зарчихдаггүй. Хэдхэн км зайд орших хилийн боомтоор орж ирж хятадуудад өгөх сонирхолтой боловч өнөө хэд нь хувь хүмүүсийн гар дээрээс загас авахдаа үнэгүйдүүлж оддог гэх.

Харин компанийн нэр барьж нутгийнхны загасыг аваад хятадуудад нийлүүлдэг нөхөд ч бий. Хөвсгөл, сэлэнгийнхэн загасаа голчлон утаж болгоод худалддаг бол эндхийнхэн шилэн саванд нөөшилж зардгаараа алдартай. Өөрсдөө нуур дагасан аялал, жуулчлалын бааз байгуулъя гэхээр орон нутгаас зөвшөөрдөггүй гэнэ. Хэрвээ явуулын хүн, хятадууд авахгүй бол урагшаа хэдэн км-ийн зайд байх газрын тосны “Дачин Тамсаг” компанийн хүнсэнд нийлүүлдэг байна. Нэг айл тав, арван км-ээс хэтрэхгүй л дээ. Иймэрхүү замаар агнасан загасаа хэдэн төгрөг болгож гурил будаагаа авна. Үлдсэнийг нь цааш хийж үр хүүхдээ их, дээд сургуульд сургана. Ер нь бол хилийн боомт ойрхон болоод ч тэр үү, хятадуудаас хараат болчихсон гэдгийг зөвхөн тосгоныхон гэлтгүй сумын иргэд ярьсан.

Хорь хүрэхгүй км-ын цаана Өмнөд Монголын Амгаланбаатар хотын боомттой манай улс хиллэх Баянхошуу боомт байдаг аж. Яг л Эрээнийг монголчууд хөл дээр нь босгосон шиг тус Амгаланбаатар хотыг ч хөгжин цэцэгжүүлж байгаа бололтой. Хил ойрхон болохоор тэр биз баг, сум гэлтгүй аятайхан байшинтай. Манайхан барилгын материалаас нь эхлээд салатаа хүртэл тэндээс татаж байна. Тэгсэн хэрнээ хаяанд нь байх Баянхошууны боомт таван хэсэг навсгар байшиндаа гааль, татварынхан нь талцаад орчихсон худалч хүнд нүүрээ буруулаад суучихсан жишээтэй.

Бас нэг зүйл байна. Халхгол сумынхаа ардуур баруун тийш хөндлөн гулд урсаж боомтыг хоймроор дайрч, Буйрт цутгадаг. Буйрын гол тэжээл нь Халхгол. Харин Буйр нуур гадагш цутгадаг. Байгалийн тогтцыг одоо яалтай билээ. Гэвч боомтын араар урсах голын урсгалын дундуур усан хилийг тогтоосон. Гэтэл Хятадын тал голынхоо цаад эргийг цементэлчихсэн байна. Нутгийн иргэд, хилийн учир мэдэх хүмүүс энэ тухай хэлсэн шүү. Гол жил ирэх тусам л цаашаа бус наашаа тэлж урсах болж. Ингэхээр хилийн зурвас яаж таарах бол. Буйр нуур ч мөн адил ийм байдалтай аажмаар нутгийнхаа зүг тэмүүлж байгаа гэсэн. Үүнд анхаарах л хэрэгтэй болов уу. Буйдхан орших энэ хязгаар нутаг зөвхөн сум ч биш улсын чухал бүс юм шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *