Улсын Их Хурлаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль” батлагдаж, 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан уг хуулийг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд боллоо. Энэхүү арга хэмжээг Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эрүүл мэнд, спортын яам хамтран зохион байгуулсан юм.
Хүндэтгэлийн арга хэмжээг нээж Улсын Их Хурлын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурлаас энэ оны 04 дүгээр сарын 22-ны өдөр батлан гаргасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг Монгол Улсын Засгийн газарт, Эрүүл мэнд, спортын яаманд өнөөдөр албан ёсоор хүлээлгэн өгч байна.
Монгол Улсад хуучин системийн үед эмнэлгийг шүтсэн хуучин Зөвлөлт загварын эрүүл мэндийн тогтолцоо нь зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбоотойгоор анхан шатны болон амбулаторийн тусламжид илүү анхаарсан тогтолцоонд шилжсэн. Өнөөгийн улсын гэх тодотголтой эмнэлгүүдийн зохион байгуулалт, удирдлагын тогтолцоонд үр ашиггүй байдал давамгайлж байгаа. Энэ тухай бид олон жил ярьсан. Эрүүл мэндийн байгууллагын төсвийн зардал нь эмнэлгийн тусламж, үйлчилгээнд биш барилга байшин, халаалтад зарцуулагдаж ирсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх нь хүн амын эрүүл мэндийн байдлыг сайжруулахаас гадна өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хэрэгцээг хангах, эрүүл мэндийн улмаас иргэдэд учирч байгаа санхүүгийн дарамтыг бууруулах, чанартай тусламж эрэлхийлсэн иргэдийн гадагшаа урсгаж байгаа зардлыг эх орондоо үлдээх зэрэг эдийн засгийн олон талын ач холбогдолтой” болохыг онцлон тэмдэглэлээ.
Мөн тус арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлсэн. Тэрээр, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь 7 бүлэг, 24 зүйлтэй бөгөөд 06 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний тогтолцоог боловсронгуй болгох, эмнэлгийн тусламж, үйлчилгээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, эмнэлгийн хагас бие даасан засаглалыг дэмжсэн стратегийн болон гүйцэтгэлийн удирдлагын бүтэц, зохион байгуулалтын орчинг бүрдүүлж, санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгох, резидент эмчийг олон улсын жишгээр ажиллуулах зэрэг чухал асуудлуудыг тусгасан. Монгол Улсын гол баялаг бол эрүүл монгол хүн билээ. Энэ хууль батлагдсанаар эрүүл мэндийн салбарын өмнө тулгамдаж байсан олон асуудал шийдвэрлэгдэж, иргэд зүй зохистой, үр ашигтай байдлаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг авах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа хэлсэн үгэндээ, “Өнгөрсөн хугацаанд Улсын Их Хуралд олон хууль батлахад гэрч болсон. Гэхдээ өнөөдрийн болж байгаа энэхүү арга хэмжээ шиг баярласан үйл явдал ховор байна. Учир нь ард иргэдийн эрүүл мэндийн төлөө өдөр шөнөгүй, нойр, хоолоо умартан зүтгэж байгаа та бүхний санасан, хүссэн зүйлийг энэ удаагийн Улсын Их Хурал баталж чадсанд туйлын баяртай байна. Өнөөдөр эрүүл мэндийн салбарын гацааг гаргалаа гэж энэ салбарын олон мэргэжилтнүүд хэлж байгаа. Өмнө нь эрүүл мэндийн салбар боломжин дээрээ тулгуурлаж ажилладаг байсан бол харин одоо бидэнд зорилтон дээр тулгуурлаж ажиллах сайхан боломж бүрдэж байна. Зорилт гэдэг нь монгол хүнд эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй, тусламж, үйлчилгээ үзүүлэхийн тулд олон улсын стандартыг мөрдөж, энэ чиглэлээр төр, засаг, эрүүл мэндийн байгууллага, эмч нар бүгд хамтарч ажиллах шаардлагатай байгаа. Нөгөөтэйгүүр энэ хууль батлагдсанаар эмч нарын үнэ цэнэ нэмэгдэж байгаагийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарынхны нийгмийн асуудал нь шийдэгдэх сайхан боломж нээгдэж байгаа. Харин хуулийг хэрэгжүүлэх үйл явцад салбарынхан онцгойлон анхаарах хэрэгтэй. Азийн Хөгжлийн Банкнаас хуулийн хэрэгжилтэд буцалтгүй тусламж олгосноор хуулийн төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж байна. Хуулийг боловсруулахад эхнээс нь батлагдах хүртэл чин сэтгэлээсээ оролцсон Улсын Их Хурлын гишүүд, Азийн Хөгжлийн банк, эмнэлгийн удирдлага, мэргэжилтнүүд, Үйлдвэрчний эвлэл, Төрийн бус байгууллага гээд хамтын хүчин чармайлтаар хууль амжилттай батлагдсан. Эрүүл монгол хүн бол Монголын үндсэн баялаг. Энэ сайхан үйлсдээ амжилттай ажиллахыг хүсч, ажлын амжилт хүсье” гэлээ.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийг боловсруулах, батлахад үнэтэй хувь нэмэр оруулсан Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, энэ хуулийг батлан гаргахад гурван жил тасралтгүй зүтгэж, байнгын хорооны ажлын хэсгийг ахалж ажилласан Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, А.Тлейхан болон бусад гишүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлага, эмч, мэргэжилтнүүдэд эрүүл мэнд, спортын салбарын нийт хамт олны өмнөөс баяр хүргэж, талархал илэрхийлэв.
Мөн тэрээр, эрүүл мэндийн салбарт 2011 онд батлагдсан Эрүүл мэндийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш өнгөрсөн хугацаанд санхүүгийн арга аргачлалыг боловсронгуй болгох, бие дааж ажиллуулах, тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэд, үйлчлүүлэгчдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх сонголтыг нь зөв болгох зэрэг олон асуудлууд шийдэгдэхгүй өдийг хүрсэн. Энэ нөхцлийг эрх зүйн хувьд чиглүүлж, баталгаажуулж, Эрүүл мэндийн тухай хуульд үндэслэж тодорхойлж өгсөн Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль бол туйлын ач холбогдолтой хууль гэдгийг онцоллоо.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг боловсруулах, батлахад идэвх, зүтгэлтэй ажилласан хүмүүст Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаа эрүүл мэндийн салбарын шагнал, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа болов.
Ингэснээр хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг нь үнэлж салбарын түүхэнд тэмдэглэн Эрүүл мэнд, спортын яамны Хүндэт дэвтэрт бичиж, Эрүүл мэнд, спортын яамны хамгийн хүндтэй шагнал болох Гэрчилгээ олгож буйг салбарын сайд танилцуулж, уг Гэрчилгээг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяад гардууллаа.
Мөн Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Г.Баясгалан нарыг Эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан цол, тэмдгээр шагнасан юм.
Түүнчлэн ажлын хэсэгт орж ажилласан байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн, зөвлөх Ж.Чимгээ болон Эрүүл мэнд, спортын яамны хэлтэс, газрын мэргэжилтэн, эмнэлгийн удирдлага, эмч, албан хаагчдад өргөмжлөл гардууллаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.