Шинэ үеийн монголчууд охиноо нөхөрт гарах үед инж авдаг болмоор санагдах юм. Тэгэхгүй бол өрөөлийн битгий хэл өөрийгөө авч явж чадахгүй залуус гэр бүлийн үнэ цэнийг үгүй хийгээд байна. Айлын охиныг дагуулж явж ганц, хоёрхон сар хамт байж жирэмслүүлчихээд дараагийнхаа охин руу гүйдэг болж. Харин орчин үед дэлхийн бүх улсад айлын охин хүүхдийг бэр болгон авахдаа эцэг, эхэд нь инж хүргүүлж байгаа. Инж байхгүй юм аа гэхэд гэрлэлтийн гэрээ хийж эхнэр нөхөр болж байна. Хятадад л гэхэд айлын охиныг авч суух гэж байгаа бол эцэг, эхэд нь 300 мянган юань инж болгон өгдөг уламжлалтай. Тиймээс амьдралаа аваад явж чадахгүй олон сая эр гэр бүлтэй болохын тулд, охины эцэг эхэд инж өгөхөөр махран зүтгэдэг. Ингэж байж тэд өөрсдийн гэсэн гэр бүлтэй болдог юм. Бас нэг ёсондоо гэр бүлээ авч явах хариуцлагыг эртнээс ухамсарладаг гэсэн үг. Гэтэл өнгөрсөн жил Хятадын Засгийн газраас “Монголд очиж эхнэр ав” гэсэн уриалга гаргасан. Энийг сонсоод монгол хүүхнүүд хэтэрхий үнэгүйджээ гэх бодол төрж байлаа. Яагаад гэвэл эцэг эх нь инжинд юу ч авдаггүй. Тиймээс хэн дуртай нь хайртай, дуртай гэж гүйж байгаад аваад суучихдаг. Дээхнэ үед монголчууд бэр буулгахдаа инжинд хоёр морь, 30 лан мөнгө, дөрвөөс таван үнээ, төдий чинээ гүү, 30-40 хонь өгдөг байсан гэнэ. Бидний жишээлэх дуртай Америкт гэхэд гэрлэлтийн гэрээ байгуулдаг. Салахдаа тулбал гэрээгээ үндэслэн эд хөрөнгийн дийлэнх эмэгтэйд нь ноогдоно. Үүнтэй ижил манайхан инж аваад сурчихвал юу юугүй авааль гэргийгээ хаяад гүйчихгүй болох юм. Ингэж айл гэр толгойлох эр нөхөрт хариуцлага гээч зүйл үүрүүлэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэдхэн сар хөтлөлцөн гүйж байгаад гэрт нь ирээд хэвтчихдэг. Өөрөө ч сурсан мэдсэн зүйлгүй, ажил мэргэжилгүй, тогтсон орлогогүй хэрнээ айлын охиныг жирэмслүүлж аваад зугтаачих тохиолдол цөөнгүй. Дээхнэ үед Их хурлын гишүүнээс сурвалжлагч бүсгүйн асууж байсан асуулт санаанд тодхон байна. Сурвалжлагч “Танай охин хүнтэй сууж байгаа гэл үү” гэхэд өнөөх гишүүн “Би охинтойгоо гэрээ хийсэн байдаг. Их сургуулиа төгсөөд тодорхой мэргэжилтэй, ажилтай болсныхоо дараа хүнтэй сууна. Тэр хүртэлх бүх зардлыг би даана. Хэрэв түүнээс өмнө хүнтэй суувал өөрөө бүх зүйлээ зохицуулаарай гэсэн гэрээтэй. Гэрээндээ хэн хэн нь үнэнч яваа” хэмээн хариулж байлаа. Бас нэг танил ах маань охиноо хоёр сая ам.доллартай хүнтэй суулгана гэж ярьдагсан. Яаж байгаа юм бэ гэхээр энэ хүүхдийг өсгөж, өдий зэрэгт хүргэх гэж би тэрнээс илүүг зарцуулсан. Тиймээс амиа яая гэсэн хоосон хар юмтай суулгахгүй гэдэг. Нээрээ л тийм дээ. Аав, ээжүүд үр хүүхдээ, тэр тусмаа охин үрээ өсгөх гэж яаж зүтгэж байгаа билээ. Би л гэхэд айлын ганц охин. Дээрээ ахтай, доороо эрэгтэй дүүтэй. Тиймээс аав, ээж маань намайг нүдний цөцгий мэт хайрлан энхрийлж өсгөсөн. Тиймдээ сургуульд ч ороогүй байхад амьдарч буй орон сууцаа ганц охиндоо өгнө гэж ярина. Аав маань “Энэ муу хоёр хар юм яахав ээ. Өөрсдөө амьдралаа авч явна биз. Миний охин л өөрийн гэсэн гэр оронтой байг” гэдэг байлаа. Аав, ээжүүд охин үрээ ингэж л өсгөдөг юм. Өөрсдөөсөө илүү хайрлаж, муу бүхнээс хамгаалж, хүнээс дутуугүй өсгөдөг болохоор ирээдүйн хүргэндээ шаардлага тавих хэрэгтэй. Охинтой чинь сууя гээд ирэхэд нь “Миний хүү, чи хоёр, гурвыг байг гэхэд ядаж ганц их, дээд сургууль төгсчих. Гадаад хэлний зах зухтай болчих. Эрхэлсэн ажилтай, тодорхой орлоготой, өөрийгөө бүрэн дүүрэн авч ах чадвартай болсныхоо дараа охиныг минь аваарай. Гэхдээ хүнээс дутуугүй амьдруулна гэх баталгаа болгож инжтэй ирээрэй” гээд хэлчих хэрэгтэй. Бүх аавууд ингэж хэлдэг болсон цагт эрэгтэй хүн өрх гэрээ авч явах тэнхээтэй, чадалтай болж төлөвших учиртай. Тэгэхгүй бол өдийд яаж байгаа гээч. Өнөөдөр гэрлэлтээ батлуулж суучихаад маргааш нь салж байна. Ганц, хоёрхон орой бааранд хамт сууж наргиж цэнгээд л хүүхнийхээ гэрт очоод хэвтчихэж байгаа. Эцэг эх нь хумсын төдий шаардлага тавихад л эхнэрээ хаяад алга болно. Тэр үед охин жирэмсэн хоцорч эцэггүй хүүхэд төрүүлж байгаа юм. Үнэндээ Монголын нийгэм, гэр бүлийн амьдрал ийм л ерөнхий дүр зурагтай болчихож. Гэр бүлийн салалт хэтэрлээ. Үүнийг дагаад охид, эмэгтэйчүүдийн нэр хүнд унаж, үнэ цэнгүй болж байна. Ямар сайндаа л Хятадын Засгийн газар инжээ дийлэхгүй байгаа эрчүүдийг Монгол руу яв гэж байхав дээ. Тэгэхээр гэр бүлийг үнэ цэнтэй байлгахын тулд ерөөсөө л эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй. Эдийн засгийн хөшүүрэг гэж инжийг хэлээд байна л даа. Монголчууд эрт үеэсээ, хожим хувьсгалын үед ч охиноо айлд өгөхдөө инж авч л байсан. Харин социализмын үед бүх зүйл нийтийнх гэх уриан дор эхнэр хүртэл нийтийнх гэх нь холгүй байлаа. Тэгж байхдаа л инж өгөхийг болиулчихсан юм билээ. Гэсэн ч социалист ёс суртахуун гэр бүлийг үнэ цэнтэй байлгаад байсан. Тухайн үед одоогийнх шиг эхнэрээ бээлий шиг солино гэх ойлголт үгүй байв. Учир нь ажиллаж буй албан газар, харьяалагдаж буй нам, эвлэл нь гэр бүлээсээ салах, ёс бус үйлдэл хийхийг хязгаарлаж чаддаг байжээ. Тиймээс эрчүүд нь ёс суртахуунтай, бас хариуцлагатай. Угаасаа ажилгүй хүн ч гэж байгаагүй л биз. Хэрэв эхнэрээсээ салах гэж буйг албан байгууллага нь мэдвэл тэр нөхөртэй хатуу тэмцэж нийгмээр нь жигшүүлдэг байлаа. Ямар сайндаа “Хотын намын хороо байхад энэ муу хар юм хаачихав дээ” гэх үг эхнэрүүдийн дунд байсан юм гэнэ лээ. Хэрэв эхнэрээ зодож, гэр бүлээ дарамтлах юм уу салж сарнивал ажлаас нь хөөхөөс эхлээд бүх карьерийг нь үгүй хийдэг байж. Одоо харин инжтэй болгож айлын охин хүүхдийг авч суусан хэнбугайд ч үүрэг, хариуцлага тооцдог болмоор байна. Угаасаа хүн төрөлхтөн тэр аяараа инж өгч, авч байгаа. Тэд төдийгүй дээхнэ үеийн монголчууд яагаад ийм зүйл бий болгосон бэ гэвэл ерөөсөө л хариуцлагыг ухамсарлуулах гэж тэр шүү дээ. Ёс суртахуунаас илүүтэй эдийн засгийн хариуцлага үүрүүлж байж айл гэр толгойлуулдаг байсан байна. Ер нь хүнийг хүмүүжүүлдэг зүйл эдийн засаг л байдаг.
Тэгэхгүй бол эрчүүд алийн болгон аав ээжийн голоосоо хайрлаж өсгөсөн охиныг нь авч суучихаад зовоож байхав дээ. Угаасаа олон эцгийн амнаас мууг сонсгож, муухайг үзүүлэхгүй гэж өсгөсөн охин минь нэг саасганасан хар юмны хөлд чирэгдээд сууж байна гэх харамссан яриаг сонсож байна. Үнэхээр л аав, ээжүүд охин хүүхдээ боловсролтой болгох гэж, хүнээс дутуугүй явуулах гэж асар их мөнгө зарцуулсан байдаг. Гэтэл хаа газрын хариуцлагагүй нэг нөхөр хүрч ирж хүүхэдтэй болгочихоод дараагийн охин руу яваад байна. Хаяж яваагүйнүүд нь архи ууж зовоодог. Мөрөөрөө архи ууж өөрийгөө зугаацуулаад зогсохгүй эхнэр хүүхдээ зовоогоод байх юм. Энэ бүхний эцэст гэр бүл салж байгаа. Яагаад гэвэл эхнэр авч буй залууд эр нөхөр болсны ёс суртахууны болоод эдийн засгийн хариуцлага байхгүй болчихож. Тиймээс л инж авдаг болъё гээд байгаа юм. Инжээ байг гэхэд гэрлэлтийн гэрээ хийдэг болъё. Гэрээндээ салбал ингэнэ, тэгнэ гэдгийг нарийн заагаад өгчих. Хамтран авсан байрны зээлийг хаяж явсан нөхөр дуусан дуустал нь төлнө ч гэдэг юм уу. Цаашлаад үр хүүхдээ ингэж өсгөж цэцэрлэг, сургуулийн төлбөрийг төлнө гэх хатуу гэрээ байгуулдаг болмоор байна. Ингээд зохицуулчихвал гэрээ байгуулсан, эсвэл аав, ээжид нь инж өгсөн нөхөр эдийн засгаа бодоод үгүй ядаж л горойх байлгүй дээ. Дараагийн хүүхэн дээрээ очих ч мөнгөгүй болчихоор салах тухай бодохоо ч болино биз. Тэгэхгүй бол манайд дурын “тэнүүлчин” эхнэртэй болчихоод охид, хүүхнүүдийг зовоогоод байна. Яг үнэндээ орчин үед хайр дурлал гэх нялуурал хүүхдийн шохоорхол л болсон.
Угтаа гэр бүл гэдэг улсын үндэс суурь болж байдаг. Харин гэр бүлийн суурь яах аргагүй эр нөхрийн хариуцлага шүү дээ. Тиймээс шинэ ёс заншилтай болъё. Гэхдээ энд нэг зүйлийг зөв ойлгох хэрэгтэй. Инж авна гэдэг бол охиноо зарж буй хэрэг огт биш. Хайр сэтгэлтэй болоод хамтдаа амьдаръя гээд гүйгээд ирэхэд нь охины эцэг, эх инж нэхээд суухыг хэлж байгаа юм. Тэд тийм эрхтэй. Социалист реалист уран зохиолд инж гэдгийг охин хүүхдээ зарж буй мэтээр маш буруу сурталчилдаг байсан. Тэндээс улбаалаад л монголчууд инж авахаасаа нэрэлхдэг болчихсон юм билээ. Гэтэл үнэндээ инж гэдэг бол хайр дурлалаар холбогдсоны дараах, үр хүүхэдтэй болохын өмнөх асуудал. Монголчууд алийн болгон охид бүсгүйчүүдээ хиртэй хадаг мэт гар дамжуулах вэ дээ.