Энэ сарын 4-нд “Night of Ballet” олон улсын балетын наадам Улаанбаатар хотноо болно. Наадамд оролцохоор АНУ, ОХУ, Хятад, Япон зэрэг дэлхийн 17 орны балетчин манай улсад ирээд байна. Наадмын талаар МУГЖ, бүжигчин Д.Алтанхуяг болон АНУ-ын “Орландо балет” компанийн гоцлол бүжигчин Жосеф Гатти нарын олон улсын балетчид мэдээлэл хийлээ.
МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам 5 дахь удаагаа Улаанбаатар хотноо зохиогдох гэж байна.
Наадмын ач холбогдлын талаар МУГЖ, бүжигчин Д.Алтанхуяг “Олон улсын балетчид энэхүү наадамд дэлхийн сонгодог урлагийн их ноён оргил бүтээлүүдийг Монголын тайзнаа амилуулахаар бэлтгэлээ базааж байна. Энэхүү наадам Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэр төрийн нэгэн баталгаа болно гэдэгт итгэлтэй байна. Наадмын бас нэгэн онцлог гэвэл миний бие уртын дуучин Г.Эрдэнэчимэгтэй хамтарсан “Монгол бахархал” уран бүтээлийг энэхүү наадмын үзэгчдэд анх удаа тоглож сонирхуулна. Ер нь дэлхийн шилдэг бүжигчдийг нэгэн дор цуглуулж, орчин үеийн сонгодог бүжгийн урлагийн хөгжлийг тодорхойлдог олон улсын хэмжээний наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддог. Үүн дотор Монгол Улс багтаж, энэ төрлийн наадмыг зохион байгуулдаг Азийн 3 дахь орон болж байгаагаар бид бахархах эрхтэй” хэмээв.
Энэхүү наадамд оролцохоор:
- Дасти Баттон /АНУ/
- Жосеф Майкл Гатти /АНУ/
- Родриго Алмаралес /Куба Швед/
- Лаша Хозашвили /Гүрж улс/
- Наояа Эбэ /Япон улс/
- Елена Лобсанова /ОХУ, Канад/
- Аяа Канеко /Япон улс/ зэрэг олон улсын балетчид хүрэлцэн иржээ. Түүнчлэн Монгол улсаас Д.Алтанхуяг, Г.Цолмон, Ч.Ганчимэг, А.Эрдэнэболд, Б.Саруул, О.Анужин зэрэг балечин оролцох юм байна.