УИХ-ын хаврын чуулганы тавдугаар сарын 19-ний нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Үүний өмнө манай улс 2004 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай бие даасан хуулийг баталж байлаа. Ингэснээр гэр бүлийн хүчирхийлэлд тодорхой хэмжээний хариуцлага хүлээлгэх хуулийн орчинтой болсон юм. Шинээр баталсан уг хуулийг эрх зүйн шинэтгэлийн хүрээнд батлагдсан Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай, Гэмт хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төслүүдтэй харилцан уялдуулан боловсруулсан байна. Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хохирогч гэр бүлийн бусад гишүүдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх тогтолцоо, үйл ажиллагааны эрхзүйн үндсийг тогтоох зорилготой бөгөөд зургаан бүлэг 42 зүйлтэй ажээ.
Өмнөх хуулиар гэрлэлтээ төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлээгүй боловч хамтын амьдралтай хүмүүс, хүүхдийг гэр бүлдээ авч хүмүүжүүлж буй, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосны үр дүнд тухайн иргэний асрамжид байгаа этгээд хамаардаг байсан. Тэгвэл шинэ хуулиар тодорхой нөхцөл шалтгааны улмаас тухайн гэр бүлд амьдарч байгаа хүн бүр хамаарах юм. Мөн өөрсдийн болон үрчлэн авсан хүүхэд нь тусдаа амьдарч байгаа бол, салсан нөхөр, эхнэр, өмнө нь хамтран амьдарч байсан хүн, хамтран амьдраагүй ч гэлээ дундаасаа хүүхэдтэй хүмүүс нэгэн адил хамаарч байгаа ажээ. Нэг ёсондоо хамрах хүрээ нь тэлсэн гэсэн үг.
Хуулийн нэр томьёоны тодорхойлолтод мөн хэд хэдэн заалт нэмэгджээ. Тухайлбал, сэтгэл санааны хүчирхийлэл гэсэн заалт орсон байна. Нэг этгээд нөгөө этгээдийнхээ хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэвэл гэм буруутайд тооцогдох ажээ. Тэгэхээр нөхрөө элдэв бусадтай хардан цаг ямагт нөхрөө зовоогоод байвал энэ хуулийн бусадтай харилцахыг хязгаарласан гэх үндэслэлээр гэм буруутай болж мэдэх юм. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхийг хориглох тухай зүйлд “хохирогч гомдлоосоо татгалзсан буюу хүчирхийлэл үйлдэгчтэй эвлэрсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг зогсоох үндэслэл болохгүй” гэж заажээ. Ингэснээр хохирогч ямар нэгэн байдлаар дарамтлуулах, эсхүл мөнгө төгрөгөөр тохиролцон хэргийг хэрэгсэхгүй болгодог байдлыг үгүй болгож байгаа юм.
Харин Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээ гэх гуравдугаар бүлэгт “…мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаалах арга хэмжээг шуурхай авах үүрэгтэй” болжээ. Түүнчлэн “Бусдын орон байх, эзэмшил газарт шүүгчийн зөвшөөрөлгүй нэвтрэн орж үзлэг, нэгжлэг хийх, шаардлагатай бол баривчлах, хураан авах ажиллагаа явуулна” гэжээ. Ингэснээр гадаа гудамж талбайд эхнэрээ, эсвэл хэн нэгний хүүхдийг цохиж зодвол шууд гэмт хэрэгт тооцогдох болжээ.
Мөн гэртээ эхнэрээ зодох, мөн адил хүүхдээ балбахад ямар ч хариуцлага хүлээлгүй өнгөрдөг байсныг шинэ хуулиар зохицуулж өгсөн байна. Түүнчлэн гэртээ эхнэр, хүүхдээ зодож байхад айл хөрш нь дуудлага өгч, хорооны цагдаа ирээд эвлэр гээд буцах эрхгүй болж байгаа. Мөн гэрт нь орж болдоггүй байсныг шинэ хуулиар нээлттэй болгож өгчээ.
Нэг үгээр хэлбэл гэртээ ч бай, гадаа гудамжинд ч бай ямар нэгэн байдлаар эхнэр, нөхөр, хүүхдэдээ гар хүрсэн тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнд тооцогдох заалттай болж байгаа юм байна. Мөн цагдаагийн байгууллагын бие төлөөлөгч тухайн хохирогчийг гэр орноосоо хувцас, эм, эмчилгээний хэрэгсэл, бичиг баримт, хүүхдийн сургалтын хэрэгсэл зэрэг нэн шаардлагатай хэрэглээний эд зүйлээ авахад нь туслалцаа үзүүлэх, хүчирхийлэл үйлдэгчээс шаардан гаргуулах үүрэгтэй юм байна. Энэ мэт байдлаар гэр орноосоо гараад ирсэн хохирогчдод нийгмийн ажилтан тусламж үзүүлэх үүрэгтэй. Тухайлбал, хохирогчийг асрамж, халамжийн хувилбарт үйлчилгээ болон нийгмийн халамжийн тэтгэмжид хамруулах, шаардлагатай бусад үйлчилгээнд холбон зуучлах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээжээ.
Энэ хуулийн дөрөвдүгээр бүлэг хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тухай юм. Уг бүлгийн 26.3 дахь заалтаар “…хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх хэлбэрээр хүүхдийн бие махбодод халдах, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно” гэжээ. Ингэснээр аав, ээжүүд хүүхдийнхээ дэргэд архи уувал гэм буруутай болох юм байна. Ер нь шинэ хуулиар хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэсэн бүлэг нэмэгдэж байгаа нь өндөр ач холбогдолтой. Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө төдийлөн мэддэггүй тул тухайн хүүхдийг хүчирхийлэлд өртсөнийг хэн нэгэн мэдвэл уг асуудлыг мэдээлэх нь иргэний үүрэг байхаар зааж өгчээ. Мөн хүүхэд хүчирхийлэлд өртөж байхыг харсан хүн холбогдох газарт мэдээлэх ёстой гэжээ. Хэрвээ иргэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд мөн л хариуцлага тооцох юм байна.
Мөн төсөлд хохирогчийг хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээний зохицуулалтыг цогц байдлаар томьёолж, үйлчилгээг мэргэшсэн төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлэх, тэдэнд үзүүлэх дэмжлэгийн хэлбэрүүдийг шинээр оруулахаар мөн тусгасан байна.