Categories
мэдээ цаг-үе

Уулын спортын олимпийн аварга төрүүлэх хүсэлтэй бүсгүй

“Алтай таван Богдын Хүйтний оргилд хийсэн авиралт амьдралын минь хамгийн хүнд даваа байсан. Зарим сэтгүүлээс гаргасан статистикаар дэлхийн хамгийн хүнд арван оргилд багтдаг хайрхан л даа. Авиралт хийх үедээ бүр буцъя гэж хэлж үзсэн. Амьдралдаа тэгтлээ шантарч байснаа санадаггүй юм. Гэтэл оргилд гарсан чинь хэцүү бүхнээ мартчихсан. Уул их шидтэй юм билээ. Оргилд гарангуутаа өөрийн эрхгүй цурхирч уйлсан. Өөрийгөө ялсандаа, байгалийн сүр хүчийг биширч сүсэглэсэндээ уйлсан. Уг нь би сүсэгтэй хүн биш ч уул надад байгальд сүслэх мэдрэмж өгсөн. Доогуур үүлс нүүгээд, эргэн тойрон уулсаас өөр юу ч харагдахгүй, тэнгэр энүүхэнд юм шиг тийм орчинд сүрдэж сүслэх мэдрэмж төрөхгүй байх аргагүй юм билээ” гэж ярих бүсгүйг Б.Золжаргал гэдэг. “Skypro” компанийн үүсгэн байгуулагч энэ бүсгүй Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн нь. Б.Золжаргал дөрвөн хүүхэд төрүүлсэн алдарт эх. Нөхөр нь төрд алба хашдаг юм билээ. Бизнес эрхэлдэг завгүй ээж чөлөөт цагаа уулын спортын олимпийн аварга төрүүлэх том зорилгодоо зарцуулж байгаа.

Уулын спортын мөсөнд авиралт, спорт авиралт гэсэн хоёр төрөл олимпод орох гэж өрсөлдөж байгаа юм билээ. Уулын спортод дурлах болсон нь бизнестэй нь холбоотой аж. Түүний удирддаг компани уулын спортын хэрэгслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болох Францын “Petzl”-ийг Монголд албан ёсоор оруулж ирдэг юм байна. Зах зээлээ судлах зорилгоор уулын спортыг судалж эхэлсэн бүсгүй уулын спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг байж. Монголоос дэлхийн цомын тэмцээнд явж байгаа хүүхдүүдийг ч ивээн тэтгэж байжээ. Холбооноос хүсэлт тавьсан учраас өнгөрсөн жилээс дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлсэн гэнэ.

Тэр Хүйтний оргилоос гадна Ховдын Цамбагарав хайрханд авиралт хийж байж. Ууланд дуртай бүсгүй боломж цаг гарвал Европ тивийн ноён оргил Эльбрус, Альпийн нуруунд аялах хүсэлтэйгээ ярив. Гэхдээ мэдээж хамгийн том хүсэл нь Монголоос уулын спортын олимпийн аварга төрүүлэх.

Дэлхийд уулын спортын хоёр том байгууллага байдаг гэнэ. Нэг нь Олон улсын уулын холбоо. Нөгөө нь Олон улсын уулын холбооноос тасарсан Спорт аяллын олон улсын холбоо. Манай Уулын холбооныхон олон улсын холбоодтой идэвхтэй хамтраад эхэлчихэж. Өнгөрсөн жил Олон улсын уулын холбооны ерөнхийлөгчийг урьжээ. Түрүү жилээс мөсөнд авиралтын төрлөөр дэлхийн цомын тэмцээнүүдэд орж эхэлсэн гэж Золжаргал сонирхуулав. Тэр энэ сарын эхээр Хятадын Нянжинь хотод болсон спорт авиралтын дэлхийн цомын тэмцээнд хоёр тамирчинтайгаа оролцжээ.

Хэр амжилттай оролцсоныг нь сонирхоход “Олон улсын тэмцээнд оролцоогүй дөрвөн жил болсон учраас мэдээж сайн амжилт үзүүлээгүй. Гэхдээ маш ихийг сурлаа. Олон улсын уулын холбоо болон Хятадын уулын холбоотой харилцаагаа бататгалаа. Цааш цаашдын олон тэмцээнд хамтарсан бэлтгэл хийхгүй бол хол хоцорсноо мэдэрлээ. Тамирчдын хувьд гэхэд л сургалт шаргуу хийх ёстой гэсэн сэдэл төрөөд ирсэн. Зориулалтын стандартын хана нь алга л даа. Стандартын дагуу барьсан 15 метр өндөртэй хурдны хана алга. Энэ талд түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Уулын спортыг олимпод оруулах гээд Хятад, Солонгос маш их хөрөнгө хаяж байгаа. Бид ч хоцролгүйгээр анхны олимпод тамирчнаа явуулмаар байна” гэсэн хариу өгөв.

Уулын холбоо нэлээд шинэчлэгдсэн бололтой. Компаниар яривал корпорацийн түвшинд шахуу өөрчлөлт хийгдсэн гэнэ. Дотроо олон мэргэжлийн хороодтой болж задарсан нь уулын спортыг хөгжүүлэхэд том тус болно гэж уулчид олзуурхаж байгаа гэсэн. Золжаргал гэхэд л Спорт авиралт, хаданд авиралтын хороо, Мөсөнд авиралтын хороо, Скайранингийн хороог ахалж байна. Скайранинг нь их сонин төрөл юм. Бүдүүн тоймоор хэлбэл уулан дээгүүр гүйдэг спортыг ингэж нэрлэдэг аж. Дотроо босоо чиглэлийнх, хэвтээ чиглэлийнх гэсэн хоёр төрөл байдаг бололтой. Сүүлийн үед хурдацтай хөгжиж буй уулын спортын энэ төрлийг эх орондоо хөгжүүлнэ гэж Золжаргал ярьсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *