Categories
мэдээ нийгэм

Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэллээ

Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр энэ сарын 7-ны өдрөөс хүчин төгөлдөр болж байна. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас экспортолж байгаа 97 бүлгийн 5700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, Японоос импортолж байгаа 9300 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэх болон үе шаттайгаар бууруулж эхэлнэ. Энэ талаар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн “Хоёр улсын Засгийн газар худалдааны харилцааг зохицуулсан эрх зүйн орчинг бүрдүүлсэн, одоо бизнес эрхлэгчдийн хийх ажил үлдсэн” гэж онцоллоо. Монгол Улс, Япон улс хоорондын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш гурван жилийн дотор үйлдвэрлэл 0.06 хувиар, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэрэглээ 0.5 хувиар өснө гэж МУИС-ийн судалгааны баг тооцоолжээ. Гэсэн хэдий ч энэ хэмжээ 2024 оноос эхлэн нэмэгдэхгүй, хэвэндээ хадгалагдана гэсэн тооцоо гарсан байна. Мөн импортын татвараас орж ирдэг байсан орлого буурч, төсвийн орлого бүрдүүлэлтэд 0.04-0.05 хувийн дарамт үүсгэх хүлээлттэй байгаа юм. Монгол, Япон улсын хоорондын гадаад худалдааны жилийн эргэлт 300 сая орчим ам.доллар байгаа бөгөөд 2015 онд Японд 20.3 сая ам.долларын үнэ бүхий бараа, бүтээгдэхүүн экспортолж, 274.6 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон болохыг статистикаас харж болно. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хоёр талын худалдааны эргэлтийн 95 хувьд нь нөлөөлнө гэж Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайд С.Хүрэлбаатар мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *