Засгийн газраас өнгөрсөн сард “Сайн оюутан” хөтөлбөр баталсан. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр оюутнууд сургалтын төлбөртөө санаа зовох зүйлгүй болж байгаа юм. Нэг ёсондоо хичээл зүтгэлтэй, сурах чин эрмэлзэлтэй оюутнууд зээл авч сургалтын төлбөрөө төлөх бүрэн боломжтой болно. Энэхүү хөтөлбөр дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой ажээ. Хөтөлбөрийг богино болон урт хугацааны гэсэн хоёр төрөлтэй байхаар зохицуулсан юм билээ. Богино хугацааны зээл нэг жилийн хугацаатай ба тухайн жилийнхээ төлбөрийг суралцах хугацаандаа төлөөд явна.
Ийм төрлийн зээлийг шинээр авч болох бөгөөд мөн энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хойш дээд боловсролын сургалтын төлбөрт зориулан авсан цалин, тэтгэврийн зээл шууд “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдах боломжтой. Ингэснээр иргэдийн өндөр хүүтэй авсан зээл шууд таван хувь руу шилжих юм. Ийм төрлийн зээлд хамрагдахын хүссэн оюутнуудад ерөнхий буюу цөөн хэдэн шаардлага тавигдах юм билээ. Тэр нь голч дүн нь 2.5-аас дээш, магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын үндсэн ангийн оюутан байх, төлбөр төлсөн оюутан нь зээлдэгчийн гэр бүлийн гишүүн байх, зээл авснаас хойш 14 хоногийн дотор сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн болон зээлдэгчийн дансны хуулга, бусад баримттай байх зэрэг шалгууртай. Харин урт хугацааны буюу сургуулиа төгссөний дараа ажилтай, орлоготой болсон хойноо төлөх зээл гэж бий. Энэ төрлийн зээлд мөн л дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын, үндсэн ангийн оюутан хамрагдана гэсэн ерөнхий шалгууртай. Дээрээс нь хэрэв нэгдүгээр дамжааны оюутан бол элсэлтийн ерөнхий шалгалтын дүн 650-гаас дээш байх, хоёр болон түүнээс дээш дамжааны оюутнуудын голч дүн 3.5-аас дээш байх гэсэн шаардлага тавьж байгаа ажээ. Зээлд хамрагдахыг хүссэн оюутнуудаас ямар нэгэн барьцаа авахгүй нь “Сайн оюутан” хөтөлбөрийн хамгийн том давуу тал. Хэрэв урт хугацааны зээл авсан бол сургуулиа төгссөнөөс хойш дөрвөн жилийн дотор эргүүлэн төлөх зохицуулалттай.
Уг зээлийг их, дээд сургуулиудын нэг жилийн төлбөрийн дундажтай уялдуулан банкны эрсдэлийн удирдлагын хүрээнд шийдвэрлэхээр болжээ. Мөн олон жил сурдаг сургуулиуд буюу анагаах ухааны чиглэлийнхэн суралцах нийт хугацаандаа зээлд хамрагдаж болно гэсэн. Одоогоор зээлийг хэрэгжүүлэх БСШУЯ, сургууль, банкуудын хооронд гурвалсан гэрээ хийгдэж байгаа бөгөөд энэ сардаа багтаагаад “Сайн оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх юм байна. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр оюутнуудад сурах боломж бүрэн нээгдэж байгаа бөгөөд ирээдүйн сайн сайхны төлөө төрөөс хэрэгжүүлж буй ухаалаг алхам болж байгаа ажээ.