Далай лам “Жилдээ нэг удаа өөрийн очиж үзээгүй газар руугаа явж байгаарай” гэсэн байдаг. Энэ жишгийг хүмүүс амьдралынхаа мөрдлөг болгочихмоор санагддаг юм. Очиж үзээгүй газар гэхээр заавал гадаад улс байх албагүй л дээ. Эхний ээлжинд Монголынхоо өргөн уудам нутгаар байгалийн сайханд аялах хэрэгтэй. Олон хоногийн аялалд гэр бүлээрээ явахад хамгийн тохиромжтой байдаг шүү дээ. Тиймээс хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд эх орноо бүсчлэн аялдаг жишгийг айл бүр хэрэгжүүлээсэй. Аялал олон давуу талтай болохоор сурах зүйл их бий. Мэдээж хэрэг эх оронтойгоо танилцаж байгалийн сайхныг биширнэ гэдэг том боломж. Мөн аяллаар далимдуулан орчин үеийн, тэр дундаа хотод өссөн хүүхдүүдэд монгол ахуйг сануулдаг болмоор байгаа юм. Яагаад гэхээр хотод өссөн хүүхдүүд хөдөө хээр явахад өглөө босоод голын усаар нүүрээ угаана гэхээр санаанд нь багтдаггүй.
Бас гал түлэхэд түлээ хэрэгтэй гэдгийг ч мэдэхгүй байна. Аав нь майхнаа барингаа хүүхдээ ойр хавиас аргал, мод олоод ир гэхээр гайхаж хардаг жишээ цөөнгүй бий. Тэгэхээр зуны амралтаар байгалийн сайханд зугаалангаа хүүхдүүддээ монгол ахуйг бага ч атугай сануулж баймаар санагдах юм. Голын усаар цай чанаж болдог, түлээ модоо өөрөө олдог, уул овоонд идээнийхээ дээжийг өргөдөг, хангайн нэрийг дэргэд нь хэлж болдоггүй зэрэг зан заншлыг танин мэдүүлж явдаг болъё. Тэгэхгүй бол овоон дээр гарч ирээд бие засдаг, гол ус руу бохир зүйлээ хийдэг залуучууд элбэг болсон байна лээ шүү.