Categories
мэдээ цаг-үе

Стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг

ОХУ-д сүүлийн жилүүдэд оюутны санааг үнэлэх нь нэмэгдэж байна. Өнгөрсөн жил нэгэн дээд сургуулийн бизнесийн удирдлагын ангийг төгссөн оюутан шууд ажилтай болоод зогсохгүй дипломынхоо ажлыг арван мянган доллараар зарж чаджээ. Түүний дипломын ажил “Оффисын соёлоор бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх нь“ гэсэн өвөрмөц нэртэй. Дипломын ажилд багш нар нь нэг их өндөр ач холбогдол өгсөнгүй. Харин орон нутгийн жижиг сонины сэтгүүлч санааг дажгүй тайлбарласан мэдээ бичсэнээр компанийн захирлуудын анхааралд өртжээ. Түүгээр ч зогсохгүй томоохон компанийн захирал түүнтэй хоол идэх санал тавьсан нь сургууль төгсөөд удаагүй залуу бүсгүйд сэжиг төрүүлсэн гэдэг. Бүсгүй компанийн захиралд “Найз залуутайгаа хоол идэх товтой тул өнөөдөр боломжгүй” гэж цааргалсан ч компанийн захирал “Манай эхнэртэй гэр бүлээрээ хооллож танилцацгаая” гэсэн санал тавьж сандаргав. Бүсгүй хамт төгссөн залуугаа хань татаж, тансаг хоолонд орсноор амьдрал нь орвонгоороо өөрчлөгдөв. Түүнийг урьсан томоохон хуулийн фирмийн захирал 15 минут ярилцаад түүнийг ажилд аваад зогсохгүй, санааг нь өндөр үнэлэхээ мэдэгджээ. Бүсгүй ажилд орсон эхний хоёр сардаа зөвхөн тухайн фирмийн орон нутаг болон төв оффист баримтлах дүрмийг боловсруулна. Энэ дүрмийг харуулаас эхлээд ерөнхий захирал баримтлан ажиллана. Оюутны дипломын ажилд “Орост оюуны хөдөлмөр эрхлэгчид хамгийн ихээр стресст өртдөг. Шалтгаан нь оффисын соёл нэвтрээгүйд оршино. Стресс нь бизнесийн амжилтыг 70-80 хувиар бууруулдаг” гэсэн санаа нь захирлын анхаарлыг татсан аж. Арван мянган доллараар үнэлэгдсэн санаа нь олон нийтэд ил болсон ч шинэхэн ажилтны боловсруулсан оффисын дүрмийг байгууллагын нууц гэж үзэж байгаа юм байна. Тухайн фирм оффисын дүрэм хэрэгжүүлснээр чамгүй амжилтад хүрсэн тухай мэдээ ч гарсан.

Оюутан дипломын ажилдаа оюуны хөдөлмөр эрхлэгчдийг нийгмийн баялгийн зүтгүүр гэж үзжээ. Харин тэр зүтгүүрүүдийн оюуны бүтээлээ туурвидаг газрыг оффис гэж нэрлэнэ. Аугаа санаанууд оффисын тансаг орчинд төрдөггүй ч, бойжуулагч, төгөлдөржүүлэгч, хэрэгжүүлэгч нь оюуны хөдөлмөр эрхлэгчид. Оффис хэр тохилог байна, тэр хэмжээгээр оюуны хөдөлмөр эрхлэгчдийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. Гэхдээ энэ нь зөвхөн үнэтэй тавилга, өндөр хангамжийн асуудал биш. Албан хаагчдын оюун санааны амгалан тайван байдал. Ажил дээрх элдэв таагүй харьцаанаас үүдэж оюуны чадавх 40 хувиар буурдаг тухай судалгаа байдаг. Оюуны хөдөлмөр эрхлэгчийн сэтгэл санааны хямрал бусад хэлбэрийн хөдөлмөр эрхлэгчээс эрс ялгаатай. Жишээлбэл, автобусны жолооч гэртээ хариад буйдан дээрээ хэвтэхэд л амарч эхэлдэг. Харин сэтгэл санаа нь хямарсан оюуны хөдөлмөр эрхлэгч хэдэн өдөр, сараар сэтгэл санаанаас гадна бие махбодоор хямарна. Удаан хугацааны сэтгэлийн хямрал өвчин болж хувирна. Тиймээс оффисын дүрэм нь элдэв таагүй харьцаанаас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэж чадвал оюуны хөдөлмөр эрхлэгчид ажилдаа үл ядрахаас эхлээд амжилт гаргах нь элбэг байдаг аж. Өндөр хөгжилтэй орнууд энэ жишгийг хэрэгжүүлээд удаж байгаа боловч хувийн хэвшил дөнгөж үүсч байгаа хуучин социалист лагерийн орнуудад хэдэн жилийн өмнөөс захирал, менежерүүдийн сонирхол татаж байгаа гэнэ. Оюутны ажиглалтаар оросууд цаг барихдаа маш муу. Сонирхолтой нь ихэнх менежерүүд цаг бариагүй ажилтнууддаа хариуцлага тооцдоггүй боловч, цаг барьдаг ажилтнууддаа ямар нэгэн урамшуулах үг хэлдэггүй.

Энэ нь өглөө ажилдаа ирмэгц оюун санааны хямралд орох суурийг тавина. Дээр нь менежерүүд ажилтнаа буруутгахдаа элдэв зохисгүй үг хэрэглэх нь тухайн ажилтныг тэр өдөртөө, түүгээр ч зогсохгүй гэртээ хариад ч арилахгүй сэтгэл санааны хямралд өртүүлнэ. Бүдүүлэг зэмлэл хүртсэн ажилтан гэртээ энэ тухай ярьснаар гэр бүлд ч сөрөг нөлөө үзүүлнэ. Үндсэн ажилдаа зарцуулах оюун санаа энэ өдөр тэгтэй тэнцэнэ. Монголчуудын хувьд албан тасалгаанд олуулаа суух нь социализмаас капитализмд шилжихтэй адил шинэ үзэгдэл. Социализмын үед ихэнх оюуны хөдөлмөр эрхлэгчид 2-4-өөр нэг оффист ажилладаг байсан бол өнөө цагт 10-30 албан хаагч хамт оффислох нь энгийн үзэгдэл.

Олуулаа оффислох тохиолдолд хэн нэгний ярих хэлэхээс эхлээд орох гарах хөдөлгөөн хүртэл бусдадаа элдэв төвөг учруулж эхэлнэ. Японы оффисын дүрмэнд компьютерийн гарыг чанга цохихыг хориглосон байдаг бол Унгарын нэгэн компани хараал хэлсэн ажилтандаа ажлаас халах сануулга өгдөг байх жишээтэй. Мөн зарим орны оюуны хөдөлмөр эрхэлдэг компаниуд олон нийтийг хамарсан хурлыг 30 минутаас хэтрэхгүй хугацаанд хийх дүрэмтэй. Учир нь хүний оюун санаа долоон секунд дээд, арван минут дунд, 30 минут ердийн ачаалалтай ажиллах чадвартай гэсэн судалгаа байдаг аж. Олон хоног хуралддаг Давосын чуулганаас буцагчид гэртээ харьж байгаад Давост чухам юу болсныг нарийн бичгийнхээ тэмдэглэл, сониноос олж мэддэг гэсэн хошин яриа ч байдаг гэнэ.

Оюутны судалснаар оросууд хараал хэлэх нь элбэг. Энэ нь зиндаа, хөрөнгөнөөс үл хамааралтай. Суурь хүмүүжил, эцэг эхийн ёс суртахуунаас хүний араншин илэрнэ. Зарим ажилтны хараал хэлэх нь рефлекс болж хувирах нь бий. Олны дунд харааж сурсан этгээд өөрийгөө эр зоригтой, бусдаасаа илүү мэт харагдуулах сэтгэлгээтэй болж хувирдаг. Сонирхолтой нь хараагч этгээд өөртөө сэтгэл санааны ямар нэгэн дарамт төрүүлдэггүй бол түүний эргэн тойрон дахь хараалаас зайлсхийгч хамт олон нь оюуны ихээхэн хямралд ордог нь судалгаагаар тогтоогдсон байдаг аж. Хятадын нэгэн компани хараал хэлдэг эрчүүдэд зориулж нэгэн өрөө гаргаж өгчээ. Тус өрөөнөөс өөр оффист хараал хэлбэл таван юаниар торгоно. Энэ нь үр дүнд хүрч байгууллага дээрх элдэв хэрүүл 80 хувиар буурсан баримт байдаг гэнэ.

Швейцарийн нэгэн компанийн захирал эмэгтэй 1960 онд компанийнхаа ажилчдыг сэм чагнасан гэнэ. 30 шахам эмэгтэйчүүдээс бүрддэг, үл хөдлөх хөрөнгийн зуучлал, зөвлөлгөө эрхэлдэг тус компанийн захиралд өдөр бүр 2-3 ажилтан нь элдэв гомдол мэдүүлнэ. Сонирхолтой нь нэг ч гомдол мэдүүлдэггүй гурван ажилтны зуучлал, зөвлөлгөөний тоо бусдаасаа хол тасархай. Энэ хэрээр компанийн орлого, гурван ажилтны цалин ч өндөр. Хэргийн учир юунд байгааг олохын тулд захирал ажилтнуудын оффист чагнуур тавьж долоо хоногийн турш хэн, юу ярьж байгаа сонирхсон аж. Гэтэл түүний санаанд оромгүй зураг харагдав. Захиралдаа хамгийн их саймширдаг нэг ажилтан нь захирал нь таргалж, тэр хэрээр өөрөө турсан тухай ярьж сууна. Бас нэг хоёр ажилтан нь үйлчлүүлэгчээ хүлээлгээд оймс, гутал яриад сууж байх. Ер нь л гомдол эрдэггүй гурван ажилтнаас бусад нь ажлын цагийнхаа 60 хувийг үндсэн ажилдаа бус илүү дутуу хов живэнд царцуулдгийг олж мэджээ. Тэр хэрээр ажлын үр дүн муу гардаг аж. Улмаар захирал хүүхнүүдээ цуглуулж тэдний ажлын цагаар бусдыг муулсан гол хэсгүүдийг сонсгов. Хүүхнүүд нүүр хийх газаргүй болсон бөгөөд дахин ийм үйлдэл гаргахгүй тул энэ тухай мэдээллийг задлахгүй байхыг захирлаасаа хүсчээ.

Ярианы бичлэгээс үзвэл хүүхнүүдийн 30 хувь нь гэр бүлийнхээ тухай, 20 хувь нь байгууллагынхаа болон ажилтнуудынхаа тухай, 50 хувь нь эмэгтэй хүний чимэглэл, гоо сайхан, хувцасны тухай ярьж ажлын цагаасаа хумсалдаг байж. Хамгийн бага үйлчилгээ үзүүлдэг дөрвөн ажилтан нь байнга нэгийг нөгөөд муулж суудаг нь илэрсэн гэдэг. Үүнээс хойш өнөөг хүртэл тус компани хамгийн шилдэг үйлчлэгчээ хүндэлдэг компаниар шалгарсаар иржээ.

Орос оюутан дээрх болон бусад олон зөрчлийг урьдчилан сэргийлсэн заалтуудыг дүрэмд суулгаж өгчээ. Цаашдаа тэрээр зөвхөн оффисын дүрэм бус, ажил мэргэжлийн онцлогтой өөр байгууллагуудад ч тохирсон дүрэм хийхээр ажиллаж байгаа гэнэ. Жишээлбэл, барилгын ажилчид өглөө бүр бие халаалт хийж ажилдаа орох, спортын салбарын тамирчид, дасгалжуулагчид архи тамхи хэрэглэсэн тохиолдолд ажлаа алдах зэрэг заалтууд орох ёстой гэж үзжээ.

Х.БАТТӨГС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *