Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар золбин нохой муур устгалын ажлын шинэчилсэн зардал батлах тухай, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр барих эрх олгох тухай, ойгоос 2016 онд бэлтгэх модны дээд хэмжээ батлах тухай, болзошгүй гамшгийн үед түр цугларах, нүүлгэн шилжүүлэх газрын байршил хэмжээг тогтоох тухай зэрэг асуудлыг хэлэлцэв.
Нийслэлийн концессын зүйлийн жагсаалтад нийслэлийн Засаг захиргааны I байр буюу нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг спорт заалтай нь хамт буулгаж шинээр барих төсөл багтсан. Төслийг хэрэгжүүлэх зорилгоор нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газраас Концесс олгох уралдаант шалгаруулалтыг зарлаж шалгаруулалтад “Голомт фаннэйшнил групп” ХХК шалгарсан байна.
Тус компани нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хуучин байрыг буулгаж өөрийн хөрөнгөөр, төмөр бетонон карказан хийцтэй 6 давхар, нэгдсэн зоорийн 1 давхартай, нийт 17 037 м2 талбай бүхий барилга болгон барих бөгөөд 1-3 давхарыг нийслэлийн өмчид шилжүүлэх юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр нь анх 1947 онд ашиглалтад орж 2007 онд ашиглалтын хугацаа дууссан байна. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид энэ асуудлыг хэлэлцээд, нийслэлийн Засаг даргыг “Голомт фаннэйшнил групп” ХХК-тай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрөв.
НИТХ-ын Тэргүүлэгчид 2016 онд мод бэлтгэх дээд хэмжээг нийт 6100 шоо метр байхаар тогтоолоо. Үүнээс ойн цэвэрлэгээний огтлолтоор 40 га талбайгаас 1200 м3, цэвэрлэгээ буюу ногоон бүсэд оршин суугч айл өрхөд түлшний зориулалтаар унанги, гишүү мөчир түүлгэх замаар 5100 м3 модыг бэлтгэх юм. Ойн цэвэрлэгээний огтлолт болон ногоон бүсэд оршин суугч айл өрхөд гишүү мөчир, унанги түлшинд бэлтгэсний төлбөрийн орлогоос нийслэлийн төсөвт 36.3 сая төгрөг төвлөрөх юм байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.