Categories
мэдээ спорт

“Улаанбаатар марафон” эхэллээ

Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд манай улс жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг автомашингүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хамгийн чухал арга хэмжээний нэг болох “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээн 10:00 цагт эхний тамирчид барианаас гарлаа.

Марафон нь мэргэжлийн болон сонирхогчдийн гүйлт гэсэн хоёр төрлөөр явагдаж байгаа ба Чингисийн талбайгаас гараанаас гарч, тус бүрийн маршрутаар гүйсээр эргэн Чингисийн талбайд бариандаа ирэх юм. Мэргэжлийн тамирчдын марафон нь хагас марафон буюу 21 км, бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлт гэсэн төрлүүдтэй байна. Харин сонирхогчидын дунд болж буй марафоныг 4 насны ангиллаар 3 зайд уралдуулна. Тодруулбал, 5000 метрийн гүйлтэд 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш насныхан, 10,000 метртийн гүйлтэд 18-аас дээш насныхан оролцох юм. Мөн гэр бүлийн гүйлт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гүйлт нь 1.5 км зайг туулах юм байна. Шагналын сангийн тухайд: бүтэн марафон буюу 42 км-ийн гүйлтэд түрүүлсэн тамирчинд 10 сая төгрөг, хоёрдугаар байр эзэлсэн тамирчинд 8 сая, гуравдугаар байрт шалгарсан тамирчинг 6 сая төгрөгөөр тус тус шагнаж урамшуулахаар болжээ. Сонирхогчдийн гүйлтийн 10,000 метрийн зайн тэргүүн байрыг 500,000 төгрөгөөр, хоёрдугаар байрыг 400,000 төгрөгөөр, гуравдугаар байрыг 300,000 төгрөгөөр, 5,000 метрийн зайн гүйлтийн нэгдүгээр байр 300,000 төгрөг, хоёрдугаар байрыг 250,000 төгрөг, гуравдугаар байрыг 200,000 төгрөгөөр тус тус шагнах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *