Өнөөдрөөс Монгол- Япон улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэлнэ. Манай улсын хувьд өнгөрсөн оны хоёрдугаар сарын эхээр Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжихэд шаардагдах “Онцгой албан татварын тухай хууль”,“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах ажил хийсэн.
Өнгөрсөн сарын дундуур Япон улсын зүгээс парламентаараа богино хугацаанд баталснаар уг түншлэлийн хэлэлцээр эрхзүйн хувьд хэрэгжих боломжтой болсон. УИХ-ын даргын энэ сарын эхээр Япон Улсад хийсэн айлчлал нь хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхлэхтэй холбоотой хийгдэх гол ажлуудын талаар санамж бичгийн хүрээнд ойлголцолд хүргэсэн явдал байв.
Хамгийн чухал нь түншлэлийн хэлэлцээрийн үр дүнгээр худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд шууд замаар очиж буй татварын хөнгөлөлт. Тодруулбал, манай улс 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулах юм. Импортын барааны гаалийн тарифын 59 хувийг /3429 төрлийн бараа/, харин Япон улс 86 хувийг /8000 төрлийн бараа/ хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн шууд чөлөөлнө.
УИХ-ын дарга дарга З.Энхболд Япон улсад хийсэн айлчлалын мэдээллийн үеэр “Өнөөдөр онгоцонд суудал олдохгүй байна. Японы бизнесменүүд манай улсыг зорьж, олноороо ирж байна. Учир нь, тэд энэ сарын 7-ны өдрөөс хоёр улс хоорондын эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжихтэй холбоотой шинэ түншлэл, бизнес уулзалтууд хийхээр манай улсад ирж байна. Бизнесийнхэн энэ талаар хамгийн сайн мэдээлэлтэй байгаа. Манай ноолуурын компаниуд энэ сарын 7-ны өдрийг хүлээгээд экспортыг зогсоосон байна. Өнөөдөр гаргавал 15 хувийн татвартай, 7-ны өдрөөс хойш гаргавал 0 хувийн татвартай болж байгаа учраас тэр. Үүнээс хойш бизнесийн харилцаа улам сайжирна” гэж онцолсон юм.
Олон улсын туршлагаас харахад хоёр талын хийж буй нийт худалдааны үнийн дүнгийн 90-ээс доошгүй хувийг чөлөөлж байж чөлөөт худалдааны хэлэлцээрийн шалгуурыг хангадаг байна. Энэ ч үүднээс Үндэсний үйлдвэрлэгчдэд олдож буй татварын тэг хувийн систем эргээд засагтаа эерэгээр нөлөөлнө гэж тооцож буй. Манай хоёр улсын худалдааны эргэлт жилээс жилд өсөж байгаа хэдий ч өнгөрсөн оны байдлаар 343.4 сая ам.долларын алдагдалтай ажилласан нь судалгаагаар тогтоогдсон байдаг.
Эдийн засагчдын зүгээс хоёр орны эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр эхэлснээр гадаад худалдааны эргэлт эхний жилд 50-60 хувиар нэмэгдэх тооцооллыг гаргаж байгаа юм. Үүнийг дагаад манай улсын худалдаа эрхзүйн хувьд илүү тогтвортой байдлаар үргэлжилнэ гэсэн үг.
Нарийн дэг, хууль эрхзүйн орчинтой Япон улс анх удаа эл түншлэлийн хэлэлцээрийг богино хугацаанд батлах ажлыг шуурхайлсан талаар УИХ-ын дарга тодотгож байсан. Энэ нь Японы талаас уг түншлэлийн хэлэлцээрт онцгой ач холбогдол өгч буйг харуулсан явдал байв. Эл эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь манай улсын хувьд анхных, харин Японд 15 дахь хэлэлцээрт бичигдэж буй.
Манай улсын хувьд дэлхийн өндөр хөгжилтэй Япон улс манай оронтой эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар зах зээлээ илүү чөлөөтэй болгож байгааг судлаачид онцолж байна. Энэ нь хямрал нүүрлээд байгаа өнөө үед үзүүлж буй улс төр, эдийн засгийн цагаа олсон дэмжлэг юм. Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, санхүүгийн зах зээлийнхэнд, хамгийн гол нь манайд орж ирэх эсэхээ шийдэж чадахгүй эргэлзэж буй гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг үлгэр жишээ болох ач холбогдолтойг тэмдэглүүштэй.