Монгол Улсын гавьяат тамирчин, холимог тулааны урлагийн мастер Жадамбаагийн Нарантунгалаг одоогоос хэдхэн хоногийн өмнө Сингапурт болсон “One Championship” тэмцээнд тулалдаж, Японы тулаанч, “Ямомото армийн толгойлогч”, “мистер тохой”, “No Face” зэрэг хочит Котэцү Бокутай тулалдлаа. Тэмцээний шууд нэвтрүүлгээр манай тамирчны танилцуулга бэсрэг клип гарлаа. Нарантунгалаг аргагүй л Монгол Улсын нэрийн хуудас, бас аргагүй л брэнд юм аа. Монголын эстрадын урлагийн хамгийн нэр хүндтэй “Чингис хаан” хамтлагийн ахлагч, Монгол Улсын гавьяат Дашзэгвийн Жаргалсайханы дуулсан “Чингисийн баатрууд” дуу эгшиглэж, тэр завсар Монгол Улсын өдөр тутмын шилдэг хэвлэл “Өдрийн сонин” дээр хэвлэгдсэн өөрийнх нь гавьяат болсон тухай мэдээлэл тодхон харагдав. Тэрчлэн монгол тамирчдын сүлд дуу “Тамирчны алдар” дуу чихэнд дотно сонсогдож “Монгол, Нарантунгалаг Жадамбаа” гэх үгс цаанаа л донжтой сонсогдов.
Холимог тулааны урлагийн тамирчдыг харж байхад “барилдахаасаа таахалзах нь их” нөхөд байдаг. Тэд голдуу л өөрсдөдөө “кобро”, “тигр”, бүр алуурчин гэсэн хоч өгсөн байдаг бол манай брэнд тулаанч маань “TUNGAA” гэсэн богино нэрээ англи, монгол бичгээр дурайлгажээ. Тунгаа гэхэд сэтгэлд нэг ойр, чихэнд нэг л зөөлөн сонсогдоно. Монгол үгийн утгаар ч бодсон “тунгааж бодох, тунгаан шүүх” гэсэн эерэг агуулга байхаас хорт могой, махчин араатан, якузагийн толгойлогч гэх мэт гэмт хэрэг, хүчирхийлэлтэй холбогдох хоч нэрстэй огтхон ч дүйхгүй. Бусад тамирчид зурагт самбар аятай л эрээн мяраан юм байхад манай Тунгаа зүрхэн тушаа газраа “Монгол” гэж улсынхаа нэрийг босоо монгол бичгээр дурайлган сийлүүлсэн нь сайхан харагдаж байна. Японд болсон холимог тулааны үед агаарт үсрэлттэй хайчлах өшиглөлтөөр буулгаж авахад нь япончууд шагшин гайхаж “Энэ ямар нэртэй өшиглөлт вэ” гэж Асашёорюү аваргаас асуухад “Чингисийн цавчилт” гэж хөөрхөн цаашлуулснаар Тунгааг гадныхан тийн нэрлэх болсон.
Нарантунгалаг гавьяат маань Дарханы “солгой” Жааяа хэмээх удамт аавынхаа нэрийг даян дэлхийд гаргаж яваа жирийн л нэг тамирчин. Түүнийг мэргэжлийн тулааны рингэн дээр тулалд гэж хэн ч шахаж шаардаагүй. Гэлээ ч тэр гаргасан амжилтаараа өнөөдөр хүссэн ч, эс хүссэн ч Монголын брэнд болсон. “Ямамото армийн толгойлогч” хэмээх сүржин хочтой, биеэрээ дүүрэн шивээстэй Котэцү Боку өмнө нь 2004 онд манай тамирчинг ялж байсан бөгөөд нийт 36 тулалдахдаа 24 ялж, 10 ялагдаж, хоёр удаа цуцалсан, хүчтэй өрсөлдөгч байсан. Гэвч түүнийг даруухан монгол тамирчин гурав дахь үед боох мэхээр буулгаж авлаа. Тэглээ гээд тэр сагсайж согсойхгүй. “Тариан түрүү өндөр ургах тусмаа бөхөлздөг” гэсэн дорнын мэргэн үгийг хүүдээ ойлгуулчихвал амьдралын маань утга учир биелнэ гэх даруухан мөрөөдөлтэй Ж.Нарантунгалагийн үнэ цэн Монголоо дээдлэх чих халуун сэтгэл зүрхэнд оршиж байгаа. Тэр үндсэрхэг үзэлтэй гээд гудамжинд гарч жирийн гадаад иргэдийг дээрэлхсэнгүй, ханз бичиг үсэг шатааж сүржин загнасангүй. Тэр харин Монголоо дээдэлж, Чингис хаанаараа бахархан, төрийн далбаагаа мандуулж, “Өдрийн сонин”-оо уншин, өөрөө жинхэнэ монгол брэнд болж явна.