Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Цагдаа, прокурор, шүүхийн гадна чулуу няслаад суудаг хүмүүс байхгүй болно

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа.

-Прокурорын байгууллагын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдлаа. Ингээд хуулийн салбарын хуулийн шинэчлэлт ерөнхийдөө дуусч байна уу?

-Хийх ёстой ажлынхаа гуравны нэг дээр ирж байна. Парламентаас хууль болгож батлах л үйл явц дуусах тийшээ хандаж байна гэсэн үг. Бид Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийг гаргасан. Дараа нь энэ хоёр хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой процессын хуулиудыг гаргалаа. Хэн нэгэн албан тушаалтанд эрх мэдэл өгч болно. Гэхдээ тэр эрх мэдлийг хэзээ, хаана, хэнд хэрэглэх вэ гэдгийг нарийвчилж заах хэрэгтэй. Ингэхгүй бол эрх мэдэл тухайн албан тушаалтны нийгэмд эзлэх байр суурь, давуу талын илэрхийлэл болно. Тэр эрх мэдлээ ашиглан авлига авч, амьдралаа дээшлүүлэх арга болгож хувиргадаг. Эсвэл бусдаас өс хонзон авах хэрэгсэл болгодог. Эсвэл бүлэг хэсгээрээ хуваагдаж хэн илүү эрх мэдэлтэй байна гэж талцаж байлдах талбар болгодог байхгүй юу. Тийм учраас төрд тэр дундаа албадлага, хүчирхийлэл хууль ёсны дагуу хэрэглэж болзошгүй, хэрэглэж байдаг байгууллагуудын эрх мэдэлтнүүдийн үйл ажиллагааг дүрэмтэй болгоно гэдэг бол маш том суурь шинэчлэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Хууль сахиулах ажиллагааны тухай хууль гэдэг хоёр том хууль саяхан баталсан. Энэ хууль суурь шинэтгэлийн хамгийн тулгуур өөрчлөлт болж байгаа. Урьд нь Ерөнхийлөгчийн зүгээс ярьдаг байсан. Лу.Гантөмөр өмнөх парламентын үед хэлж байсныг санаж байна уу. “Эрх нь дэндсэн төр юм биш үү” гэсэн утгатай үг хэлж байсан. Энэ нь тухайн улстөрчийн ишлэл мэт боловч бодит байдал дээр бид тодорхой албан тушаалтнууд, байгууллагууд, төрийн бүтцэд иргэн рүүгээ халдах, эрх чөлөөг нь хязгаарлах, албадлага хэрэглэх маш хүчтэй эрх чөлөөг нь өгсөн байсан. Тэгээд тэр эрх мэдэлтэй байгууллага дүрэм журмаараа ажиллаж чадна. Нийтийн ашиг сонирхлын төлөө байж чадна гэж итгээд ёс зүйд нь найдсан. Харамсалтай нь амьдрал дээр тийм юм байхгүй байна. Нийгмийн дунд “Хүнийг эрүүдэн шүүж байна”, “Хэрэгт холбогдуулан шалгасан маш олон хүн хилс хэрэгт холбогдлоо гэж дараа нь төрөөс их хэмжээний мөнгө нэхэж байна”, “Хуулийн эрх мэдэлтэй, албадлага хэрэглэх, хэрэг мөрдөх шалгах байгууллагууд хэн нэгний гар хөл болж өрсөлдөгчөө намнах хэрэгсэл болж байна” гэсэн шүүмжлэл байгаад байна шүү дээ. Эдгээр шүүмжлэлийг таслах гол арга нь л энэ хууль. Эрхүүдийг өгч болно гэхдээ хэзээ, хаана, хэнд, яаж хэрэглэх гэдэг дөрвөн асуултад маш нарийн хариулсан дүрэм журамтай байх ёстой. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд уг нь байгаа юм. Иргэний эрх, эрх чөлөөг гагцхүү хуульд заасан үндэслэл журмын дагуу хязгаарлана гээд заачихсан. Гэтэл 24 жил болоход хууль, үндэслэл, журамд заахгүйгээр иргэний эрх чөлөөг хязгаарладаг төрийн маш олон байгууллага, албан тушаалтнууд байсаар ирсэн. Түүнийг одоо цэгцэлж байна.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд иргэний эрхийг сайжруулсан ямар заалтууд байгаа вэ. Хүмүүс тэр болгон хууль уншаад байдаггүй шүү дээ. Ийм ийм болсон шүү гээд онцлох зүйлсээс нь хэлж өгөхгүй юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг бол хэн нэгнийг гэм буруутай гэж үзэж ял оноодог тэр процессыг журамлаж байгаа хууль л даа. Тэгэхээр хэн нэгнийг гэмт хэрэг хийсэн гэж үзэж байгаа бол яаж нотолж байгаа юм. Хэрвээ нотолж чадаж байгаа бол ямар аргаар нотолж байна. Нотолсны дараа оноож байгаа ял зэм нь хэр зэрэг шударга юм. Мөн тэр гэмт хэргийн улмаас хохирч байгаа хохирогчийн хохирол барагдаж чадаж байгаа юу. Энэ асуудлуудыг шийдэж байвал сая шударга ёс, хууль засаглаж чадаж байна гэсэн үг. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль гэх мэтийг аваад үзэхэд нотлох арга нь их маргаантай. Яг зөвлөлт маягийн эрх зүйн арга барил, уламжлалаараа гэмт хэргийг нотлох хамгийн чухал нотлох баримт бол гэмт хэрэгтэн өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэж үздэг. Өөрийнх нь мэдүүлгээр гэмт хэргийг нь нотлох бол нэг номерын ач холбогдолтой. Өөрөөр нь хэргийг нотлуулахын тулд яах ёстой вэ гэхээр гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг нэн даруй л баривчлах ёстой. Хорьж байгаад, эрүүдэн шүүх, айлган сүрдүүлэх, тагнаж чагнах хэрэгтэй. Өөрөөр нь “Тийм ээ. Би гэмт хэрэг хийсэн юм” гэж нотлуулах гээд байна. Гэтэл 1992 оны Үндсэн хуульд хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, гэр бүлийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй гээд заачихсан мөртлөө түүнийгээ бүрэн үгүйсгэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн нотлох онол арга зүйтэй байсан. Сая бид үүнийг өөрчилсөн. Тэгэхээр тэр хүнийг орчин үеийн шинжлэх ухааны ололтыг ашиглаж нотлох ёстой.

-Орчин үеийн шинжлэх ухааны ололт ашиглана гэхээр гудамжны камерын бичлэг нотлох баримт болно гэсэн үг үү?

-ДНК, цусны шинжилгээ гээд шинжилгээний байгууллагуудын чадварыг дээшлүүлэх тухай ярьж байна. Орчин үеийн техникийн туслалцаа гэхээр жишээ нь одоо гудамжинд маш олон камер тавьж байна шүү дээ. Энэ камерт бичигдсэн бичлэг нотлох баримт болох ёстой. Одоо үйлчилж байгаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар энэ камерт бичигдсэн бичлэг нотлох баримт биш. Бичлэг дээр хүн зодож байгаа нь харагдаад байхад нотлох баримт яаж бүрддэг вэ гэхээр байцаалт болон цаасан нотлох баримт гэдэг хоёр аргатай. Тэр арга нь юу гэхээр камерын бичлэгийг аваад протокол үйлдээд, шинжилгээ өгөөд тэгээд камерын бичлэг нь биш хийсэн протокол буюу цаас нь нотлох баримт болдог. Тэр цаасан нотлох баримтаараа нөгөө хүнээс байцаалт аваад байцаалтаараа нотлоод цаас нь үлдэж байгаа юм. Гэтэл дэлхий нийтээрээ техникийн ололтыг ашиглаад бичлэг нь нотлох баримт болдог болчихоод байхад бид яаж байна. Яах аргагүй тэр бичлэг дээр хулгай хийж байгаа, хүн зодож байгаа нь харагдаад байдаг. Гэтэл нөгөө хүн эрх мэдэлтэй, мөнгө төгрөгтэй, танил талтай бол энд цаас үйлдээд дараагийн хүнд дамжуулдаг энэ процессууд нь хэргийг баллуурдахад зориулагддаг. Тодруулбал, тэр бичлэг дээрх хүн мөн, биш гэж маргаан гарна. Дахиад тэр бичлэг хууль ёсны мөн, биш гэсэн маргаан гарна. Дараа нь тэр бичлэг нь алга болчихсон тийм учраас гэх мэтчилэн. Бичлэг шууд нотлох баримт болдоггүйгээс завсар нь мөрдөн байцаагч, хэрэг бүртгэгч юм уу хэн нэгэн зохиол бичих боломжийг байнга олгож байгаа биз. Тэгэхээр яг бодит байдал, шүүхээр орж байгаа нотлох баримт хоёрын хооронд зөрүү гараад эцэстээ хэрэг замхарч болно. Эсвэл өөр хүн хэлмэгдэж болно. Энэ дотор юу л бол юу болж болохоор тийм процесс байгаа юм. Бид энэ процессыг өөрчилсөн. Одоо цаасан нотлох баримт буюу байцаалтаар биш ажиллагааны нотлох баримт болон өөр бусад эд зүйлийн нотлох баримтыг чухалд тооцно.

-Ажиллагааны нотлох баримт гэж юу вэ?

-Жишээ нь хар тамхитай холбоотой хэргийг аваад үзье. Тэр тохиолдлын байдлаар илрэхгүй шүү дээ. Тэгэхээр хар тамхи зараад байх шиг байна гэж үзвэл үнэхээр хар тамхи мөн эсэхийг мэдэх хэрэгтэй болно. Ямар сувгаар орж ирж байгааг тагнах хэрэгтэй. Дараа нь нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулж нөхцөл байдлыг тодорхойлох шаардлагатай болно. Ингээд тухайн хүнийг дөрөв дэх үйлдэл дээр нь барьж авч байгаа. Өмнөх нэг, хоёр, гурван зүйл нь нотлох баримт болно. Түүнээс тэр хүнийг шууд барьж авчраад чи хар тамхи зарсан уу үгүй юу гэж байцааж цаасаар нотлох тухай биш. Ажиллагаа явуулаад байгаа биз. Тэр ажиллагаанууд шууд нотлох баримт болох ёстой. Өөрөөр хэлбэл тасалгаан дотор хүнийг байцаах биш нөхцөл байдал дээр гарч ажиллана. Тэр ажиллагаануудаараа гэмт хэргийг илрүүлэхээр болж байна гэсэн үг. Одоо мөрдөн шалгах, гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаа бол хүнийг ир, ирэхгүй бол чамайг тэдэн жил хорино гэж айлгаж мэдэгдэх хуудас өгөөд цаг, ажлыг нь бүгдийг нь алдагдуулж хэдэн сараар цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд чулуу няслуулж суулгаад, цаасан дээр зохиол бичиж суухгүй болно. Өөрөөр хэлбэл цагдаа, прокурор, шүүхийн үүдэнд хоёр жил чулуу нясалж суудаг хүмүүс байхгүй болно гэсэн үг. Хүмүүс амьдраад, ажлаа хийгээд явж байхад хуулийн байгууллагууд илүү үйл ажиллагаа явуулж тэр гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийнэ. Одоо бол үүдэндээ чулуу няслуулж суулгах эсвэл цагдан хорих төвд хорьж хэрэг илрүүлэх гэж оролдоод байна шүү дээ. Залхаан цээрлүүлж тухайн иргэний ажил, амьдралыг “алах” байдлаар ажиллаж байна. Гэмт хэрэгтэй тэмцэх, илрүүлэх дээр жирийн иргэнтэй холбоотой асуудал хөндөгдөх тусам тэр иргэний ажил амьралын хэв маягийг өөрчлөхгүйгээр шалгадаг байх ёстой. Зохион байгуулалттай гэдэг юм уу үнэхээр аюултай гэмт хэрэгтнүүдтэй нөгөө аргаараа үзэх ёстой. Зөвхөн нэг аргаар бүх хэрэгтэй ажилладаг байсныг бид өөрчилж байгаа.

-Шүүх хурлын хувьд баримтын, ялын гээд төрөлжиж байгаа юм билээ. Тэр талаар тодруулбал?

-Бид бүгдээрээ л ярьдаг байсан даа. Гар утас хулгайлсан хүн арван хэдэн жил авчихлаа. Ял шийтгэлийн бодлого шударга юм уу, үгүй юм уу гэдэг байсан. Энэ ял шийтгэлийн бодлогод том өөрчлөлтүүд орсон. Ер нь бол доод, дээд ялын зай илүү холдсон. Бодит байдал дээр үндэслэн хүмүүст тохирсон ял өгөх боломжийг бүрдүүлсэн. Дээр нь гэм буруугаа хүлээгээд хохирлоо барагдуулсан бол илүү бага ял авах бололцоог бүрдүүллээ. Хохирогч хохирлоо төлүүлж чаддаг уу гээд дээр хэлж байсан даа. Одоо заримдаа гэмт хэрэгтэн нь шорондоо явдаг. Хохирогч нь хохирсноороо үлддэг байдалтай байна. Гэмт хэрэгтэн торгууль төлсөн ч мөнгө нь төсөв рүү ороод дарга нарын цалин болоод хувирчихаж байхад хохирсон иргэн хохирлоо төлүүлээгүй байж байх жишээтэй. Хохироосон иргэн нэгэнт шоронд суусан юм чинь хохирол төлөхгүй гэж гүрийсэн хэвээрээ. Ингэхээр хохироосон иргэн, хохирогч хоёр хэзээ ч нэг нэгнээ уучлах, ойлгох, эвлэрэх тухай яриа байхгүй. Хоёр биенээ үзэн ядаад дуусдаг. Голд нь төсвийн мөнгөө нэмэгдүүлээд төр хожчихож байгаа юм. Ийм шударга бус тогтолцоо байж болохгүй шүү дээ. Энэ чинь соёлт хүн төрөлхтөнд байж боломгүй тогтолцоо байхгүй юу. Тийм учраас гэмт хэрэгтэй холбоотой асуудалд бол хохирогч хохирлоо барагдуулаад явах ёстой. Гэмт хэрэгтэн хохирогчид аюултайгаас илүүтэй нийгэмд аюултай үйлдэл хийсэн бол ял зэм аваад явах ёстой. Үүнээс төр ашиг орлого олж болохгүй. Тийм учраас шүүх хуралдааны хэд хэдэн хэв маяг бий болгосон. Гэм буруугийн шүүх, ял оноох хуралдаан гээд зааг гаргасан. Өөрийгөө өмгөөлж гэм буруутай, үгүйгээ шүүхээр тогтоолгох нь хүний эрх учраас хэн ч гэм буруугийн шүүх дээр маргалдаж болно. Гэм буруугийн шүүх дээр хэрэг нь нотлогдвол дараагийн ял оноох хурал дээр маргахгүй. Тэгэхээр жишээ нь “Танд зодуулсан хүн эмнэлэгт үзүүлэх зэргээр явж зургаан сая төгрөгөөр хохирсон байна. Ял оноох хурал хийхээс өмнө та хохирогчтой эвлэрээд тэр зургаан сая төгрөгийг төлөөд хохирлоо барагдуулбал ял оноох хурал дээр танд гурван жилийн ял өгч болно. Хохирлоо барагдуулахгүй бол танд би долоон жилийн ял өгнө” гэнэ. Хүн ямар ч нөхцөлд гурван жилийг нь авахын тулд хохирогч дээр очоод уучлалт гуйна, эвлэрнэ, хохирол барагдуулна. Яагаад гэвэл гэм буруугийн хурал дээр хохирлын хэмжээ бүгд тодорхой болчихож байгаа юм. Ингэхээр ядаж хүн ёсоор хоёр биентэйгээ харилцах боломж үүснэ. Олон зүйл процессын хуульд шийдэгдсэн.

Мөн хуучин хуулиар хүн шүүх хурал дээр би ийм хэрэг хийгээгүй гэхээр шүүгч, прокурор “Одоо ч засраагүй байна” гээд өндөр ял өгчих гээд байдаг.

Гэм буруутай гэхээр өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гээд Үндсэн хуульд байгаа хамгийн гол эрхээ эдэлж чадахгүй үлдчих гээд байна. Энэ зохицуулалтын болхи муйхар байдлаас болж хохирогч, гэмт хэрэгтний аль алиных нь эрх зөрчигдөөд байдаг байсан. Одоо шүүхийн ялгамжтай хурлуудын тогтолцоог хийгээд өгөхөөр хохирогчийн ч тэр, гэмт хэрэгтний ч тэр хуульд заасан эрх нь хөндөгдөхгүй.

Дээр нь түрүүн хэлсэн гэмт хэрэг гэдэг үзэгдлийн дундаас төр ашиг олдог нь багасч иргэнийхээ эрх, эрх чөлөөг хамгаалах хууль ёсныхоо үндсэн зорилго руугаа алхах боломжтой болж байгаа юм.

-Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулиар нэлээд олон зүйлийг зохицуулах шиг болсон?

-Иргэнийг хууль ёсоор хүчирхийлж болдог байгууллагуудын үйл ажиллагааг бүхэлд нь журамлаж өгч байгаа. Жишээ нь, эд хөрөнгө битүүмжлэх байна. Үндсэн хуульд хүн хувийн өмчтэй байх эрхтэй. Тэр хөрөнгийг нь битүүмжилнэ гэдэг чинь эрхийг нь хязгаарлана гэсэн үг. Үндсэн хуульд зөвхөн хуульд заасан үндэслэл журмын дагуу хүний эрхийг хязгаарлана гэж байгаа. Цагдаагийн байгууллага нэг иргэний 500 мянган төгрөгийн хөрөнгийг битүүмжлэхийн тулд тодорхой хуулиудад заасан журмын дагуу ажиллаж бөөн юм болж битүүмжилж байна. Гэтэл татварын юм уу, мэргэжлийн хяналтын байцаагч хүний таван тэрбум төгрөгийн хөрөнгийг зүгээр өөрийнхөө гарын үсгийн үзүүрээр битүүмжилж байна. Ялгаатай байгаа биз. Битүүмжилж байгаа эд хөрөнгө нь хүний өмч. Үндсэн хуульд заасан өмчлөх эрхийг өөр өөр байгууллагууд, өөр өөр үндэслэл журмаар хамаа намаагүй хязгаарлаж болж байна аа даа. Ингээд харахаар нэг нь хуульд заасан журмаар нөгөө нь байгууллагын даргын гаргасан заавар журмаар явж байдаг.

Энэ одоо шударга уу. Яг үүнтэй адилхан гав, бороохой хэрэглэх тухай асуудал байна. Цөөнгүй байгууллага гав хэрэглэх эрхтэй байна. Гэтэл нэг байгууллагын гав хэрэглэх эрх нь хуулиар зохицуулагддаг. Нөгөө байгууллага нь болохоор байгууллагын даргын гаргасан заавар журамтай. Гэтэл өөр нэг байгууллага нь зүгээр практикт бид ингээд хэрэглээд ирсэн шүү дээ гэдэг. Ямар ч дүрэм журамгүй байдаг. Гав хэрэглэснээс болоод хүн амь насаа ч алдах аюултай. Галт зэвсэг хэрэглэх мөн адил. Галт зэвсэг хэрэглэнэ гэдэг нөгөө талдаа хүн шууд үхнэ гэсэн үг биз дээ. Гэтэл Үндсэн хуульд хүн амьд явах эрхтэй шүү дээ. Галт зэвсгийг цагдаагийн байгууллага хэрэглэх бол хуультай. Өөр бусад байгууллагад галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой асуудалд хуулиар журамлагдаагүй байсан. Байгаль орчны байцаагч галт зэвсэгтэй мөртлөө ямар хууль, журмаар хэрэглэх нь байхгүй. Тэгэхээр төр албадлагын ийм хүчтэй зэвсэг олон байгууллагад өгсөн мөртлөө олон янзаар зохицуулж хаясан байна. Хуулиар зохицуулдаг байгууллага байхад нэг хэсэг нь Засгийн газрын тогтоолоор явж байдаг.

Нөгөө хэсэг нь байгууллагын газрын даргын гаргасан заавар журмаар зохицуулагддаг. Зарим нь бүр ямар ч заавар журам байхгүй бид угаасаа л ийм буутай байдаг байсан шүү дээ гэдэг. Үүнийг зохицуулаагүй байна гэдэг нөгөө талд хүний амь нас, эд хөрөнгө маш эрсдэлтэй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс нэг стандарт болгоод Хууль сахиулах ажиллагааны тухай хуульд орууллаа. Үүнд нөгөө галт зэвсэг хэрэглэж байгаа бүх байгууллага захирагдана. Ийм хуультай болсон.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар олон төрлийн ял эдлүүлэхтэй холбоотой өөрчлөлтүүд орсон уу?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар Эрүүгийн хууль болон сая батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуультай холбогдуулаад хорихоос өөр төрлийн ялыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг журамлаж өгч байна. Мөн хорьж мөрдөхгүй гэдэг зохицуулалт хийгээд эхэллээ шүү дээ. Тэгэхээр хорьж мөрдөхгүй гэхээр хүнийг гадуур байлгана. Гадуур байлгана гэдэг хяналтгүй орхино гэсэн үг ерөөсөө биш. Тийм учраас түүний хяналт яаж явах вэ гэдэг журмууд батлагдах ёстой болсон. Бид шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой хуулийн шинэтгэлийн хүрээнд хийх ёстой шинэтгэлийнхээ 50 хувийг хийлээ. 50 хувь нь ард үлдэж байна гэсэн үг. Уг нь гүйцэд хийсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай гэж байгууллагын хууль биш Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль гэдэг шиг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хууль гэж процессын хууль гарах байсан. Тэгэхдээ хоёр төрлөөр гарах ёстой байсан. Нэг нь ял эдлүүлэх тухай хууль, нөгөө нь шийдвэр гүйцэтгэх тухай хууль гэж тусдаа. Ял эдлүүлэх тухай гэвэл Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэнд ямар ял оноосон түүнийг нь яаж эдлүүлэх тухай тэр ажиллагааг зохицуулна. Нөгөөх нь иргэний журмаар шийдвэр гаргасан тохиолдолд хэрэгжүүлэх байхгүй юу. Иргэд хоорондоо маргалдана гэдэг бол үндсэндээ хувь хүмүүсийн асуудал. Тиймээс бусад улс оронд бусад татвар төлөгчдийг торгож төрийн мөнгөөр хийдэггүй. Харин яг гэмт хэргийг яллаж байгаа бол хувийн маргаан биш. Нийгэмд аюултай зүйл хийсэн учраас төр яллаж байгаа хэрэг. Тэгэхээр энэ хоёр шүүхийн шийдвэр хоёр өөр байгаа биз. Тиймээс энэ хоёрыг ялгаж өгөх ёстой байсан. Иргэний маргааны хувьд аль нэг хохирол учруулсан талаас нь төлбөрийг нь авч төлүүлдэг. Бусад улс орнууд энэ ажлыг хувийн компаниуд руу өгдөг. Цагдаа, цэрэг, ял эдлүүлэх байгууллагад ажиллаж байсан хүмүүс эрт тэтгэвэрт гардаг. Тэр хүмүүс хүмүүс тусгай чадвартай байдаг. Тэтгэвэрт эрт гарчихаар тэдэнд ямар нэгэн хууль ёсны ажил өгөхгүй бол зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн харуул хамгаалалтын ажил ч юм уу өөр зүйл рүү орчих гээд байдаг. Ийм учраас чадвартай хүмүүстээ компани байгуулж ажиллах боломж олгодог. Тийм зорилготойгоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тухай хуулийг ажиллагааны хоёр хууль болгож процессжуулах ёстой байсан.

Үүнийгээ хараахан бүрэн дүүрэн хийж чадсангүй. Гэхдээ сая байгууллагын тухай хуулийг илүү сайн процессжуулаад дотор нь процессуудыг деталиар нь нэлээд сайн бичиж өглөө. Дахиад таван жил өнгөрөхөд улстөрчид ч, олон нийт ч хөгжлийн дэвшилттэй үзэл санааг илүү сайн ойлгоод ирэхээр дахиад шинэтгэл явна. Шинэчлэлийн үйл явц тасралтгүй үргэлжлээд байна. Одоо байсан алхмаасаа л ухарч болохгүй.

Ж.БАЯРСАЙХАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *