Categories
мэдээ цаг-үе

Г.Хонгорзул: Уртын дууг ухааны цараар урлаж дуулдаг юм

Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Хонгорзултай ярилцлаа.

-Та хүүхэд байхдаа дуулж байгаагүй. Уртын дууны тухай ойлголтгүй шахуу байхдаа Ханхэнтий чуулгад дуучнаар орсон байдаг. Дуучин болж байсан түүхээсээ дурсаач?

-Тийм ээ, би бусдын адил багаасаа дуулсан, урлагт дурласан хүүхэд байгаагүй. Эгэл жирийн хөдөөгийн айлын хүүхэд. Сургуульдаа явахдаа аав, ээж дээрээ оччихоод, амралтаараа хөдөө эмээ, өвөө дээрээ зусдаг. Өвөө маань морь уядаг уяач хүн байсан. Би хурга тугал хариулж, хурдны морь унаж байгаад хожим дунд сургуулиа төгсөөд, өвөөгөө дагаад малчин болсон түүхтэй. Мал маллаж байгаад 20 настайдаа Ханхэнтий чуулгад дуучнаар орсон юм. Тухайн үед уртын дуу гэдгийг хаяа нэг цагаан сараар радиогоор сонсдог байлаа. Санаандгүй тохиолдлоор манай нутгийнхан хонины бэлчээрт миний дуулж байгааг сонсоод Ганболдын энэ охин дуулах маягтай юм байна. Үүнийг дуучин болгоно гэж ярьцгаасан байдаг. Харин ээж минь охиноо урлагийн хүн болгохгүй гээд дурамжхан, би ч нэг их дуртай биш янзтай байв. Ингэж байгаад нутгийн олны шахалт шаардлагаар аймгийнхаа Ханхэнтий чуулгад шалгуулаад уртын дуучнаар орсон. Миний анхны багш Монгол Улсын гавьяат жүжигчин Нансалмаа багш маань надад анх уртын дуу заасан. Би ардын жүжигчин Шархүү гэж хүний шавь шүү дээ. Ингээд сайн багш сайхан хамт олны буянаар уртын дуучин болох гараа минь эхэлсэн. Намайг ороход Авирмэд гэж дарга байсан. Энэ хүн олон сайхан хүнийг дуучин болгож төрүүлсэн түүхтэй юм.

-Анх дуу сурч байхад чадахгүй, шантармаар үе байв уу. Та юунаас хамгийн их итгэл урам зориг авч, юунд шантарч байв?

-Эхлээд ч халширмаар, шантармаар үе олон байсан. Би багшийнхаа анхны шавь болохоор багш минь маш их хичээж надад шаргуу заасан, их зүтгэсэн. Одоо больё гэж бодогдох өдөр ч олон байлаа. Гэхдээ миний төлөө багш минь ингэж цаг зав гаргаж чармайж байхад би хичээх хэрэгтэй гэж бодно. Анхандаа би миний төлөө гэсэн багшийнхаа хүч хөдөлмөрийг хайрлаад хичээж байлаа. Ганц миний төлөө зүтгээд байгаадаа ч биш, Ханхэнтий чуулгад хэрэгтэй дуучин төрүүлчихье гэсэндээ биш, Монголдоо хэрэгтэй удам залгасан дуучин төрүүлэх гэж зүтгэж байгаа нь тэр шүү дээ. Мөн чи чадна гэж их урам хайрладаг байлаа. Нутгийн түмэн олон ч танай удамд сайн дуучин байсан, чи уртын дуучин болох ёстой гэцгээж байсан.

-Уртын дууны тансаг аялгуу газар тэнгэрийг хүртэл холбодог гэж ярьдаг, хорвоо дэлхий амьтай бүхнийг аргаддаг гэдэг. Уртын дууны гайхамшгийг та анх хэзээ мэдэрч байв?

-Уртын дууны аялгууны гайхамшгийг гадаадынхан их сэргэг, эд эсээрээ хүлээж авдаг. Мөн уртын дууг ойлгох сонсож, мэдрэхэд насны мөчлөг их нөлөөлдөг юм уу гэж би ойлгодог юм. Оюуны цар хүрээ нь задарсан хүн гээд л ярьдаг ш дээ. Юм үзэж нүд тайлаад аливаа зүйлийн хар цагааныг ялгаад ирэхээр уртын дуунд хүний амьдрал байдаг юм байна гэдгийг ойлгоно. Хүний эрдэнэт биеийг авч төрөөд энэ хүртэл хэчнээн их амьдралын сайхан муухай даваа гүвээтэй тулгардаг билээ. Тэр бүхэн уртын дууны аялгуунд шингээстэй явдаг. Уртын дууг мэдэрч дуулдаг. Бусдад мэдрүүлнэ гэдэг бол амар зүйл биш л дээ. Үг, аялгуу хоёрыг нийлүүлээд болчихдоггүй юм. Тэгэхээр би өөрөө уртын дуугаа мэдэрч энэ дуугаар юу өгүүлж, хэнд ямар сэтгэгдэл төрүүлэх гээд байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй гэж боддог. Хүний энергид тэгж их нөлөөлж хүний цус тийм эрчимтэй эргэлдэж байгаагийн дохио. Хүний сэтгэл зүрх эд эсэд нь хүрч тэр хүнд дууны сайхан, хүний амьдралын сайхныг хүргэж байгаа ухаан бол уртын дуу дуулах юм. Дууг амьдруулж өөрийнхөө бие сэтгэлээс нөгөө хүний бие сэтгэлд хүргэж чадна гэдэг маань хэн хүний зоргоор хийчих ажил биш л дээ.

-Уртын дууны үүх түүхийн тухайд?

-Хорвоо ертөнц байгаль дэлхийг уярааж байдаг ахуйн шаардлагаар үүссэн дуу. Хүн үүссэн цагаас уртын дуу үүссэн гэж үздэг. Орчин үеийн зохиолын болон эстрадын дуутай дүйцүүлэх эд биш шүү дээ. Ахуй амьдралын шаардлагаар үүссэн, асар урт хугацааг даван туулж оршин тогтнож байгаа гайхамшигт аялгуу.

-Нийгэм, цаг үеийн байдлаас болоод олон түмний сонсох, дуулах дуу өөрчлөгдөж байдаг. Зарим нь хэсэг хугацаанд мартагдах зэрэг мөчлөг байдаг юм шиг санагддаг. Уртын дууны хувьд?

-Хувьсгалаас өмнөх жилүүдэд уртын дууг найман настай балчраас наян настай буурал хүртэл дуулж байсан. Хүн болгон уртын дууг сурч хүмүүжиж, айл хотол орон даяараа дуулдаг байсан юм. Уртын дуучин, бөх хоёр айл гэрт орж ирэхэд айлын босго хүртэл хотойж угтаж авдаг гэх яриа эрт дээр үеэс гарсан. Нэг айлд ороод дуулаагүй гарсан ч тэр айлын жаврыг үргээж байдаг. Тэгээд тухайн дуучныг ирэхэд хот хороогоо цэвэрлээд л уртын дуугаа дуулж гэр орноо ариусгаж, найр хийж сэтгэлийн баясал эдэлцгээж байсан түүхтэй. Тэр үеийн дэг жаягаар жирийн дууг хүүхдүүд нь дуулдаг айзамт аялгуут дуугаа томчууд нь дуулдаг байжээ. Түүнээс хойш уртын дууны ардын урлагийн түүхэн хувь заяанд нэлээд өөрчлөлт орсон байдаг юм. Асар их түүхийг даван туулж ирсэн хөгжил нь өөдөлж дэвжиж явсаар өнөөдөр дэлхийд уртын дуу хүлээн зөвшөөрөгдсөн байна. Намайг хүүхэд байхад уртын дууг мэддэг хүн ховор байсан бол одоо өөр болсон. Залуус үндэсний өв соёл, түүхээ ойлгодог болжээ.

-Ардын урлагийн бүтээлд орчин цагийн өнгө аяс оруулах байдал нэлээд гардаг болжээ. Үүнийг та зөв гэх үү?

-Орчин цагт уртын дууг янз бүрийн загварт оруулаад байна. Уртын дууг өөрчилж бол хэзээ ч чадахгүй. Зүгээр тэр хөгжим гэх мэт зүйлсээ өөрчилж янз бүрийн урсгал, монгол поп ч гэнэ үү янз бүрээр яриад байгаа юм. Тэр бүхэнд уртын дуу орж байгаа. Уртын дуу хэзээ ч өөрчлөгдөхгүй. Өөрийнхөөрөө л дуулагдана. Янз бүрийн урсгал янз бүрийн жанрууд орж ирж байна. Ил задгай хувцас өмсөж дуулах нэг нь ч байна. Ингэвэл үндэсний гэдэг утгаа алдах магадлалтай. Юмыг язгуураар нь хадгалах хэцүү, устгах шиг амархан юм байхгүй. Тэгэхдээ шүүмжлээд байх эрх надад байхгүй. Хүн юу дуулахыг хүсэж байна түүнийгээ л дуулна. Тэр дуугаа ямар хувцастай дуулахыг хүсч байна тэрийгээ л өмсөнө. Миний хувьд бол уртын дууг язгуураар нь л дуулдаг, янз бүрийн этник хэлбэр оруулж чадахгүй. Уртын дуунд хөх, гуяа гаргаад дуулаад байхаар зохимжтой харагдахгүй. Эсрэгээр нь харвал ингэж хувцаслаад өөрийгөө доромжилж байгаа хэрэг. Бүтээл нь өөрийнх нь оюун ухаанаас нь даваад явчихсан байна гэсэн үг болно.

-Урлаг уг нь нийгмээ хөтөлж явах ёстой гэдэг. Сүүлийн үед нийгэмдээ тохируулж хөтлөгдөж, уран бүтэл хийж байгаа харагддаг. Урлагийн хөгжлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Аль ч улс оронд урлаг, спорт хоёр нийгмийн толь гэж ярьдаг. Манай улсад спортоо илүү харж үзээд урлагаа харж үзэхгүй болчихлоо. Манай ардын дуу, хөөмий, морин хуур зэрэг нь дэлхийн бусад улс оронд байхгүй. Тиймээс эх орныхоо брэнд болгож бодлогоор хөгжүүлэх ёстой. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй байдалтай байна. Дэлхийд бүртгэгдсэн олон өв бий. Ирээдүйд залуу үе маань үндэсний урлагаа хөгжүүлж өндөр түвшинд авч явах байх гэж хардаг. Ингэхийн тулд хүүхдийг цэцэрлэг, бага ангиас нь эхлэн сургаж, ардын урлагаа өвлүүлэх ёстой юм. Монгол гэдэг нэрийг өөрийнх нь өвөрмөц бүтээлтэй хамт хөгжүүлэх учиртай. Эх орон минь ардын урлагтайгаа хамт хүлээн зөвшөөрөгдөж хөгжих хэрэгтэй байна.

-Уртын дуугаа дэлхийн өндөр хөгжилтэй улсын олон театрт дуулж явсан. Гадаадынхан Монгол гэхээр яаж хүлээж авч байна. Уртын дуугаа дуулаад тайзнаас буухад ямар зүйлийг хэлдэг вэ?

-Монгол гэхээр арьс нөмөрсөн, түүхий мах зулгаасан дээр үеийн байдлаасаа салаагүйгээр төсөөлсөн хэвээрээ байгаад байна.Тэр бол нүүдэлчдийн язгуур амьдрал. Гэхдээ хөгжсөн гэдгээ харуулмаар байна. Эхлээд ядуу орны хүн гэдгээр дээрэнгүй хандах тохиолдол байна. Уртын дуу сонсоод харин тэд их уярдаг. Сансар огторгуйгаас тасарлаа, амьдралдаа үзэж хараагүй газраар аялаад ирлээ гэнэ. Уртын дуугаа дуулчихаад тэднээс ингээд амыг нь асуугаад сууж байх сайхан. Уртын дуу маань дэлхийн сонгодог болтлоо хөгжлөө. Эх орон минь үүнийгээ дагаад яг л уртын дуу шигээ хөгжих ёстой юм. Яг л энэ дуу шиг эх оронд би амьдардаг гэж гадаадынханд хэлдэг. Гэхдээ уртын дууны гайхамшгийг Монгол гэж өмчирхөөд байх шаардлагагүй. Энэ хорвоо ертөнцийн хүний амьдралыг өгүүлж байгаа дуу юм.

-Уртын дуу дуулж, сонсож буй хүн, амьтан, байгаль дэлхийд яаж нөлөөлдөг вэ?

-Хангай дэлхий, мал амьтан гээд уртын дууны аялгуунд баясахгүй зүйл гэж байхгүй. Адууны хажууд дуулахад нүдээ аниад сонсдог, тэмээ хүртэл нулимсаа бөмбөрүүлээд сонсдог юм ш дээ. Тэгэхээр оюун ухаант хүн энэ дуунд уярахгүй байна гэж үгүй. Уртын дуу гэдэг хүний хүмүүжилд асар их нөлөөтэй. Би бол баярладаг. Өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн ийм сайхан бүтээлийг олон улсын түвшинд хүргэж байгаадаа баяртай байдаг. Энэ аялгуунд Хангай дэлхий хүртэл уярч хураа хайрладаг юм.

-Уртын дуучинг байгалиасаа төрдөг гэж сонсож байсан?

-Норовбанзад, Шархүүхэн гээд алтан багш нарын хэлж ярьсныг сонсож, уншиж байхад уртын дуучин гэдэг тэнгэрээс заяатай гэсэн байдаг. Яг дуулах хүн тэнгэрээс төрдөг болов уу гэж би ойлгодог юм. Гэхдээ хэчнээн сайхан авьяас заяасан байгаад өөрийгөө таньж мэдээгүй, өөрийгөө олоогүй бол чадахгүй. Заавал багшаар заалгаж, асар их хөдөлмөрлөж, биеэ дайчилж тархи зүрх, ухаанаа хөгжүүлж дуулна. Уртын дууг ухааны цараар урлаж дуулдаг юм.

-Сүүлийн үед гадагшаа тоглолтоор явж байна уу. Ойрын хугацаанд тоглолт хийх төлөвлөгөө байгаа юу?

-Одоогоор Улаанбаатар чуулгад ажиллаж байна. Албан ёсоор шавь бэлдээгүй. Хувиараа ганц нэг уртын дуу заалгаж байгаа хүмүүс байгаа. Хүүхдүүд маань бага болохоор тэр бүр гадагшаа явж чадахгүй, ганц нэг л явж байна. Тоглолт хийх төлөвлөгөө бий. Гэхдээ яг хугацаа хэлж чадахгүй байна.

-Бага насныхаа тухай дурсаач. Таны аав, ээж таныг уртын дуучин болох эхлэл, суурь хүмүүжлийг олгосон байх?

-Гэр бүлийн хүмүүжил, нутаг оронд амьдарч байгаа хүмүүсийн өвөрмөц байдал нөлөөлнө. Архи ууж хоорондоо арцалдаж хэрэлдэж хөдөөгөө ч мэдэхгүй, төвөө ч чадахгүй гэр бүл зөндөө байна. Миний багад ч тийм айлууд байсан. Ийм айлын хүүхэд амжилттай явна, сайн хүн болно гэдэг хэцүү. Би Хэнтий аймгийн Баянхутаг сумынх. Морио унаж, цагаан идээгээ идээд л хөл нүцгэн гүйж өссөн. Ээж, аав минь их тайван амгалан хүмүүс байсан юм. Хоёулаа 50 гаруйхан наслаад бурхан болсон. Аав, ээжийнхээ хэрэлдэж байхыг ч бид хараагүй. Тийм сайхан амгалан гэр бүлд өссөн. Тухайн гэр бүл хүүхдээ ямар хүн болох вэ гэдгийг бэлдэж байдаг. Ирээдүйг нь тодорхойлж байдаг юм. Хүн зовлон үзэх тусмаа ухаан сууж, амьдралд их зүтгэдэг юм байна. Ижий аав минь амьдралд хүн чанар, тэвчээр, ухаан гурваар л хүн өөрөө цэнэглэгдэж, өөрөө өөрийгөө олж авдаг гэдгийг зааж сургасан. Хүний тэвчээр барагдах, сөхөрчихмөөр үе зөндөө л байдаг. Гэхдээ өссөн орчин ахуй, аав ээжийн сургасан сургамжууд цаг эргээд амьдралд хөлөө олоход нөлөөлж байдаг. Хонгорзул гэж хэн билээ гэж ухаарах хөг аялгуу болж явдаг юм. Эцэг эхийн минь хүмүүжил бол миний хамгийн үнэтэй өв юм. Хүн чанартай, тэвчээртэй байхад тэрийгээ дагаад ухаан заавал байдаг. Энэ гурван тулгын чулууны нэг нь байхгүй бол амьдралд хүн тэгээд л урсчихдаг юм гэсэн эмээ өвөөгийнхөө сургаалыг ухаарч амьдарч байна.

-Та айлын том охин. Таны дүү нараас дуулдаг хүн бий юу?

-Би айлын том охин. Дороо дөрвөн дүүтэй. Отгон дүү маань дөрвөн жилийн өмнө бурхан болсон. Нэг эрэгтэй, хоёр эмэгтэй дүү байна. Аав, ээж минь алийг нь ч амьдралд хүргэж чадалгүй өөд болсон. Эгчийн хувьд би дүү нараа хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэлээ.

-Та удам дагасан дуучин гэсэн. Таны аль үед ямар дуучин байв энэ талаараа тодруулаач?

-Дуулдаг хүн байхгүй тус тусын ажлаа хийгээд өнөр өтгөн болоод, сайхан амьдарцгааж байна. Манай ээжийн, ээжийн аав нь Намжил гэж ноёны уртын дууч байсан юм гэнэ лээ. Морь, нохой, хүн гурав удмаа дагадаг гэж ярьдаг шүү дээ. Тэгээд л би уртын дуу оролдож яваа байх.

-Хошин урлагийн тоглолт, нийтийн дуу, ардын урлагийн тоглолт зэргийг үзэж байхад үзэгчдийн зан харилцаа өөр өөр байгаа нь ажиглагддаг. Үзэгчидтэй холбоо тогтоох, бие биенээ мэдрэх зүйл байдаг уу?

-Уртын дуу сонсдог хүмүүс ухааны цараа ихтэй, далайцтай сэтгэдэг хүмүүс байдаг. Уран бүтээлч, сонсогч хоёр нэг нэгнийгээ татаж, хэн хэнийгээ мэдэрч байдаг. Үзэгчээ олно, үзэгч бид хоёр бие биенээ олно гэдэг том зүйл.

-Аз жаргалын тухай таны бодол?

-Хүн хоолгүй байна уу, хувцасгүй байна уу тэр хамаагүй. Хамгийн гол нь сэтгэлдээ баяр баясгаланг олох хэрэгтэй. Сэтгэлийн амар амгалангаа олоогүй мунгинаж явсан үе надад бий. Одоо бол их амар амгалан, аз жаргалтай байна. Монголын минь ард түмэн амар амгалан, аз жаргалтай, эрүүл саруул байж юу санасан есөн цагаан хүсэл нь дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг түмэн олонд дэвшүүлье.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *