Categories
мэдээ цаг-үе

Далхаагийн Норов: Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр амьд юм шиг санагдаж байгаа чинь л жинхэнэ уран чадвар

Түрүүч нь №119 (5384) дугаарт

Монгол Улсын төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовтой уулзаж хөөрөлдлөө.

-“Эцсийн тушаал” жүжигт та шударга, дайчин хүн амьдрал дээр хохирдог тухай хорсолтой биш ч цаанаа л нэг элэг эмтрэм гунигтайгаар гаргасан байдаг. “Зүрхэнд шивнэсэн үг” кинонд дайны барим тавим цуст эмгэнэлийг биш ар талынхны сэтгэлзүй, аж төрлийг нүдэнд харагдам дүрсэлсэн. Дайны тухай бүтээлүүдийн чинь өнцөг гурвалжин нүдээр харсан мэт өөр байдаг нь Чөлөөлөх дайнд орсон аавтай чинь холбоотой биш байгаа?

-Тэр бүхэн аавтай минь шууд холбоогүй ээ. Миний сэтгэл зүрх ертөнцийг, хүнийг, амьдралыг хэрхэн үздэгтэй л холбоотой байдаг байх. Эх оронч баатарлаг байх, шударга амьдрах чанарыг манай нутгийнхан надад шингээж өгсөн юм болов уу даа л гэж боддог юм. Манай Засагт ханы хөх харчуудын нэг чанар байдаг. Хайрлаж, хүндэлж байгаа хүндээ их хүйтэн ханддаг. Ил бол нүүрэн дээр нь саймширч, долоочих гээд байдаггүй их хатуу ханддаг. Тэгсэн мөртлөө цаагуураа хийж байгаа үйл нь хүнийг дандаа л хайрлаж байдаг. Хүнийг хайрлах, ариун шударга санаа гэдэг гүнд л байвал, далд л байвал чин үнэнч байдаг. За даа, аман дээр байвал ч дээ, гарын үзүүрт байвал ч дээ, алж мэднэ шүү. Засагт ханы хөх харчууд хэцүү гэдэг үг гарсан гол зүйл бол энэ шүү. Тийм учраас би тэрийг л барьж, дайны үед ч бай, эгэл амьдралын үед ч бай баатруудаа тийм л чанартайгаар сэтгэлдээ амилуулдаг.

-Зөвхөн Засагт ханы хөх харчууд ч биш нийт монгол эрчүүд эртнээс “хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн философиор хүмүүжиж ирсэн байх аа?

-Харин тийм шүү. Монгол хүний мөн чанар тийм байж. Манай аав, ээж хоёр арванхоёр хүүхэд төрүүлж өсгөхдөө бие биедээ “Хайртай” гэж хэлж үзсэн үү. Ээ, үгүй байх. Хайр гэдэг сэтгэлийн хэчнээн гүнд хадгалагдах тусам үнэ цэнтэй, ариун үнэн байдаг. Би залуудаа нэг зүйлийг харж л байсан. Цэрэгт явж байгаа залуугаа тэврээд л, уйлаад л хавар нь хоцорч байсан хүүхэн намар нь хүнтэй суугаад найр хийгээд байж л байсан. Харин үдэж чадаагүй, холхноос хараад нулимсаа тэрүүхэн тэндээ нуугаад явуулсан хүүхэн хайртай хүнээ гурван жил хүлээж, гурван жил байж л байсан. Хүний сэтгэлзүй гэж сонин юм байдаг юм шүү дээ.

-Тэрийг та мундаг анзаарч, зохиол бүтээлээ амилуулсан байдаг шүү…

-Зохиолч хүний чинь хамгийн гол ажил уншаад юм уу, бичээд суухдаа ч биш. Ерөөсөө л зохиолч хүний ажил чинь хүн судлах. Тэрийг номоос, амьдралаас, бүх талаас нь судалж болно. Тэнд сууж байгаа гурван хүүхнийг гэхэд гурвуулангийнх нь нүдийг харчихад л, эсвэл тэр ууланд явж байхдаа байгалийн сайхныг мэдэрч, тэр сайхан агшныг сэтгэлдээ амилуулан авч үлдээж чаддаг хүн л яруу найрагч юм.

-Та хөдөөнөөс анх орж ирэхдээ хоёр хавтас дүүрэн шүлэг, өгүүллэг сугавчлаад Л.Түдэв гуайтай уулзаж байсан гэдэг. Тэр шүлгүүдээ хэвлүүлж байв уу?

-Хэвлүүлээгүй. Одоо санаанд ч бараг байхгүй дээ. Надтай адил уран зохиолоор өвчилсөн нөхдөдөө уншиж өгдөг л байсан. Би бүр найраглал хүртэл бичиж үзсэн хүн. “Хөшөө хөлгүй ч гэсэн явдаг. Хөшөө хэлгүй ч гэсэн ярьдаг” гээд урсгаж өгч байсан санагдаад байна (инээв). Би анх ирэхдээ төрийн шагналт яруу найрагч Ц.Гайтав гуайтай уулзах гэж том, бага хоёр шил “Бигэр” дарстай ажлынх нь жижүүр дээр хоёр, гурав хоног хүлээгээд ирэхгүй болохоор гэрийнх нь утсаар ярьж очлоо. Булцайтал угаачихсан төмс шиг Сэнгийн Эрдэнэ баавайтай нэг шог зураг шиг сууж байна. Гайтав гуайн “Дайн энх” номын шагнал буугаад тэд хоёр гурав хонож байгаа юм байж. Би Дамдины Жамьянтайгаа очсон юм. Шүлгээ уншлаа. Эрдэнэ гуай ч нэг их тоосон юм алга. Харин “Ухаанд чинь ухна ишиг үхчихсэн юм уу” гээд байх юм. Гайтав гуай “Залуучууд та нар архи битгий уу. Архичин Гайтав хэллээ гэж бодно уу, өөрсдөө мэдэцгээ” гэж байна. Эрдэнэ гуай болохоор “Уух ёстой. Зохиолч хүн гэдэг сэтгэлийн зовлон эдэлж байдаг улс. Бид уухгүй бол хэн уух юм. Сэтгэлийн зовлонг энэ идээ чинь нимгэлдэг юм” гэж байна. Тэгүүт л “Ухаанд ухна ишиг үхэх”-ийг сэхээрч “Бигэр” дарсаа цүнхнээсээ гаргалаа даа. Тэгээд яахав, нутгархаж МЗЭ-ийн дарга Л.Түдэвтэй уулзлаа даа. “Таныг зохиолчдоос хэн хэнийг танихав” гэж байна. Т.Юмсүрэн ахыг, Пүрэв ахыг, Цэдэндорж гуай нарыг нэрлэлээ дээ. “Зохиолч хүнийг зохиолчид эхлээд таних ёстой. Дараа нь таныг уншигчид таних учиртай. Наад зохиолуудаа бүгдийг сонин хэвлэлд тарааж өгөөд буц даа. Тэгээд зохиолчдын ч, уншигчдын ч танил болохоороо ирээрэй” гэсэн дээ.

-Зохиолч, бичгийн хүмүүн болоход тань нөлөөлсөн зүйл юу байв?

-Явж явж намайг зохиолч болгосон зүйл бол хүнтэйгээ, малтайгаа, уул устайгаан манай нутгийнхан л гэж боддог юм. Арван настайдаа сургуулиас гарсан надад манай нутгийнхны дуулдаг дуу, хонины бэлчээрт уулзаж учрахдаа ярьдаг үг бүгд л нөлөөлсөн. Говь-Алтайн анхны багш нагац Хамуутын маань үдэш орой ярьж өгдөг үлгэр, аав, ах нарын ярьсан газар усны түүх домог байна. “Тэр газарт байхад хасаг идээд, хүүхдийг нь толгойгоор нь хад саваад” гэсэн тэр хачин яриа хөөрөө бяцхан оюунд минь амилж бүрэлдээд үлддэг байж.

-Хасаг идээд гэж юу гэсэн үг вэ?

-Юу гэх юу байхав. Хасгийн дээрэмчид орж ирснийг л хэлж байхгүй юу. Би “Босго тотго” кино романдаа энэ тухай нэлээд оруулсан. Тэр дуунуудын нөлөө бол даан ч их л дээ.

-Ямар дуунууд байна?

“Шар талын цэцэг

Сайхан нарандаа гандана” гээд дуулахад л өөрийн эрхгүй ертөнцийн аж төрөл бодогдох жишээтэй. “Сайхан нарандаа гандана” гэхэд л мөн ч их юм бодогдуулна даа. Хатна гээгүй гандана гэсэн байгаа биз. За тэгээд л

“Энэхэн тэнгэрийн янз нь

Ингэсхийгээд хурших нь

Хуршъя гээд чиг яахав дээ

Нэгэн цагийн л хур шүү дээ

Энэ улсын янз нь

Ингэсхийгээд шоодох нь

Шоодно гээд чиг яахав дээ

Хэтийн заяа нь мэднэ” гээд дуулахад орчлонгийн ааш аяг, хувь тавилангийн бүдэг оньсого тодроод ирэх шиг болно. Манай монгол ардын үлгэр домгууд чинь бүгд баатарлагийн дүртэй шүү дээ. Энэ л дууны гунигт бадгууд, баатарлагийн өнгө аяс миний сэтгэлийн ертөнцийг бий болгож дээ. Дээр нь багаасаа уншиж өссөн номууд.

-Та ямар номууд уншдаг байв?

-Зөвлөлтийн зохиолч Афанасовын “Алтан одны эзэд” гэдэг том номыг жигтэйхэн уншина. Гол дүрийн хоёр баатар нь Ирина, Ира гэдэг хоёр бүсгүйд дурлаад л. Манай Халхын голын байлдаанд биечлэн оролцож явсан зохиолч Константин Симоновын “Зэвсэг нэгт ахан дүүс”-ийг цуврал гурван романтай нь, И.В.Сталины арван хэдэн ботийг уншиж л хүн боллоо ш дээ. Одоотой адилхан өөр унших ч юм байсан биш. Манай нутгийнхан чинь ярихдаа дандаа үлгэрлэж, адилтгаж ярьдаг учраас хийсвэр сэтгэлгээ сайн хөгждөг байж. “Эх нь хээр алаг бол унага нь шийр алаг” гээд удам муутай хүнийг хэлж байхад, “Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гээд л заяа нь жаахан хэлтийсэн нэгнийг хэлж байх жишээтэй. Энэ бүхэн чинь л надад сургууль болж байж дээ. Дунд сургуульд сурч байхад сумын төвд манайд хөдөөнөөс аав, ээжийн хоёр талын эгч ах нар нам, эвлэлийн хуралд их ирнэ. Үдэшлэгт орж ирээд, дууны дэвтрээ гаргаж ирээд шөнөжин дуулцгаана. Тэр их нөлөөлсөн.

-Цэргийн амьдрал хүнд их нөлөөлдөг байсан цаг даа?

-Эмчийн ажлаас салах гэж цэрэгт мордож, Улаанхуарангийн авто засварын батальонд найман сар алба хаагаад халагдсан даа.

-Тэр үед цэргийн алба гурван жилийн хугацаатай байсан биз дээ?

-Яахав, эмнэлгийнхэнтэйгээ хуйвалдаж тушаал гаргуулаад халагдахгүй юу. Штабын дарга, Цэнд хурандаа намайг эмийн сангийн нярваар авна гэж бага дэслэгч орон тоотой тушаал БХЯ-наас гаргуулаад байж байтал цэргийн ангийн эмнэлэгт нь намайг халах тушаал зэрэг очиж байлаа. Тэгж цэргийн албыг хаав аа (инээв).

-Ханиа танилцуулаач, та?

-Манай Бавуугийн Лхагвасүрэнгийн “Найрагчийн гэргий болж наждаа эдлээгүйд чинь баяр хүргэе” гэсэн сайхан шүлэг байдаг даа. Тэгээд яахав, надтай л “наждаа эдэлж” яваа сайхан хань Гүндэгмаа минь уг нь орос хэлний багш. Насаараа эрдэм шинжилгээний ажил хийж, сурганы докторын зэрэг хамгаалсан хүн. Албан бус боловсрол гэдгийг чинь Монголд анхнаас нь л онолын хувьд ч, амьдрал дээр ч хэрэгжүүлэх гэж зүтгэсэн. Ууган хүү Эрдэнэ болохоор нано технологийн инженер. Сөүлд докторын зэрэг хамгаалаад ирсэн. Удаах хүү Дэлгэр орос хэлний багш. Одоогоор дөрвөн ч ачтай болчихлоо.

-Та олон шавьтай юу?

-Шавьсаад байх юм нэг их байхгүй дээ. Архи, хадаг хоёртой ирж байсан улс бий бий.

-Монголын орчин үеийн утга зохиолд залуусаас хэнийг боломжийн туурвиж яваа гэж бодож байна?

-Г.Аюурзана, Л.Өлзийтөгс хоёрын зохиолууд сайн. Халтарын Болор-Эрдэнийн богино өгүүллэгүүд сайн байсан. Одоо юу бичиж байгааг мэдэхгүй. Сайхан шүлгүүдтэй залуус олон л байх юм. Гэхдээ шатсан авьяасаараа цоролзоод гараад ирж байгаа хүн харагдахгүй юм. Хэнтийн Балдансодномын Энхжаргал гэж тун авьяастай яруу найрагч хүү бий дээ. Зарим нэг нь ч учраа олохгүй номоо яарч хэвлүүлээд байна уу даа. Яруу найрагт хөлөө олох гэж нэг юм байдаг. Нэгэн үе улс, иргэний уянга гэж хэсэг шуурцгаасан. Одоо харин тэр нь намдаж мэдрэмжийн шүлэг бичих болж. Энэ их сайн. Мэдрэмжийг чинээнд нь тултал хөгжүүлбэл сайн уран бүтээл төрнө. Агуу их Норовбанзад гуай “Уртын дуучны хувьд гучин таван насанд тэнхээ гүйцдэг” гэдэг байсан. Одоо танай ерээд оныхон бяр сууж, бяралхах цаг ирлээ дээ. Уран чадварыг ойшоож үзмээр байна. Бүгдийг хавтгайруулж бичих өөр хэрэг. Лодойдамба гуай шиг л бичдэг болчихвол ч. Итгэлт баяны ганц үг, Цахиур Төмөрийн дүр гэхэд хүний сэтгэлд яв цав бууж байдаг даа. Дүрийг амилуулдаг ийм эд эс нь дутаад байх юм. Т.Бум-Эрдэнэ “Өнөөх” гэж номоо өгсөн. Хэд хэдэн чамбай өгүүллэг байна лээ. П.Батхуяг, Ц.Буянзаяа хоёр зохиол талдаа уг нь их сайн гарч ирсэн. Гэвч, энэ хоёртоо харамсаад байх юм.

-Юунд харамсана гэж?

-Зохиолч хүн утга зохиол судлал руу орохоор л дэмий санагдаад байдаг юм. Судлал гэдэг чинь зүгээр л баримт байдаг. Баримтан дээр ажилладаг хүн болчихдог юм. Намайг хүртэл их сургуульд эрдмийн хүн болгох гэж их үзсэн юм шүү дээ. Зохиолч гэдэг чинь жинхэнэ цэцэглэж, хөөрч бадарч байж уран бүтээл туурвидаг. Нэгэн үе ч уншдаг нь ч, бичдэг нь ч оюун санааны сүйрэлд өртлөө ш дээ. Гэхдээ танай үеийнхнээс Б.Лхагвасүрэн шиг, Ж.Лхагва шиг, Д.Батбаяр, Б.Догмид нар шиг үгийн урлагийн мастерууд оргилон гарч ирэх л байх гэж бодож байна. Уртын дуучин хүнийг богино дуу дуулахыг хориглодог байсан. Хоолой, сэтгэхүй, амьсгаа гурав эвдэрдэг. Тиймээс ч богино дууг завхай дуу гэдэг байж. Тэрэнтэй адил зохиол оролддог хүн утга зохиол судлалаар оролдоод дэмий санагддаг. П.Батхуягийн эхний өгүүллэгүүд сайн ш дээ. Ургаж гарч ирэх байгалийн явц эвдэгдэж, үйлдвэрлэлд орчихож байна. Санамсаргүй хэлсэн үг, үйл цаанаа асар их утга санааг агуулж байдаг. Зохиолч хүн үүнээс л уран саналга авч, дүрээ амилуулж бичих учиртай юм. Зохиолч Баастын Золбаярын хэл бол тун яруу. Бодон бодсоор бичихгүй байхын аргагүй болоод ирдэг нэг үе байдаг даа. Тэр л жинхэнэ зохиолын санаа даа.

-Та бичихгүй байхын аргагүй ямар бүтээл бодож явна?

-“Тоодгор” гэж нэг жүжиг бичих гээд дотроо бодоод л явна. Жижиг чулуугаар том чулуу доргиох санаатай. Дүрүүдээ бодоод байна.

-Юун тухай өгүүлэх жүжиг билээ?

-Нэг хошууны хийд дээр л жүжгийн үйл явдал өрнөнө дөө. Жаа Лам Дамбийжаа Хатанбаатар Магсаржавын цэрэгт цэрэг дайчлах гэж нэг хийд дээр байж байгаа байдал гарна. Дамбийжаа чинь Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дилав хутагт гурвын нэрийг бариад Баруун Монголын ноёдыг ташуурдаад эхэлсэн хүн шүү дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *