Categories
мэдээ соёл-урлаг

Ерөнхийлөгч “Монгол уран дархан” үзэсгэлэнгийн нээлтэд оролцов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол уран дархан” үзэсгэлэн өчигдөр Уран зургийн галерейд нээлтээ хийв. Монгол уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт үзэсгэлэнг нээсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монголчууд үнэхээр гайхалтай өв соёлтой ард түмэн. Их түүхийг бүтээсэн ард түмэн л ийм сайхан өв соёлтой байдаг. Их өв соёл нь эргээд агуу түүхийг бүтээхэд тусалдаг. Би хувьдаа урлаг, уран дархчуудын бүтээлийг сонирхон биширдэг.

Монголчуудын өвөг дээдэс ямар агуу байсан юм. Хүннүгийн үеийн олдворуудыг харахад үнэхээр гайхалтай байдаг. Энэ эртний гайхамшигтай олдвороос харахад тухайн үед хүн төрөлхтөн хөгжлийнхөө дээд түвшинд хүрсэн байсан мэт санагддаг.

Монголын өвөг дээдэс уран дархны чиглэлээр асар өндөр түвшинд хүрсэн. Уран дархчууд их хаадын үед ч байсан. Уран бүтээлээрээ шалгарч, ард олноо гайхуулсан хүмүүс олон байсан. Өндөр гэгээн Занабазарын өмнө ч агуу дархчууд байсан. Чингис хаан, бүр Хүннүгийн үед ч дархчууд байсан, учир нь дархны урлаг бол өвөг дээдсээс уламжлагддаг. Сайн дархны сайн шавь энэ ур чадварыг уламжлан авдаг. Иймээс уран дархны чадвар хэдэн зуун дамжин, хэдэн үеэр уламжлагдан ирдэг.

Өндөр гэгээн Занабазарын бүтээлийг яг адилхан дуурайгаад хийчих хүн Монголд битгий хэл дэлхийд байхгүй. Тэгэхээр эдгээр уран бүтээлүүдэд Монголын ард түмний охь шингэсэн гэж хэлж болно. Бидний энэ сайхан соёл бидний цусанд байдаг учраас, бид энэ соёлоо уламжлан үлдээдэг учраас монголчууд агуу юм. Аливаа ард түмнийг хүн амын тоогоор нь биш бүтээсэн соёлоор нь дүгнэдэг. Соёлын хувьд хөгжилтэй хөгжилгүй улс орон гэж ялгаддаггүй.

Тэгэхээр өв соёлын хувьд Монгол Улс дэлхийд тэргүүлэх эгнээнд явах боломжтой улс юм. Монголын төрийн тэргүүний хувьд энэ өв соёлыг дэмжих нь чухал. Монголын гайхамшигтай өв соёлын нэг бол бидний босоо бичиг. Монгол бичгийн үзэсгэлэнг бид жил бүр зохион байгуулдаг. Энэ өв соёлыг бид уламжлан үлдээх ёстой. Бид бичиг соёл, гайхамшигтай өвөөрөө дэлхийд ялгарна. Мөн дээрээс нь бид уран дархны соёлоороо ялгарна.

Уран дархны ийм үзэсгэлэн 12 жилийн өмнө зохиогдсон гэж дууллаа. Энэ үзэсгэлэнгийн давтамжийг ихэсгэх нь зүйтэй. Энэ үзэсгэлэнгийн онцлог бол үзмэр нь асар их үнэтэй, асар их хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн байдаг. Энэ зүйлийг бүтээхэд их хэмжээний хөрөнгө шаардагддаг.

Уран дархны энэ үзэсгэлэнг гурван жил тутамд нэг удаа зохион байгуулах тухай зарлиг гаргая гэж бид хэлэлцэж тогтлоо. Тэгээд энэ үзэсгэлэнд аймаг, нийслэлийн уран дархчуудаа хамруулж, шилдэг бүтээлийг нь үнэлдэг байя.

Удахгүй АСЕМ-ын чуулган болох гэж байна. Эзэн Чингисийн үед Ази, Европыг Монголд уулзуулж байсан юм гэнэ билээ хэмээн бид ярилцдаг. Энэ уламжлалыг бид сэргээж байгаад өвөг дээдэс маань биднээр бахархах байсан биз. Энэ чуулганаар бид дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцээд өнгөрөх биш монголчууд бид өөрсдийн энэ гайхалтай өв соёл, уламжлалаа сурталчлан таниулах боломжтой. Тэгэхээр энэ үзэсгэлэнд танилцуулсан эд зүйлийг чуулганы үеэр үзүүлэх боломжтой. Түүнчлэн чуулганд оролцох сайд дарга нарыг дагалдаад дэлхийн олон орны хэвлэл мэдээллийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ. Ингэснээр Монголын энэ гайхамшигт өв соёл дэлхий нийтийн зурагт, хэвлэлээр цацагдана гэсэн үг юм. Тэгэхээр бид АСЕМ-ын чуулганаар дамжуулан үндэсний өв соёлоо дэлхийд гайхуулах боломжтой байна.

Дэлхийн улс орнуудтай туршлагаа хуваалцах, өөрсдийгөө таниулахын тулд бид хичээх ёстой. Тэгэхээр дэлхий нийтээрээ Монголын уран дархны өв соёл, бүтээлийг сонирхоод ирэхээр бид улам бүр хөгжинө.

Тэгээд өнөөдөр энд хуран цугларсан бурхан ухаантай уран дархчууддаа баярлалаа, та бүхнийг дэмжих болно, энэ сайхан уламжлалаа бид үр хойчдоо үлдээнэ. Баяр хүргэе” хэмээв.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит өргөмжлөлийг шилдэг уран дархчуудад гардуулж, уран дархчуудын дөш тахих ёслолд оролцов. Дараа нь Ерөнхийлөгч Монгол уран дархан үзэсгэлэнг үзэж сонирхов. Уг үзэсгэлэн нь энэ долдугаар сарын 2-8-ны хооронд болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *