Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманныг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Элчин сайд Герхард Тийдеманнд хандан Герман нь Монголын хувьд Европ дахь ойрын хамтрагч, дотны анд байсаар ирсэн бөгөөд хоёр орны харилцаа зогсолтгүй эрчимжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Энэ харилцааг улам батжуулахад Элчин сайд Герхард Тийдеманны оруулсан хувь нэмрийг онцлон, талархал илэрхийлэв.
Тэрбээр цааш нь хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Хархоринд хоёр орны хамтарсан археологийн судалгаа амжилттай хийсэнд талархав. Монгол Улс ардчиллын замыг сонгоход хамгийн идэвхтэй дэмжиж байсан орны нэг бол Герман Улс юм. Германд боловсрол эзэмшсэн монголчууд олон байдаг бөгөөд тэдгээр хүмүүс бол хоёр орны харилцааг холбох гүүр болж байдгийг онцлов. Үүний дагуу Монголын оюутнуудад олгох Германы Засгийн газрын тэтгэлгийг нэмэгдүүлж, оюутан солилцоог дэмжих нь чухал гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.
Элчин сайд Герхард Тийдеманн Монголд ажилласан хугацаандаа хоёр орны найрсаг харилцааг сайжруулахын төлөө чармайн ажиллахын зэрэгцээ үнэтэй сайхан дурсамж өвөртлөн эх орондоо буцаж байгаагаа дурдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын төгсгөлд Элчин сайд Герхард Тийдеманны цаашдын ажил үйлсэд амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.