Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын батламжийг тараана

Их дээд сургуулийн 2016-2017 оны элсэлтийн ерөнхий шалгалт болж өчигдөр дүнг нь танилцуулсан. Энэ жил 37 мянган хүүхэд шалгалт өгсөн ба шалгалтынхаа хариуг EEC.MN цахим хуудсаар дамжуулан авч байгаа юм. Харин өнөөдрөөс эхлэн батламж тараах ажил эхэлж, оюутнууд их дээд сургуулиуддаа бүртгүүлж байна.

-МУИС-ИЙН БОСГО ОНОО 400-ГААС ЭХЭЛНЭ-

МУИС-ийн бүртгэл зургадугаар сарын 30-ны өдөр дуусах байсныг долдугаар сарын 2-ны өдрийн 18.00 цаг болгож хойшлуулсан байна. Бүртгэлийг мөн http://burtgel.num.edu.mn гэсэн цахим хаягаар явуулна. Тус сургууль нь 2016-2017 оны хичээлийн жилд

-Шинжлэх ухааны сургууль

-Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

-Бизнесийн сургууль

-Хууль зүйн сургууль

-Олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургууль

-Завхан сургууль

-Орхон сургууль гэсэн долоон бүрэлдэхүүн сургуульдаа элсэлт авч байна.

-АШУҮИС 1667 оюутан элсүүлнэ-

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн босго оноо өнгөрсөн жил 560-аас дээш байхаар зааж байсан. Тэгвэл энэ жил хэмжээст оноо хөтөлбөр тус бүрд 400 байхаар заажээ. Элсэгчдээ мөн цахимаар бүртгэж байна. АШУҮИС нийт 17 мэргэжлээр 1667 оюутан элсүүлэх юм байна.

-ШУТИС-ИЙН БҮРТГЭЛ ДОЛДУГААР САРЫН 5 хүртэл үргэлжилнэ-

ШУТИС-ийн бүртгэл зургадугаар сарын27-ноос долдугаар сарын 5-ны өдөр хүртэл цахимаар үргэлжилж байна. Энэ сургуулийн 2016-2017 оны хичээлийн жилд элсэн суралцах оюутнууд цахим хаягаар дамжуулан бүх бүлэгт зэрэг бүртгүүлэх боломжтой тул дараалал үүсгэж зогсох шаардлагагүй болжээ. ШУТИС-д бүртгүүлэхийн тулд 2014, 2015, 2016 оны аль нэг батламжийн дугаар, регистерийн дугаарыг заавал оруулна. Элсэлтийн талаарх мэдээллийг www.elselt.edu.mn, www.must.edu.mn хаягаар нэвтрэн орж авах боломжтой.

-БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН БОСГО ОНОО 500-ААС ДООШГҮЙ БАЙНА-

Батлан хамгаалахын их сургуулийн элсэлтийн бүртгэл долдугаар сарын 3-ны 15:00 цагт өндөрлөх юм байна. БХИС-ийн бакалаврын хөтөлбөр нь иргэний болон цэрэг, батлан хамгаалахын гэсэн үндсэн хоёр чиглэлээр оюутан элсүүлнэ. Бакалаврын хөтөлбөрт бүртгүүлэгч ЭЕШ-д 500-аас доошгүй, мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт бүртгүүлэгч нь 480-аас доошгүй хэмжээст оноо авсан байх шаардлагатай гэжээ.

-СУИС-Д ЭЛСЭГЧИД УЛААНБААТАРТ ИРЖ УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТАА ӨГНӨ-

Монгол улсын Соёл урлагийн их сургууль бакалаврын сургалтын 25 хөтөлбөрт элсэлт авах бөгөөд тэдгээрийн 19 хөтөлбөрт элсэхэд ур чадвар зайлшгүй шаардлагатай байдаг. Эдгээр хөтөлбөрт элсэхийн хүсэгчид ЭЕШ-ын аль нэг хичээлээр 400, түүнээс дээш оноо авсан бол ур чадварын шалгалтанд онлайнаар бүртгүүлж, шалгалт өгөх боломжтой юм. Ур чадварын шалгалтыг зөвхөн Улаанбаатар хотод авдаг тул хөдөө, орон нутгаас элсэхийг хүсэгчид бүртгэлийн хугацаанд онлайнаар бүртгүүлээд, ур чадварын шалгалтын өдөр Улаанбаатар хотод ирээд шалгалтаа өгөх юм.

-ХААИС-ИЙН БОСГО ОНОО 400-ГААС 500-ГИЙН ХООРОНД БАЙНА-

Хөдөө аж ахуйн их сургуулийн босго оноо 400-500 хооронд байна. Харин Бизнес удирдлага эдийн засгийн чиглэлийн хөтөлбөрийн босго оноо 600. Бүртгэлийг elselt.muls.edu.mn хаягаар болон ХААИС-ын төв хичээлийн байранд хийж байна. Энэ жил нийт 25 чиглэлээр оюутан элсүүлнэ гэсэн мэдээ байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *