Сүүлийн үед хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэд халдлагад өртөх явдал цөөнгүй гарах болсон талаар эх сурвалж мэдээллээ. Энэ төрлийн гэмт халдлагууд нь ихэвчлэн шөнө оройн цагаар үйлдэгддэг ба сүүлийн хоёр жилийн хугацаанд таксины жолоочийг дээрэмдсэн, зодож гэмтээсэн цаашлаад амь насанд нь хүрсэн гэх хэрэг 100 гаруй удаа бүртгэгдсэн байна. Тиймээс шөнө оройн цагаар сэжиг бүхий зорчигч тээвэрлэхгүй байх, өөрийн аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Хамгийн сүүлд өнгөрөгч 5-р сарын 23-нд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таксины жолоочийн амь насыг хохироосон гэмт хэргийг шүүж хэрэгтэнд 25 жилийн хорих ял оноожээ. Тодруулбал, шүүгдэгч Ж-г таксины жолооч Г-ын амь насыг танхайн сэдэлтэйгээр хохироосон хэмээн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн 91-р зүйлийн 91.2.2 ангиар буруутган 23 жилийн хорих ял өгчээ. Шүүгдэгч Ж нь одоогоос есөн жилийн өмнө буюу 2005 онд хүний амь нас санаатайгаар хохироосон гэмт хэргээр 11 жилийн ял шийтгүүлэн хоригдож байсан ба сүүлийн хоёр жилийн хорих ялыг тэнсэн харгалзахаар болж өнгөрөгч онд шоронгоос гараад байсан аж. Ялын хугацаа дуусаагүй байх үедээ, давтан үйлдлээр хүний амь нас хохироосон нь тогтоогдсон учир шүүхээс онц аюултай гэмт хэрэгтэнд тооцжээ. Улмаар шүүгдэгч Ж-ийн биеэр эдлээгүй хоёр жилийг нэмж нийт 25 жилийн ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасан байна.
Өнгөрөгч 8-р сарын 22-ны өдрийн 23:00 цагийн орчимд, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг Г Баянгол дүүргийн гуравдугаар хорооллын эцсээс хоёр зорчигч суулгаж бичил хороололд хүргэжээ. Улмаар таксины төлбөрөө авахаар шүүгдэгч Ж-тэй маргалдаж амь насаа алдсан байна. Болсон хэргийн талаар шүүгдэгч Ж мэдүүлэхдээ “Тэр орой Саппорогоос алхаж яваад хорооллын эцсийн тэндээс таксинд суугаад буух гэтэл 1500 төгрөг нэхсэн. Нэг км газар явсан ахад нь 800 төгрөг л байна гэхэд өөдөөс хаана хүн хулхидаж сурсан хүн бэ хэмээн машинаа хөдөлгөөд ойролцоох есөн давхар байрны гаражийн гадна очиж зоссон. Бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг нээж намайг заамдаж авахад жолооч бид хоёр хамтдаа газар унасан. Тэр залуу миний нүүрэнд хоёр удаа цохисон. Ноцолдож байгаад өмсөж явсан цамцных нь захаар боосон юм. Нэг мэдэхэд жолоочийн гар нь суларч газар унахад нь би ухаан алдчихлаа гэж бодсон” гэжээ.
Жолооч Г-ын амь насыг хохироох үедээ шүүгдэгч Ж нь архи хэрэглэж согтуурсан байсан ба жолоочийн цогцсыг хэргийн газарт орхин, газар унасан гар утсыг нь авч танилдаа худалдсан байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Хэрэг болсноос дөрвөн цагийн дараа талийгаач Г-ын цогцсыг гэртээ орохоор явж байсан иргэн Х олж харснаас цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Улмаар нас барсан иргэний хэн болохыг тогтоож түүний ар гэрийнхэнд шөнийн 05:00 цагийн орчимд мэдэгдсэн байна. Харин гэмт хэрэгтнийг 24 цагийн дараа түрээслэн амьдардаг байсан нийтийн байрнаас нь баривчилсан байдаг.