Categories
гадаад мэдээ

Европын Холбоо BREXIT-ийн асуудлаар хуралдлаа

Их Британи улс ЕХ-ноос гарах сонголтыг хийгээд байгаа бөгөөд энэ асуудлаар мягмар гаригт Бельгийн нийслэл Брюссель хотноо Европын Холбоо хуралдлаа. Өчигдөр явагдаж өндөрлөсөн эхний өдрийн хуралдааны үеэр ЕХ-ны Комиссын дарга Жан Клод Юнкер хэлэхдээ Их Британи улс ЕХ-ноос гарах өргөдөл, ноот бичгээ албан ёсоор өгтөл статусаа тодорхой болгохыг хүсч байгаагаа илэрхийлсэн бөгөөд тус улс ЕХ-ноос гарах асуудал бүрэн гүйцэд дуусах хүртэл уг асуудалтай холбоотойгоор Их Британи болон ЕХ-ны бусад гишүүн орнуудын хооронд ямар нэгэн албан ёсны тохиролцоо болон нууц уулзалт, яриа хэлэлцээр явуулахыг хориглож байгааг мэдэгдсэн байна. Их Британи улс энэ оны 10 сар хүртэл албан ёсоор ЕХ-г орхихгүй гэдгээ албан бусаар илэрхийлсэн юм. Жан Клод Юнкер мөн Их Британи улс ЕХ-ны над нөхөр хэвээр байгаа хэдий ч хөрөнгийн зах зээл дээр валютын хэлбэлзэл үүсч эхлээд байгаа өнөөгийн нөхцөл дэх байр сууриа тодорхой болгохыг шаардсан байна. Эцэст нь тэрээр нэгдмэл нэг Европын төлөө эцсийн амьсгалаа дуустал тэмцэх болно хэмээн хатуухан хэлсэн байна.

Мягмар гаригийн хуралдаан дээр Их Британий Ерөнхий сайд Дэвид Кэмерон өнгөрсөн долоо хоногийн бүх нийтийн санал асуулгын дүнг танилцуулсан бөгөөд тэрээр ЕХ-ны гишүүн орнууд нь Их Британи улсын хөрш, түнш, анд болон эвсэгч орнууд юм гээд ЕХ-ны хуралдаан үр дүнтэй явагдана гэдэгт итгэж найдаж байна гэсэн байна. Тэрээр Их Британи улс ЕХ-ноос гарахаар болж байгаа нь британичууд Европыг орхиж, ар нуруугаа харуулж байна гэсэн үг биш юм гээд бүх нийтийн санал асуулгын дүнг дэлхий нийтээр хүндэтгэн хүлээн авч байгаад талархсан байна. Дэвид Кэмероны хувьд өнгөрсөн долоо хоногт болсон бүх нийтийн санал асуулгын дараа албан тушаалаасаа огцорч байгаагаа мэдэгдсэн бөгөөд түүний дараа Ерөнхий сайдын албанд томилогдох эрхэм Их Британи улсын ЕХ-ноос гарах үйл явцыг гардан явуулах болно хэмээн хэлсэн юм.

ЕХ-ноос гарах шийдвэрийг гаргасан Их Британий бүх нийтийн санал асуулгын дүнгийн асуудлаар хуралдсан ЕХ-ны эхний өдрийн хуралдааны төгсгөлд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель үг хэллээ. Тэрээр тус улсын ард түмний энэхүү сонголтыг буцаах ямар ч боломжгүй гэсэн дүр зургийг л харж байна хэмээн хэлсэн байна. Мөн тэрээр мягмар гаригт Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд болсон халдлагад харамсал илэрхийлсэн байна.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд хуралдаан дээр Их Британи улсыг хатуу шүүмжилсэн маягтай үг хэлсэн байна. Тэрээр Их Британи улсад сүүлийн жилд орж ирсэн гадаад улс орны иргэдийг гаргах үүднээс ЕХ-ноос гарах бүх нийтийн санал асуулгыг явуулсан гээд гадны иргэдийг хөөж гаргаад, Европын нэг зах зээл дэх бизнесийн хуучин боломж, бололцоогоо ашиглана гэж бодож байгаа бол эндүүрэл хэмээн өөрийн байр сууриа ширүүхэн илэрхийлсэн байна. Мөн тэрээр Истанбул хотод гарсан халдлагад гүнээ харамсаж байгаагаа давхар илэрхийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *