Categories
мэдээ цаг-үе

Ц.Болдсайхан: Нэр дэвшигчид сонгуультай холбоогүйгээр хийсэн ажлаа танилцуулж болно

Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхантай ярилцлаа.

-Сонгуульд нэр дэвшүүлэх ажил хэднийг хүртэл явагдах вэ?

-Сонгуулийн ерөнхий хороонд нам эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлж түүний дагуу бүртгэж авсан байгаа. 11 нам, гурван эвсэл оролцох ёстой. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хянуулсан тооноос үзэхэд 100 гаруй хүн байгаа. Хуульд зааснаар өнөөдөр (өчигдөр) буюу 30-ны 00:00 цаг хүртэл нам, эвслүүд нэр дэвшигчдийн материал өгөх хугацаа дуусна. Бид өнгөрсөн бямба гаригт нам эвслүүдийн материал авах ажлыг эхлүүлсэн. Бямба гаригт материал ирээгүй бол ням гаригт нэг нам, нэг эвсэл ирж материалаа хүлээлгэж өгсөн байгаа. Бие дааж нэр дэвшигчдийн хувьд өчигдөр (уржигдар) нэр дэвшүүлэх хугацаа нь дууссан. Зургадугаар сарын 1-нээр материалаа өгөх хугацаа нь дуусах юм. Одоогийн байдлаар 20 гаруй бие даан нэр дэвшигч материалаа өгчихсөн байна. Бид нам, эвслүүдийн нэр дэвшигчдийг өнөө маргаашгүй хурлаар оруулж хэлэлцэнэ. Тэгээд аль нэг нэр дэвшигчийн материал дутуу асуудал байвал нам, эвслийн удирдагчдад өгнө. Нэр дэвшигчдийг бүртгэх цаад хугацаа нь зургадугаар сарын 6-нд дуусна. Ингээд зургадугаар сарын 7-ны өдөр нам эвслээс нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчдэд нэгдсэн журмаар нэр дэвшигчийн үнэмлэх олгоно. Сонгуулийн ерөнхий хорооны даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгээ дөрвөн хэсэгт хуваагаад нэр дэвшигчдийн материалыг авч байгаа.

-Намууд нэр дэвшигчдээ хуулийн хугацаанд багтаж тодруулсныг танайх хэрхэн мэдэх вэ?

-Намууд өөрсдөө материалаа авчирна. Бид авчирсан бичиг баримтыг эхний ээлжинд шууд хүлээж авна. Хугацаандаа нэр дэвшигчээ тодруулаагүй гэдэг ч юм уу гомдол санал гарах юм бол түүнийг хуулийн байгууллага тогтооно. Ер нь энэ шинэ мөрдөж байгаа хуулиар зөрчил юм уу аливаа хууль зөрчсөн асуудлыг тогтоох байгууллага нь шүүх байгаа шүү дээ. Манайхан мэдэж байгаа даа, хуучин бол сонгуулийн хороод өөрсдөө тогтоодог байсан. Мөн доод шатныхаа сонгуулийн байгууллагын шийдвэрийг буруу гэж үзвэл дээд шатны сонгуулийн байгууллага нь өөрчилдөг байсан. Шинээр мөрдөж байгаа хуульд бол ерөөсөө цагдаа шалгаад шүүх тогтоодог болсон. Хэрэв энэ төрлийн гомдол байгаа бол шүүхэд холбогдох нотолгоо баримттайгаа хандах хэрэгтэй. Шүүхээс ганцхан нэр дэвших дээр ч биш өөр бусад зүйл дээр энэ сонгуулийн хуулийг зөрчсөн байна гэвэл тэр шүүхийн шийдвэр дээр үндэслээд нэр дэвшигчийг татах ч гэдэг юм уу, бүртгэхгүй байх юм. Шүүхийн шийдвэрийн дагуу л шийднэ. Үүнийг тэгж ойлгох ёстой. Иргэд, сонгогчид ч ялгаагүй гомдолтой асуудал байх юм бол наашаа ирэхээсээ илүү шууд хуулийн байгууллагад хандах ёстой гэдгийг хэлье.

-Тухайлбал, МАХН нэр дэвшигчдээ тодруулах өдрөө шөнийн 02:00 хүртэл хуралдсан гэсэн мэдээлэл гадуур цахим орчинд цацагдсан байсан. Энэ мэт гомдол, санал танай дээр ирээгүй юу?

-Манайд янз бүрийн гомдлын чанартай зүйл ирээгүй. Энэ дашрамд хэлэхэд МАХН-ыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгээгүй юм шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байх юм. Өнөөдрийн байдлаар (өчигдөр үдийн байдлаар) МАХН-аас манайд бүртгүүлэхээр ирээгүй байгаа шүү дээ. Ирээгүй байгаа юмыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гэж урьдчилж худлаа яриад байгаа нь сонин байна. Тэгж олон түмэнд буруу мэдээлэл цацаж болохгүй шүү дээ. Олон телевизээр ярьж байсан.

-Ялтай байх хугацаа нь дуусаагүй учраас Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхгүй гээд байгаа юм биш үү?

-Ялтай байх хугацаа дууссан, дуусаагүй бидэнд бичиг баримт нь ирээгүй байхад урьдчилан тооцож болохгүй шүү дээ.

-Ер нь ямар үндэслэлээр нэр дэвшигчийн нэрийг татах вэ?

-Материал дутуу байж болно. Энд тэндээс авсан тодорхойлолт жишээ нь өр төлбөртэй гэсэн байдаг ч юм уу. Хуульд татгалзах үндэслэл гээд заачихсан байгаа. Энэ үндэслэлүүдийг л бид баримтална шүү дээ. Хуулийн дагуу үзээд аль нэг юм нь дутуу бол бид бүртгэхгүй гэдгээ хэлнэ. Намуудын хувьд Сонгуулийн тухай хуульд заачихсан хугацаа байгаа. Бүртгэх явцад ямар нэгэн материал дутуу бол эргэж намуудад хугацаа олгоно гэсэн үг. Бид өнөө маргаашгүй материалыг үзээд ийм тийм зүйл дутуу байна гэвэл намууд зургадугаар сарын 4-нөөс өмнө тухайн нэр дэвшигчийнхээ материалыг гүйцээж өгч болно. Эсвэл дутуу материалтай байгаа хүний оронд өөр хүнийг нэр дэвшүүлэх асуудал нээлттэй байгаа. Гэхдээ энэ шинээр нэр дэвшүүлэх үйл ажиллагаа бол яг хуульд заасан журмынхаа дагуу явах ёстой. Энэ материалаа өгөөд байгаа нэр дэвшигч ямар журмаар дэвшсэн билээ яг түүнтэй ижил дэвшиж ирэх ёстой. Бид зургадугаар сарын 6-ныхаа дотор бүртгэл хийж өгөх үүрэгтэй.

-Сонгуулийн сурталчилгааны цаг, хугацааг багаар заасан нь нэр дэвшигчид мэдээллээ олон түмэнд хүргэхэд хангалтгүй байна гэдэг шүүмжлэл байдаг?

-Хуулиа л барина шүү дээ. Өдөрт нэг цагаас илүүгүй хугацаанд телевизийн эфир ашиглана гээд хуульд заачихсан байгаа. Харин ч УИХ-ын нэгдсэн чуулганаар энэ асуудлыг хэлэлцэх үед яриад хоёр цаг болгосон. УИХ-ын сонгууль, аймаг, нийслэлийн сонгууль гээд хоёр сонгууль явж байна. Энэ нэг цаг гэдэг чинь нэг сонгуульд оногдсон цаг биз дээ гэж байж өөрчилсөн. Хуульд нэг цаг гэж байгаа ч хоёр сонгууль явагдаж байгаа учраас телевизийн эфир явж байгаа хугацааг УИХ-ын сонгуульд нэг цаг, нөгөө нэг цаг нь орон нутгийн сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүсийн цаг гэж ойлгож байгаа.

-Зургадугаар сарын 10 хүртэл сонгуульт албан тушаалтнууд ажлаа хэвлэлээр тайлагнах нь нээлттэй юу. Нэр дэвшиж буй зарим хүмүүс одоо ажлаа тайлагнавал сурталчилгааны хэвлэлийн хуудасны тооноос хасагдаад явах байх гэсэн ойлголттой байсан?

-Хуулиараа УИХ-ын одоо байгаа гишүүд, бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө урд дөрвөн жилийнхээ тайланг тавьж болно гэж байгаа шүү дээ.

-Тэгэхээр зургадугаар сарын 10-ны өдөр хүртэл тайлангаа хэвлэлээр тавих нь нээлттэй юм байна?

-Тийм. Гэхдээ аливаа ажлын тайлан нь сонгогчдын саналыг татах чиглэлээр явж болохгүй. Тэгвэл хууль зөрчсөн гэж үзнэ. Жишээлэхэд тэр тайланд намайг дэмжээрэй гэдэг ч юм уу эсвэл өөр нэг хүнээр энэ мөн сайн хүн шүү гэж яриулсан байж болохгүй. Зөвхөн хийсэн ажлынхаа тайланг тавих эрх хуулиар олгогдчихсон байж байгаа. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид сонгуультай холбоогүйгээр хийсэн ажлаа танилцуулж болно. Сурталчилгаа эхэлснээс хойш бас хэвлэлийн хоёр хуудсанд багтсан гээд байж байгаа шүү дээ. Тэр дээр харин дэмжээрэй гэсэн юмаа тавих нь нээлттэй. Наана нь бол цэвэр ажлын тайлангаа тавьж болно.

-Намуудаас хэн хэн аль тойрог дээр дэвших вэ гээд өчигдөр (уржигдар) асуухад зарим жижиг намууд одоохондоо зарим хүн солигдох магадлалтай байгаа учраас гээд нэрсээ өгөхгүй байсан. Тийм зүйл байж болдог уу?

-Нэгэнт материалаа авчраад энд бүртгүүлчихсэн тохиолдолд бол дараа нь солино гэж байхгүй шүү дээ. Намуудын хувьд дээр хэлсэн ерөөсөө тухайн нэр дэвшигчийн материал дутуу байвал гүйцээж авчрах асуудал байна. Эсвэл тэр хүнээ болиод оронд нь хүн дэвшүүлж болно. Гэхдээ л хуульд заасан журмын дагуу л дэвшсэн байх ёстой. Урд талын хүн нь ямар нэг журмаар дэвшсэн байгаа шүү дээ. Жишээ нь Ардын намын хувьд Бага хурлаараа хэлэлцээд нууц санал хураалт явагдаад гарч ирсэн байгаа. Яг тэр хэлбэрээр л явагдах ёстой.

Би түрүүн хэлсэн намуудад буцааж материал дутууг хэлнэ гэдэг бол бид аль болох зургадугаар сарын 4 рүү шахах утгаар биш ерөөсөө даруйхан үзээд, намууд нэр дэвшигчийнхээ материалыг эртхэн засах боломжийг олгох ёстой. Энэ бол сонгуулийн байгууллагууд нам, намаас нэр дэвшиж байгаа нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн хувьд ялгаагүй адил тэгш хандаж аль болох угтаж ажиллах ийм чиг барьж байгаа.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *