Categories
мэдээ соёл-урлаг

“Улаанбаатар Венийн үдэш” цэнгүүн хоёр дахь жилдээ зохиогдоно

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Улаанбаатар Венийн үдэш” вальс бүжгийн цэнгүүнийг “Чингисийн талбай”-д зохион байгуулах гэж байна.

Австри Улсын соёлын өв, “Венийн вальс” хэмээн дэлхий нийтэд алдаршсан цэнгүүнийг Монгол Улсад анх 1999 онд зохион байгуулжээ. Энэхүү цэнгүүн нь хязгаарлагдмал хүрээнд болж байсан бөгөөд 2014 оноос эхлэн НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Нийслэлийн Улаанбаатар чуулга хамтран “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Чингисийн талбай”-д үнэ төлбөргүй зохион байгуулдаг болсон юм. Энэ удаад гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Маттиас Флецбергер, хийлч Лида Баеч, бүжигчин Мартин Грүнд нар оролцох юм. Түүнчлэн Монгол улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцохоор бэлтгэж байгаа ажээ.

Тус цэнгүүн өнөөдөр 17.00 цагт “Чингисийн талбай”-д эхэлнэ. Тиймээс “Чингисийн талбай”-н баруун талын замын хөдөлгөөнийг 16.00 цагаас 19.00 цагийн хооронд түр хязгаарлах юм байна.

Уг арга хэмжээ өнгөрсөн жил мөн зохиогдож байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *