Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн чуулган өндөрлөлөө

НҮБ-ын Байгаль орчны ассемблейн (НҮББОА) хоёрдугаар чуулган өнгөрсөн долоо хоногийн турш үргэлжилж Бямба /2016.05.28/ гаригийн өглөө өндөрлөлөө. Чуулганд дэлхийн 174 орны 2000 гаруй төлөөлөгч оролцсоны дотор 120 гаруй орон сайд нарын хэмжээнд төлөөлөгчөө илгээжээ. Чуулганы сүүлийн хоёр өдрийн хуралдааныг Сайд нарын өндөр хэмжээнд болсон байна.

Энэ удаагийн чуулганы үйл ажиллагаа “Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн Байгаль орчны зорилтуудыг хэрэгжүүлэх нь” ерөнхий сэдвийн хүрээнд явагдаж өнгөрлөө. Чуулганаар өмнөх чуулганы тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний дүн, дэлхийн болон тодорхой бүс нутаг, улс орнуудын өмнө тулгарч байгаа байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх талаар өргөн хэлэлцүүлэг явууллаа. Түүнчлэн чуулганы үеэр НҮББОХ-аас ᠌”Эрүүл орчин-Эрүүл хүн” сэдэвчилсэн тайлан илтгэл танилцуулж, энэ уриан доор сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэг өрнүүллээ. Сүүлийн жилүүдэд батлагдсан Тогтвортой хөгжлийн 2030 оны хөгжлийн хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үндсэн чиглэл, Хөгжлийн төлөөх санхүүжилтийн Аддис Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг олон улсын чухал баримт бичгүүдийн холбогдох зорилт, заалтыг НҮБ-ын байгаль орчны хөтөлбөрийн (НҮББОХ) хүрээнд хэрхэн хэрэгжүүлэх тухай асуудал нь энэ удаагийн чуулганы нэг гол хэлэлцэх асуудал байв.

Чуулганы хүрээнд “Шинжлэх ухаан–бодлого форум”, “Тогтвортой инновац Экспо” болон тогтвортой хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зэрэг сэдвээр симпозиум, мөн олон чухал сэдвээр олон арван арга хэмжээ зохион байгуулж улс орнуудын байгаль орчны сайд нар, төр нийгмийн олон зүтгэлтнүүд, олон улсын төрөлжсөн байгуулагуудын тэргүүн, эрдэмтэд судлаачид, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл зэргийг урьж оролцуулан өргөн хэлэлцүүлэг явуулав.

Монгол улс хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, газрын доройтол, цөлжилт, шороон шуурганы асуудал, мөн бэлчээрийн аж ахуйн тогтвортой хөгжил зэрэг сэдвээр арга хэмжээ, хэлэлцүүлгийг зарим улс орон, байгууллагатай хамтран зохион байгууллаа. НҮББОА-н анхны Ерөнхийлөгч С.Оюун энэхүү чуулганаар Коста Рика улсын Байгаль орчин, эрчим хүчний сайд Эдгар Гутиэррэз Эспелетад ассемблейн дараагийн Ерөнхийлөгчийн үүргийг хүлээлгэн өгсөн ч чуулганы үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцон, энэ үеэр зохион байгуулагдсан 10 гаруй арга хэмжээнд уригдан оролцож үг хэлэн, олон арга хэмжээнийн сэдэвчилсэн хэлэлцүүлэгт оролцов. Чуулганы ажиллагаанд мөн манай орны байгаль орчны иргэний нийгмийн болон банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид идэвхтэй оролцсон байна.

НҮББОА-н анхны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Оюун, ассемблейн хоёрдугаар чуулганаас сонгогдсон хоёр дахь Ерөнхийлөгч Коста Рика улсын Байгаль орчин, эрчим хүчний сайд Эдгар Гутиэррэз (зүүн гар талаас), НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал Аким Штайнер нар

уулганы хаалтын хуралдаанаар олон чухал сэдэв, чиглэлээр НҮББОХ-ийн зүгээс авах арга хэмжээг тодорхойлсон нийт 24 тогтоол, 2 шийдвэр батлан гаргалаа. Эдгээр тогтоолууд нь Тогтвортой хөгжлийн 2030 оны хөтөлбөрийн Байгаль орчны зорилт, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд НҮББОХ-ийн үүрэг, дэлхийн далайн хог хаягдал, зэрлэг амьтны хулгайн ан, агаарын бохирдол, химийн бодис, хог хаягдал, тогтвортой хэрэглээ болон бүтээгдэхүүн, газрын доройтол, бэлчээрийн аж ахуй, байгаль орчны боловсрол зэрэг маш өргөн хүрээтэй олон чухал асуудлыг хамарч байна. Түүнчлэн дайн байлдаан, зэвсэгт мөргөлдөөний улмаас байгаль орчинд учруулж байгаа хор хохирлын үнэлгээ хийх, нөхөн сэргээх зэрэг асуудалтай холбоотой тогтоолын төслийг хэлэлцэхэд улс орнуудын байр суурь ихээхэн зөрөлдөж, Газын бүс нутагт 2012 болон 2014 онд болсон дайн байлдааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ хийх тухай тогтоолын төсөл батлагдсангүй. Манай улс бусад зарим оронтой хамтран хог хаягдал, химийн бодисын тогтвортой манежментэд байгальд ээлтэй технологи нэвтрүүлэх тухай, мөн байгаль орчны боловсрол, сургалтыг дээшлүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудлаар тогтоолын төсөл оруулан хэлэлцүүлсэн нь амжилттай батлагдлаа. Түүнчлэн олон улсын болон иргэний нийгмийн зарим байгууллага, улс орнуудтай хамтран Газрын доройтол, цөлжилт, бэлчээрийн аж ахуйн тогтвортой менежментийн асуудлаар тогтоолын төсөл оруулж батлууллаа. Эдгээр тогтоол батлагдсанаар тухайн асуудалд олон улсын анхаарлыг хандуулж, НҮББОХ-ийн зүгээс ойрын жилүүдэд тухайн асуудлаар тодорхой арга хэмжээ авч, хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх боломж нээгдэж байгаа юм.

НҮББОА-н энэ удаагийн чуулганаар UNEA-ийн дараа дараагийн чуулганы хуралдуулах хугацааг өөрчилж сондгой тоотой онуудад хуралдуулж байх, дараагийн гуравдугаар чуулганыг 2017 оны сүүлээр хуралдуулах шийдвэрлэлээ.

Ийнхүү НҮБ-ын Байгаль орчны ассемблейн 2 дугаар чуулган амжилттай хуралдаж өндөрлөлөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *