Categories
мэдээ цаг-үе

У Сун: Бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхолтой байна

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд У Сунтай ярилцлаа.

-Та Монгол Улсад Элчин сайдаар томилогдож ирснээс хойш нэг жил гаруй болж байна. Анх Монголын талаар ямар сэтгэгдэлтэй ирж байсан бэ. Анхны сэтгэгдэл одоо хэр өөрчлөгдсөн бол. Монголыг их хүйтэн орон гэж гадныхан ярьдаг л даа?

-Өнөөдөр ийнхүү “Өдрийн сонин”-д ярилцлага өгч байгаадаа баяртай байна. Монголчууд бороо, цаснаар ирсэн гийчнээ “Хувьтай хүн хурнаар” гэж бэлгэшээн ярьдаг гэж дуулсан. Та харин бороотой, хаврын бараг сүүлчийн цастай энэ сайхан өдөр манай Элчин сайдын яаман дээр ирж ярилцлага авч байгаа нь бэлгэшээлтэй зүйл болж байна.

Миний хувьд Монгол Улсад Элчин сайдаар томилогдон ирээд нэг жил, нэг сар болж байна. Анх Монголд ирэхэд ямар сэтгэгдэлтэй байсан, яг тэр хэвээрээ байгаа. Монголыг хүйтэн, эрс тэс уур амьсгалтай гэж өмнө нь зөндөө сонсож байсан ч, анхны өвлөө үдчихлээ. Монгол, Солонгос хоёр үндэстний хувьд түүх соёл, гарал үүслийн хувьд ч гэсэн адил төстэй зүйл ихтэй учраас монгол хүмүүсийн харилцаа ч халуун дулаан, дотно санагддаг.

-Монгол Улс, БНСУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоогоод 25 жил өнгөрч байгаа ч хоёр орны найрамдалт харилцаа чамлахааргүй ойртсон. Ялангуяа хоёр орны иргэд хоорондын харилцаа маш ойртлоо. Өмнө нь монголчууд орос хэлийг маш сайн мэддэг байсан бол өнөөдөр Солонгос хэлийг гадарлахгүй хүнгүй л болж. Харин Засгийн газар хоорондын харилцаа иргэдийн харилцаанаас сул байна уу гэж харагдах юм?

-Энэ жил хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 26 жилийн ой тохиож байна. Мэдээж хоёр орны хоорондын тэр дундаа иргэдийн харилцаа маш их ойртож байгаа. Ялангуяа Монголд Солонгос хэлний чиглэлээр суралцаж буй 2000 гаруй оюутан бий гэсэн судалгаа байдаг. Мөн нэгэн сонирхолтой тоон баримт дурдъя. Монгол Улсын нийт хүн ам гурван сая. БНСУ-д амьдарч байсан Монгол иргэдийн тоо 300 мянга. Тэгэхээр Монгол Улсын нийт хүн амын 10 хувь нь Солонгос улсад ажиллаж амьдарч байсан гэсэн үг. Харин өдгөө 30 мянган монгол иргэн буюу нийт хүн амын нэг хувь нь Солонгос улсад оршин сууж байгаа гэсэн сонирхолтой статистик байдаг юм билээ.

Сүүлийн үед мөн хоёр улсын Засгийн газар хоорондын үйл ажиллагаа идэвхжиж байна. Өнгөрсөн онд Монгол, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Засгийн газрын хэмжээний яриа хэлэлцээрийн механизм болох “Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хороо” байгуулагдсан. Энэ хүрээнд тус хорооны хоёр дахь хуралдаан өнгөрөгч гуравдугаар сард БНСУ-д зохион байгуулагдлаа.

Өнгөрсөн арванхоёрдугаар сард БНСУ-ын Ерөнхий сайд 2001 онд айлчилж байснаас хойш 14 жилийн дараа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн. Улс төрийн хүрээнд энэ мэтчилэн хоёр орны хооронд харилцаа өргөжиж байгаа гэж ойлгож болно.

Мөн ирэх долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийнэ. Долдугаар сард АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж БНСУ-ын Ерөнхийлөгч тус уулзалтанд оролцох талаар олон талаас хэлэлцэж байна. Энэ мэт иргэд хоорондын харилцаанаас гадна хоёр орны улс төрийн хүрээн дэх харилцаа улам сайжирч байна гэж бодож байна.

Мөн нэгэн таатай мэдээ дуулгахад ирэх зургадугаар сараас Улаанбаатар-Пүсан хотын чиглэлд тогтмол шууд нислэгтэй болно. Энэ нь ч мөн хоёр орны харилцаа цаашид хөгжихөд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ирэх долоо хоногт БНСУ-д айлчилна гэлээ. Энэ үеэр ямар асуудлууд хөндөгдөх бол. Айлчлалын үр дүн юу байна гэж урьдчилан харж байгаа вэ?

-Ирэх долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д албан ёсны айлчлал хийж байгаа нь Төрийн тэргүүн болсноосоо хойш анх удаа манай оронд айлчилж байгаа юм. Тэр утгаараа бид энэ айлчлалд өндөр ач холбогдол өгч байгаа гэдгийг хэлье. Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын талаас эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд голлон ярилцах юм. БНСУ-ын Ерөнхий сайд өнгөрөгч оны сүүлээр Монгол Улсад айлчлахдаа Эдийн Засгийн Хөгжлийн Хамтын Ажиллагааны Сан (EDCF)-гийн хэлэлцээрийг гурван жилээр сунгасан. Үүнтэй холбогдуулан хоёр улсын эдийн засгийн чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх тал дээр ярилцана.

Солонгосын талаас голлон ярих сэдэв нь Умард Солонгосын цөмийн асуудал юм. Энэ оны нэгдүгээр сард Умард Солонгос цөмийн туршилт хийж, хоёрдугаар сард пуужин хөөргөсөн. Үүнтэй холбоотой гуравдугаар сард НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс хориг тогтоол гарсан хэдий ч Умард Солонгосын зүгээс цөмийн туршилтаа зогсооно гэсэн байр суурь илэрхийлээгүй, туршилтуудаа үргэлжлүүлсээр байгаа юм. Бид Умард Солонгосын цөмийн туршилтыг зогсоохтой холбоотой янз бүрийн хэлбэрээр арга хэмжээ судалж, хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ удаагийн айлчлалаар дээрх асуудлаар хатуу байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна.

2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Умард Солонгост айлчлахдаа Ким Ил Соний сургуульд лекц тавьж “Дарангуйлал мөнх оршдоггүй” хэмээн дурдсан нь Умард Солонгосын төр засагт өөрийн байр сууриа хүчтэй илэрхийлсэн жишээ юм. Бидний зүгээс энэ удаагийн айлчлалаар ч мөн адил Умард Солонгосын цөмийн асуудал хийгээд Умард Солонгосын ард иргэдийн эрхийн тал дээр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн байр сууринд хүлээлттэй хандаж байна.

-БНСУ-ын Элчин сайдын яам шинэ Элчингийн байртай болж байгаа гэсэн. Хэзээнээс шинэ байрандаа нүүж очих вэ. Монголчууд хэзээнээс шинэ байраар үйлчлүүлэх боломжтой бол. Барилгын шийдлийн хувьд өвөрмөц санагдсан шүү?

-Манай Элчин сайдын яам энэ сарын сүүл, ирэх сарын эхэн гэхэд шинэ байрандаа нүүх төлөвлөгөөтэй байгаа. Шинэ Элчин сайдын яамны байрны дизайн нь маш өвөрмөц гэдгийг анзаарсан байх. Солонгосын уламжлалт цайны аяганы дизайныг авч хийсэн. Цаашид Монголд баригдах барилгуудад загвар болж чадахуйц барилга болох болов уу гэж бодож байгаа. Яамны шинэ байр ашиглалтад орсноор соёлын олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна. Шинэ байрандаа орсны дараа долоо, наймдугаар сард үзэсгэлэн зохион байгуулаад, есдүгээр сард загварын шоу зохион байгуулах юм. Яамны доторх задгай талбай, цэцэрлэгт хүрээлэн бий. Үүнийгээ ашиглаад арга хэмжээнүүд зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

Монгол Улсын иргэд визний асуудлаар ч юм уу ямар нэгэн байдлаар Элчин сайдын яамаар үйлчлүүлэхэд илүү тав тухтай орчин бүрдэж байгаа. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнүүдэд ч гэсэн монголчуудыг олноор оролцохыг урьж байна.

-Долдугаар сард Монгол Улсад АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалт болно. Уг уулзалтад БНСУ-ын төрийн тэргүүн ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ үеэр хоёр орны өмнө тулгамдсан ямар асуудлуудыг шийдэх бол. Яг одоо хоёр орны хооронд тулгамдаад буй ямар гол асуудлууд байгаа вэ?

-АСЕМ-ийн Дээд хэмжээний 11 дэх удаагийн уулзалтад БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ оролцох эсэх хариугаа эцсийн байдлаар өгөөгүй байгаа. Гэхдээ өмнө болж байсан АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтуудад Солонгосын Ерөнхийлөгч байнга оролцож ирсэн тул оролцох байх гэсэн хүлээлттэй байна. Хэрэв Пак Гын Хэ Ерөнхийлөгч АСЕМ-ийн Дээд хэмжээний уулзалтад оролцохоор болбол хоёр орны хоорондын хэтийн төлөвийг ярилцах боломж гарна.

-Монгол Улсын эдийн засаг сүүлийн жилүүдэд хүнд байгааг анзаарсан байх. БНСУ-аас хөрөнгө оруулалт манай улсад хэрэгтэй байгаа. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт гэхэд л өндөр зэрэглэлийн эмнэлэгтэй болохоос эхлээд тулгамдсан асуудлууд багагүй байна. Боловсрол, соёл, нийгэм, улс төрийн хүрээнд хийж болохоор ямар ажлууд байгаа вэ?

-Монголын иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ руу маш ихээр зорчдог. Эрүүл мэндийн салбарт гэхэд Улаанбаатар хотноо БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр эмнэлэг барих асуудал шийдэгдсэн. Удахгүй эмнэлгийн барилгын ажил эхлэх гэж байна. Эмнэлэг ашиглалтад орсноор өндөр чанарын эмчилгээ, үйлчилгээ үзүүлэх боломжтой болох байх.

Монгол Улс газрын баялаг ихтэй. Газрын баялгаараа дэлхийд эхний 10-т ордог. Энэ утгаараа бид уул уурхайн чиглэлд хөрөнгө оруулах сонирхол нэлээд бий. Монголын газрын баялгийг Солонгосын техник технологитой хослуулбал уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх тал дээр дэвшил гарах боломжтой.

Мөн дэд бүтцийн чиглэл ирээдүйтэй гэж харагдаж байна. Одоогийн байдлаар тавдугаар цахилгаан станцийн барилгын ажил дээр хамтарч ажиллаж байна. Өнгөрөгч онд гэхэд хоёр орны хооронд цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулж, холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж дуусаад байгаа. Энэ мэтчилэн хөрөнгө оруулах нөхцөлүүд нэлээд гарч ирнэ.

Нийгэм, соёлын хүрээнд 2015 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан Монгол, Солонгосын хамтарсан дуурийн тоглолт, Солонгос хоолны фестивал, Солонгосын киноны өдөрлөг мөн К-поп урлагийн тоглолтыг зохион байгуулсан. Эдгээр үйл ажиллагаануудад Монголын иргэд ч өргөнөөр оролцож дэмжсэн.

Боловсролын салбарын хувьд монгол багш нар Солонгост очиж сургалтад хамрагдах багш солилцооны хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа. Түүнчлэн манай Засгийн газрын зүгээс оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг. Үүнээс гадна хувийн хэвшлийн байгууллагууд тэтгэлэг зарладаг л даа. Өчигдөр гэхэд (мягмар гаригт) Солонгосын Поско сангаас МУИС, ШУТИС-ийн оюутнуудад тэтгэлэг гардуулах ёслолд оролцоод ирсэн. Монгол оюутнууд цаашид Солонгост очиж суралцах боломж нээлттэй байна. Мөн Хөгжлийн албан ёсны тусламж (ODA)-ийн хүрээнд хэрэгжүүлэх хэд хэдэн төсөл байдаг бөгөөд Солонгос улсаас үлгэр дуурайл авч болохуйц тогтолцоо систем Монголд орж ирж байгаа. Энэ чиглэлээрээ монголчууд Солонгост очиж туршлага судлах, сургалтад хамрагдах боломжтой болж байна.

-БНСУ Монгол Улсаас ямар бараа бүтээгдэхүүн түлхүү импортолж авдаг вэ. Цаашид импорт нэмэгдэх боломжтой юу. Мөн Монголд ямар бүтээгдэхүүн экспортлох боломж бий бол?

-Миний харамсч явдаг нэг зүйл гэвэл хоёр орны худалдаа, эдийн засгийн чиглэлийн харилцаа харьцангуй доогуур үзүүлэлттэй байдаг. Монголоос бөс бараа, ноолуур зэрэг цөөн тооны бараа бүтээгдэхүүн экспортоор авч байгаа. Монгол Улсад үйлдвэрлэл цаашдаа сайн хөгжвөл хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжих боломж гарах болно. Монгол Улсын хувьд хүн амын тоо бага учраас Солонгосын том хэмжээний компани байгууллагаас илүүтэй жижиг дунд үйлдвэрүүд Монголын зах зээлд орж ирвэл тохиромжтой байх болов уу. Иймэрхүү худалдааны үйл ажиллагааг өргөжүүлэх үүднээс БНСУ-ын компаниуд жил бүр Улаанбаатар хотод экспо үзэсгэлэн зохион байгуулдаг. Энэ хавар мөн МҮХАҮТ-аас төлөөлөгчид БНСУ-д очиж үзэсгэлэн зохион байгуулсан. Иймэрхүү арга хэмжээгээр дамжуулан Монголын бараа бүтээгдэхүүнийг Солонгост таниулах тал дээр анхаарал хандуулан ажиллах нь зүйтэй.

-Хоёр орны эдийн засаг, бизнесийн салбарыг өргөжүүлэхийн тулд юуг анхаарах ёстой вэ?

-Түрүүн хэлсэнчлэн энэ жил хоёр орны харилцааны хувьд онцгой жил болж байна. Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалаар дамжуулан энэ чиглэлээр дээд түвшинд анхаарал хандуулж ярилцах байх. Тиймээс эдийн засаг, худалдааны салбарт нэлээд ахиц гарах байх гэсэн хүлээлт бий. Монголын эдийн засаг одоо байгаагаасаа илүү сайжрах цаг хугацааг бид хүлээж байна. Оюу толгойн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг бид анхааралтай ажиглаж байгаа. Энэ нь Монголын эдийн засгийн томоохон шалгуур болж байгаа юм. Эдийн засаг сайжирвал Солонгосын байгууллагууд Монголд орж ирээд үйл ажиллагаа явуулах боломжтой болно.

-Япон улс гэхэд манай улстай Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа. Энэ хүрээнд зарим бараа бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх зэрэг эерэг үр дүн их гарсан. Энэ мэт Монгол, Солонгос хоёр улсын хувьд эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж юу байгаа бол?

-Япон, Монгол хоёр орон Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж ирэх зургадугаар сарын эхнээс хэрэгжээд явна гэж сонссон. Монгол, Солонгос хоёр орны хувьд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулбал худалдааны чиглэлд хамтын ажиллагаа илүү өргөжих болов уу гэсэн төсөөлөл харагдаж байна. Дээр хэлсэн дээ, Монгол Улс газрын баялагтай гэж. Тиймээс Солонгосын дэвшилтэт техник технологитой хамтраад харилцан ашигтай ажиллах боломж бий. Төр засгийн хэмжээнд энэ тал дээр суурь нь бэлэн болох хэрэгтэй. Монгол, Солонгос хоёр орон Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг судлах цаг болсон. Мөн Монгол, Солонгосын Засгийн газрын Хамтарсан хороо салбар бүр дээр нарийвчлан ажиллавал илүү их үр дүнтэй ажиллах болно.

-БНСУ-д Монголын 30 мянган иргэн ажиллаж амьдарч байгаа. Монгол иргэдийн ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр ямар ажил хийж байгаа вэ. Цаашид хийх ажлын төлөвлөгөө юу байгаа бол?

-Монголын олон иргэн Солонгост ажиллаж, хөдөлмөрлөхөөр зорчдог. Өнгөрөгч онд хөдөлмөрийн гэрээгээр 1700 хүн ажиллах квоттой байсан бол энэ жил 2800 болж нэмэгдсэн. Энэ тоо өсч байна гэдэг нь олон монгол иргэн Солонгос руу явахдаа хуулийн дагуу, мөн урт хугацаагаар ажиллах боломж гарч ирж байна гэсэн үг. Тэдний ажиллах нөхцөл боломжийг сайжруулах тал дээр тухайн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатай.

Би солонгос хүмүүстэй уулзахдаа “Та нар дипломатчийн үүрэг гүйцэтгэдэг шүү” гэдэг юм. Яагаад ингэж хэлдэг вэ гэхээр Монголын 30 мянган иргэн Солонгост амьдарч байна. Тэр хүмүүсийн амьдрах орчин тааруу, монгол хүмүүстэй харилцах харилцаа муу байвал маргааш нь л мэдээгээр гардаг. Монгол хүнд сайн ханддаг, тэр хүн сайхан амьдарч байгаа бол тэр нь ч гэсэн маргааш нь дэлхий нийтээр мэдэх хэмжээнд хүрчихсэн байна. Тиймээс та нар дипломат албыг давхар хашдаг шүү гэж хэлдэг юм. Монголчуудад хэдий чинээ эелдэг сайн хандана, төдий чинээ Монголд байгаа солонгосчууд сайн сайхан амьдарна шүү гэж захидаг.

-Монгол Улс БНХАУ, ОХУ-д визгүй зорчиж байгаа. Хоёр орон хэзээнээс харилцан визгүй зорчих бол гэдэг хүлээлт иргэдийн дунд байдаг. Визгүйгээ байг гэхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр зорчих боломж байна уу. Хоёр орны төрийн тэргүүнүүд ойр ойрхон уулзах боломжтой байна л даа. Тиймээс энэ асуудлыг хөндөх болов уу гээд хүлээгээд байгаа?

-Монгол иргэдийн зүгээс визний асуудлыг маш их сонирхдог. Энэ тал дээр бид анхаарал тавин ажилладаг. Хоёр улсын хооронд иргэн хоорондын харилцаа чухал байдаг. Хоорондоо харилцахын тулд визний асуудал яах аргагүй чухал байдаг юм. Манай Элчин сайдын яамны зүгээс байнга визний тал дээр хөнгөлөлт үзүүлж ирсэн. Ноднин бид визний журмаа хөнгөвчилснөөр нэг жилийн хугацаанд нийт 49 мянган иргэнд виз олгосон. Энэ нь 2014 он буюу өмнө жилээсээ 60 хувиар өссөн тоо юм. Цаашид ч бид нөхцөл бүрдвэл визний журмаа хөнгөвчлөх болно.

Өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн олон удаагийн визний олголтоо нэмэгдүүлсэн. Ингэхээр олон хүн БНСУ руу зорчиход хялбар болж байна. Дөрөвдүгээр сараас эхлэн виз хүлээн авдаг байсан гурван газар байсныг долоо болж нэмэгдүүлсэн. Өмнө нь гурван байгууллагатай байхад хүмүүс маш ихээр дугаарлаж хүлээдэг байсан бол одоо ая тухтай үйлчлүүлэх боломжтой болсон. Хэрэв шаардлагатай гэвэл цаашид виз авдаг байгууллагынхаа тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа.

Визгүй зорчих асуудал дээр консулын салбарын хувьд нэн тэргүүний асуудал байлгүй яахав. Гэхдээ БНСУ-д монгол иргэд хууль бусаар амьдарч байгаа асуудал хөндөгддөг. Өнгөрсөн онд визний нөхцөлөө хөнгөвчилснөөс хойш олон Монгол иргэн Солонгос руу зорчсон. Тэр хэрээр хууль бусаар оршин суугаа иргэдийн тоо ч нэмэгдсэн нь томоохон асуудал болчихоод байгаа. Тиймээс визгүй зорчих асуудлыг ярих нь арай эртдэх болов уу гэж бодож байна. Монголоос очсон иргэд хууль бусаар амьдрах нь багасах юм бол тэр үед визгүй зорчих асуудлыг ярилцах боломжтой болох юм.

-Монголын иргэд БНСУ руу зорчиход санхүүгийн батлах бичиг баримт байхгүй тохиолдолд барьцаа таван сая төгрөг дансанд байршуулдаг байсан. Энэ 13 сая төгрөг болтлоо нэмэгдсэн гэж дууллаа. Үнэн үү. Хэрэв тийм бол ямар шалтгаанаар нэмсэн юм бэ?

-Манайх визний журмуудаа байнга хөнгөвчилж ирсэн гэдгийг сая хэлсэн. Аль болох виз авахад ая тухтай байх орчинг бүрдүүлэхээр ажиллаж байгаа. Одоо санхүүгийн баталгаа болгож таван сая төгрөгийн хадгаламжийг шаардаж байгаа. Манай Элчин сайдын яамны зүгээс тийм нөхцөл тавиагүй. 13 сая болсон зүйл байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье.

-Асуухыг хүссэн асуултууд маань дууссан гэхэд болно. Таны хувьд нэмж хэлэхээр зүйл байвал хэлж болно шүү…

-Манай Элчин сайдын яам Монголын иргэдэд ая тухтай үйлчлэх тал дээрээ илүү анхаарч ажиллаж байна. Бидний зохион байгуулж буй арга хэмжээнд монгол хүмүүс өргөнөөр оролцож байвал бид талархах болно. Элчин сайдын яаманд гаргаж буй хүсэлт саналыг бид үргэлж нээлттэй хүлээж авна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *