Categories
мэдээ цаг-үе

“Ээж бид хоёрыг мангас дандаа айлгадаг”

Ураг төрлийн хүчирхийлэлд өртсөн бага насны охины хэлсэн үг ийм.

Монголын эмэгтэйчүүдийн сангийн байранд хүндхэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөлөө. “Ураг төрлийн хүчин”. Сонсоход хүртэл хэцүү сэдэв ч ёс бусын ийм хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд ээж, аавууд энэ талын мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Итгэдэг хүмүүсийн зүгээс, санаанд оромгүй талаас цохилт ирсэн түүхүүдийг мэргэжилтнүүд ярьж байна. “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-аас тавдугаар сарыг “Бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сар” болгон зарлажээ. Мэргэжлийн хүмүүсийн яриаг хүргэе.

“Хүүхэд хамгааллын төвийн тэргүүн” Л.Бадамцэцэг энэ чиглэлээр хорь гаруй жил ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийг нээж ийн ярив.

-Ураг төрлийн хүчин гэдэг цусан төрлийн, хамаатан садангийн холбоотой хэн нэгэн этгээд хүүхдийг эрхшээлдээ оруулах зорилгоор эрх мэдэл, давуу талаа ашиглаж, гэр бүлийн ариун ёс журам, хайр, хүндэтгэл, итгэлийг эвддэг, хүний эрхийн зөрчил бөгөөд уучлашгүй гэмт хэрэг. Ураг төрлийн хүчингийн гэмт хэрэг үйлдэгч нь хэн ч байж болно. Хойд эцэг нь дагавар охиноо хүчиндэх тохиолдол гардаг. Өвөө нь ач, зээ охиноо бэлгийн зорилгоор оролдсон, мөн төрөл садангийн ах нар бага насны охиныг хүчиндсэн тохиолдол олон гардаг. Ураг төрлийн хүчирхийлэл гарсан гэр бүлд хүүхдээ хамгаалах ёстой ээж хаана байсан бэ гэдэг асуулт тавигддаг. Гэтэл тэр хүн өөрөө хүчирхийллийн хохирогч байх нь олонтаа. Өөрийгөө хамгаалж чадахгүй хүн үр хүүхдээ хамгаалах боломжгүй. Оюутан болж хөдөөнөөс ирсэн ах дүүсийн хүүхдүүдийг цугт нь байлгах тохиолдол гардаг. Нэг гэрт байгаагүй хүүхдүүд хамт амьдрахад бэлгийн дарамт үзүүлэх явдал гарч байлаа. Тийм учраас өртөгч нь хэн ч байж болзошгүй. Үйлдэгч нь бас хэн ч байж болно гэдгийг онцлох байна гэлээ.

Энэхүү хэлэлцүүлэг интернэтээр өрнөсөн учраас асуулт орж ирж байв. Хүчирхийлэгчид ногдуулах ял шийтгэлийг чангаруулах ёстой гэсэн санал үзэгчээс ирсэн.

“Эрч хүчтэй хүүхэд” төрийн бус байгууллагын тэргүүн, өмгөөлөгч С.Цэмпилмаа “Өнөөдөр бид шилжилтийн гэж болохоор эрх зүйн нөхцөлд ажиллаж байна. Есдүгээр сараас эхлээд Эрүүгийн шинэ хууль мөрдөгдөж эхэлнэ. Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын шинэ хуулиудтай болчихлоо. Эрх зүйн орчинд нэлээд шинэчлэлт хийгдсэн. Өмнөх тодорхойгүй заалтуудыг шинэ хуулиар тодорхой болгосон. Бага насны хүүхдийг хүчирхийлсэн бол арваас дээш жилийн хорих ялтай болж байгаа. Гэхдээ эрүүгийн хариуцлагыг хэт чангаруулахад хүчингийн хэргийн хохирогчид ноцтой үр дагавар бий болдгийг бодолцох учиртай. Гэмт хэргээ нуухын тулд бүхнийг хийдэг, хохирогчийн амь насанд аюул учрах тохиолдол ажиглагдаж байсан” гэв.

Л.Бадамцэцэг ч мөн “Ураг төрлийн хүчингийн хувьд цусан төрлийн болон эдийн засгийн хамааралтай учраас яг энэ төрлийн хэрэг гарсан гэр бүлүүдийн хувьд хүүхдээ бодоод ялыг нь эдлүүлэх үү, эсвэл энэ хүн чинь гэр бүлээ тэжээж байгаа гээд чимээгүйхэн нуугаад үлдэх үү гэдэг ацан шалаанд ордог. Нэг ийм түүх бий. Дагавар охиноо долдугаар ангиас нь эхлээд хүчирхийлээд, арваннэгдүгээр ангид орох үед нь хоёр хүүхэдтэй болгочихсон тохиолдол байсан. Ээж нь хамт амьдарч л байдаг. Охины зуны амралтаар төрөх хугацаа нь таардаг. “Хүүхдийг нь өргөөд авчихъя” гэж эхнэртэйгээ яриад хүүхдийг нь өөрсдийнхөө нэр дээр авчихдаг. Эхнэр нь хэдийгээр таамаглаж байсан ч чимээгүй явжээ. Хохирогч бидэнд хандаж “Цаашдаа энэ хэвээр олон жил үргэлжлэх нь. Ийм байдлаас л гармаар байна” гэсэн. Хүчирхийлэгчийг цагдаагийн байгууллагад өгч, шоронд хийлгэсэн юм. Энэ гэр бүл хашаа байшин худалдаж авч, үйлдвэрлэл эрхэлдэг байсан. Эцэг нь шоронд орж, арав гаруйхан хоногийн дараа банкны өр нэхэгдсэн. Тэр хүнийг ялгүй үлдээх тухай яриагүй. Гэхдээ хохирогч эрсдэлүүдийг яаж даван туулахыг эрүүл саруулаар бодож шийдвэр гаргах хүртэл нь хүлээх хэрэгтэй юм болов уу” гэлээ. Гудамжинд гардаг зодоон, дээрэм, хүчин нэг л удаа тохиолддог бол нэг гэрт амьдардаг этгээдийн хүчирхийлэл давтагдаж, даамжирч байдаг. Эцэстээ амьд явах уу, үгүй юу гэдэгтээ хүрдэг гэлээ.

С.Цэмбэлмаа “Тохиолдол бүр өөр. Хэрэв цаг хугацаа алдвал тухайн хэрэгтэн хариуцлага хүлээхгүй үлдэх магадлал бий. Нөхцөл байдал амаргүй шүү. Хүүхдийн хувьд тухайн хүчирхийлэл үйлдэгчтэй хариуцлага тооцуулмаар байдаг ч дунд нь ээж аав, хууль ёсоор төлөөлж байгаа этгээдийн дарамтад орж, худал мэдүүлэг өгөх, мэдүүлгээсээ буцах асуудал гардаг. Хүчирхийлэл үйлдэгчид заавал хуулийн хариуцлага ногдуулах ёстой” гэлээ.

Л.Бадамцэцэг “Ийм юм болжээ, саяхан мэдлээ” гээд хүүхдээ дагуулаад ирдэг. “Чи яагаад одоо хэлж байгаа юм” гээд хүүхдээ буруутгадаг. Гэтэл хүүхдийн дотор юу бодогдож байдаг вэ. Би хохирогч хүүхдээр зурган засал хийлгэсэн. “Аав чинь чамайг оролдож байх үед юу бодогдож байсан бэ” гэхэд хоёрдугаар ангийн охин “Үхлийн туулай” гэж бичсэн. Өөрт нь бодогддог юм дандаа аймшиг. Энэ цаасны дөрвөн буланд аймшиг гээд биччихсэн. Бас “Цус сорогч” гэж бичсэн байдаг. “Ээж бид хоёрыг мангас дандаа айлгадаг” гэж хэлсэн хүүхдийн эцэг нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч байсан. Бага насны хүүхэд надад ийм юм тохиолдож байна гэж шууд хэлж чадахгүй ч үг хэллэг, гадаад байдал нь хүртэл энгийн биш болдог. Хохирогч хүүхэд юмыг эсрэг өнцгөөс харж, уурлаж уцаарладаг. Ийм үед тухайн гэр бүлийнхэн хүүхдэдээ санаа тавих учиртай. Өөр нэг хохирогч долдугаар ангийн хүүхэд “Би хэрвээ хүч чадалтай байсан бол энэ бүгдийг таслан зогсоож чадна. Хурдан том болбол хэн ч намайг дээрэлхэж чадахгүй” гэсэн. Хүүхэд өөрт тохиолдсон бүхнээ ярих боломжгүй үе байдаг. Хүүхдийг дарамталж дуугүй болгох нь их. “Хэрэв хүнд хэлэх юм бол чамайг ээжгүй болгоно”, “Охин дүүг чинь бас чам шиг болгоно” гэх юм уу өөрийгөө илчлүүлэхгүйн тулд хахуульддаг. Гудамжинд хүчирхийлэл үйлдэгчээс ураг төрлийн хүчирхийлэл үйлдэгчийн ялгаатай тал нь тухайн хүүхдийн сул талыг сайн мэддэг. Мөнгө өгдөг, хувцас хунар авч өгдөг. Чихэр өгдөг. “Би өгсөн юмыг нь авчихсан юм чинь намайг хүлээн зөвшөөрсөн гэж бодно” гээд дуугүй явдаг тохиолдол бий. Гэхдээ л хүүхдийн гадаад байдал, үг хэллэг, сурлагад олон өөрчлөлт гардаг. Зөвхөн хойд эцэг нь хүчирхийлэл үйлддэг гэж ойлгож болохгүй. Төрсөн эцэг нь хүртэл охиноо хүчирхийлсэн тохиолдол байдаг” гэж ярилаа.

Ураг төрлийн хүчингээс яаж урьдчилан сэргийлж болох вэ. Ямар зуршил, зан төлөвтэй хүн хүчирхийлэл үйлдэгч байдаг гэх мэтээр тодорхойлох боломж байдаг уу, хүүхдэдээ өөрийгөө хамгаалах ямар мэдлэг олгох вэ гэсэн асуултад мэргэжилтнүүд хариулсныг хүргэж байна.

“Хөөрхөн зүрхний аян” төрийн бус байгууллагын сэтгэл зүйч Т.Энхчимэг

-Итгэл хүлээлгэсэн хүмүүс хүчирхийлэл үйлдэгч байж болно гэдгийг бодоорой. Хүүхдэд чинь хэн үнэтэй гоё бэлэг авч өгч байна, хэн хаашаа явахыг санал болгож байгааг анзаарч байгаарай. Ураг төрлийн хүчирхийлэл гэдэг гэнэт болдог үйл явц биш. Хүүхдэдээ илүү анхаарах ёстой. Хохирогч хүүхэд бүрт ижил шинж тэмдэг илрэхгүй. Хүүхдийн амьдралын хэв маяг, даван туулах чадвараас шалтгаалаад зарим хүүхдэд шинж тэмдэг маш хурдан илэрдэг бол заримд нь хэсэг хугацааны дараа илэрч болно. Хүүхэд хар дарж зүүдлэх, орондоо шээх, хичээл завсардах, хэн нэг хүнтэй ганцаараа үлдэхээс зайлсхийдэг. Яагаад тэр хүнтэй үлдэхгүй гэдгээ илэрхийлж байгаа үгийг анхаарах хэрэгтэй. Хүүхдийнхээ нүд рүү харж байгаарай. Биен дээр байгаа жижиг гэлтгүй сорви, хөхрөлтийг анзаарч байх хэрэгтэй. Хүүхдийн яриаг нухацтай сонс. Хүүхэд зүгээр нэг тоглоом ч юм шиг үлгэр ч юм шиг юм яриад байгаа ч тэрэн дундаа өөрийгөө илэрхийлж байдаг. Эцэг, эхчүүд үүнийг маш хаалттай сэдэв гэж ойлгодог. Уг нь бид ярьж байх ёстой. Хэн чамайг усанд оруулах юм. Хэнтэй унтаж болох вэ. Аав биеийн чинь аль хэсэгт хүрч болох вэ, энэ хайр мөн үү. Ээж нь аль хэсгийг нь угаахыг анхнаасаа хүүхдэд хэлж өгвөл хүүхэд энэ талаар ойлголттой болдог. Болохгүй хэсэгт хүн хүрэхэд мэдээлэл өгөх хэмжээний мэдлэгийг хүүхэд олж авсан байх учиртай. Бэлгийн боловсрол, хүчирхийлэл гэж юу болох талаар эцэг, эхчүүд мэдээлэлтэй байх ёстой гэж зөвлөлөө.

Л.Бадамцэцэг “Ураг төрлийн хүчинг дандаа насанд хүрсэн хүмүүс үйлддэг гэж ойлгож болохгүй. Хүүхэд хүүхдээ “оролдсон” тохиолдол бий. Ийм явдал тохиолдоно гэж дандаа бодож явж болохгүй. Гэхдээ цаг үе ямар билээ. Хүүхэд маань хэнтэй байгаа билээ гэдгийг бодолцох учиртай. Зун бүх сургууль, цэцэрлэг амардаг. Манайхан зун хүүхдээ цагаан идээн дээр, эрүүл агаарт амраах гээд ах дүү, хамаатан садны хүүхдүүдийг бүгдийг нь нийлүүлээд, эмээ өвөөгийнд нь хүргээд өгчихдөг. Уржнан гэхэд дөрвөн настай охиныг аав, ээж нь авчирсан. Зуслан дээр ах дүүгийн таван хүүхэд очжээ. Тэнд охиноо дөрөв хонуулаад аваад ирсэн юм билээ. Ирээд аав нь усанд оруулж байсан чинь охин нь ахынх нь хүүхдийн нэрийг хэлээд .. миний бойжгойгоор оролдсон гэжээ. Сандраад юу болж байна вэ гээд бидэнд хандсан. Энэ тухай ахдаа хэлсэн чинь “Юу ярьж байгаа юм бэ. Миний хүү ч гэсэн жаахан хүүхэд шүү дээ. Танай охин худлаа ярьдаг насан дээрээ хэлсэн зүйлийг нь их юм болголоо” гээд муудалцаад, сүүлдээ цагдаа сэргийлэхээр явсан. Охины хэлсэн зүйл нотлогдсон. Гэвч хүчирхийлэл үйлдсэн хүүхэд хэрэг хариуцах чадваргүй гэж үзсэн юм. 13 настай, бэлгийн бойжилтын үедээ яваа хүүхэд байсан. Ийм байдлаас сэргийлэх учиртай. Хол зайтай төрүүлсэн хүүхдүүдээ төрсөн ах, дүү хоёрын хооронд юу болдог юм бэ гээд цуг унтуулдаг. Гэтэл бэлгийн бойжилтын насандаа яваа хүүхдэд хүссэн хүсээгүй бэлгийн дур хүсэл, сэрэл төрдөг. Нойтон зүүдээ мэдэрсэн хүүхэд амьдрал дээр бодитойгоор яадаг юм бол гэж мэдрэхийг хүсч болно. Үеийнхээ охинд хэлбэл зөвшөөрөхгүй. Гар дор байгаа эмэгтэй дүүгээ оролдох гэх мэтчилэн асуудал гардаг. Тухайн гэр бүлийн соёл, хүүхдийн хүмүүжил, хараа хяналт, хүүхэдтэйгээ харьцдаг харилцаа энэ бүгд нөлөөлнө. Аав ээжүүд үүнд анхаарах хэрэгтэй” гэв.

Хүчирхийллийн хохирогч “Хүүхдийн тусламжийн утас” 108 дугаарт хандаж хамгаалалт хүсэх боломжтой. Түүнчлэн хүчирхийлэлд өртсөн тохиолдолд нотлох баримтыг устгахгүйн тулд хэрэг гарах үед өмсч байсан хувцастайгаа, биеэ угааж цэвэрлэлгүйгээр Шүүх эмнэлгийн магадланд орох хэрэгтэй гэсэн хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч биелүүлэхэд хэцүү зөвлөгөө ч сонсогдлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *