Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дугаржав: Долоох нөхцөл байдал үүсгэж байгаа нь өөрөө ёс зүйгүй зүйл

МАХН-ын нарийн бичгийн дарга асан Г.Дугаржавтай ярилцлаа.

-МАХН, МАН эвсэж сонгуульд орох ёстой гэдэг байр суурийг хоёр намынхан илэрхийлж байсан. Гэвч эцсийн дүндээ эвсэх боломжгүйгээр өндөрлөсөн. Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг нэлээдгүй сайн ажиллаж МАХН-ын хувьд 25 мандат өвөртлөх боломжийг гаргаж өгсөн ч танай нам тоосонгүй. Таны байр суурь ямар байна вэ?

-МАХН, МАН эвсэх нь хоёр намын гишүүд, дэмжигчдийн хүсэл эрмэлзэл, итгэл үнэмшил дээр тулгуурлан бий болсон зүйл гэдгийг анзаарсан байх. Хоёр намын хувьд 2011 онд өрх тусгаарласан. Ингэж хоёр нам тус тусдаа бие даан үйл ажиллагаа явуулах болсон нь аль ч намдаа ашигтай байсангүй. Үүнийг өнгөрсөн цаг хугацаа хангалттай харуулаад өглөө. Ялангуяа 2012 оны сонгуульд яаж санал хуваагдсаныг бүгд мэдэж байгаа. Тэр ч утгаараа намын гишүүд, дэмжигчид, удирдлагууд аль аль нь биеэрээ мэдэрсэн.

-Танай хоёр намын гишүүд л хохирсон гэж яриад байсан…

-Мэдээж хоёр намын гишүүд, дэмжигчид л хохирсон. Монгол Улсыг зөв чигт удирдаж ирсэн улс төрийн хүчин хуваагдмал байдалд орчихоор ямар үр дүнд хүрдэг вэ гэдгийг хангалттай харсан тул нэгдэж, эвсэх нь хамгийн чухал юм байна гэдгийг хаа хаанаа ойлгосон. Гишүүдийн зүгээс гаргасан санал дээр үндэслэн өнгөрөгч өвлөөс эхлэн хоёр нам ярилцаж эхэлсэн. Ингээд гуравдугаар сарын 1-нд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэснээр хамтрах эхний шанг татсан. Дараа нь хоёр намын Их хурлын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг гарч эвсэх асуудал дээр санамж бичиг байгуулан хоёр намын удирдах шатанд оруулж ирсэн юм. МАХН, МАН-уудын Бага чуулган, Бага хурлаараа асуудлыг авч хэлэлцсэн ч харамсалтай нь хоёр нам хамтарч сонгуульд орно гэдэг хүлээлт нуран унасан. Хувь хүнийхээ хувьд үүнд харамсч байгаагаа нуугаад яахав. Нэгдээсэй, эвсээсэй гэсэн хоёр намын ахмадууд, гишүүд, дэмжигчдийн хүсэл манай намын удирдлагын буруу шийдвэрээс болж талаар боллоо. Эвсэх гэрээний төсөл МАХН-д хамгийн ашигтай хувилбар байсан. Улс төрийн намын хамгийн гол зорилго бол сонгуульд оролцон амжилт гаргах байдаг. Хоёр намын ажлын хэсэг хамтраад 25 суудлыг нь МАХН-д өгнө. Цаашлаад УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг сөөлжүүлээд хийнэ гэсэн яриа хэлцэл хийсэн байсан. МАН хамгийн том улс төрийн ууган хүчин. Тэд эвсэх санамж бичигт хамгийн сайн нөхцөлийг МАХН-д өгсөн. Харамсалтай нь ажлын хэсгээс гарсан санамж бичиг цаас төдий мөрөөдөл болоод л үлдлээ.

-МАХН-даа л нэр нөлөө бүхий Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын гишүүд МАХН-аас өрх тусгаарлан МАН-д орсон. Л.Цог гишүүн гэхэд Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд орчихлоо. Танай намын туг болж явсан гишүүд өөрсдөө улс төрийн сонголтоо хийн өөр намд орсныг та юу гэж харж байна вэ?

-Энэ гурван гишүүн л намаас гарчихсан юм биш. Өмнөх түүхийг сөхөхөд МАХН байгуулагдсан цагаас хойш намын удирдлагын түвшинд ажиллаж байсан, энэ намыг парламентад төлөөлөлтэй болгож байсан Ц.Шинэбаяр гишүүн яагаад явсан юм. Намдаа идэвхтэй ажиллаж байсан Молор-Эрдэнэ, Хангал, Атар, Барсболд, Нанжид гээд нарийн бичгийн дарга нарын цуваа үргэлжилнэ. Энэ хүмүүс яагаад намаас гарсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Тэр утгаараа олонхоороо ярилцаж байж шийдвэрээ гаргах ёстой. Харамсалтай нь одоо бол ганц хүний шийдвэрээр л намын шийдвэр гарч байна. Тиймээс намын шударга гишүүд үгээ хэлэх, өөрийн гэсэн орон зайгаа хадгалж үлдэхэд асуудал гарч эхэлсэн. Үнэндээ 2012 онд МАХН хаашаа эргэх нь мэдэгдэхгүй байхад О.Чулуунбат агсан, Д.Тэрбишдагва, Ч.Улаан тэргүүтэй гишүүд нүүр царай болон орж ирсэн юм шүү дээ. Энэ хүмүүсийн нүүр царай сонгуульд амжилттай ороход нөлөөлсөн гэдэг нь үнэн бодит зүйл. Гэтэл яагаад боловсролтой, шударга, намын нүүр царай болсон хүмүүс нь гарчихав. Энэ намд байхад, энэ намын төлөө цааш хамтран ажиллах аргагүй болохоор л ийм шийдвэрт хүрэх гол алхам болсон байх. Шинийг санаачилж, зөв зарчим барьдаг, хууль ёсыг дээдэлдэг, хариуцлагатай эдгээр хүмүүс өөрсдийн улс төрийн шийдвэрийг гаргаад явчихлаа. Н.Энхбаяр даргын эзгүйд бидний хэдэн нөхөд чадлаараа л авч явсан. Харамсалтай нь шударга бус зүйлийг тэвчдэггүй тул үгээ хэлснийхээ төлөө нам дотроо цөөнх болсон. Ер нь энэ хүмүүс яагаад МАХН-аас явчихав гэдэг дээр нам харин өөртөө дүгнэлт хийх ёстой.

-Танай нам дотор албан тушаал ахихын тулд намын даргаа “долоодог” нэг хэсэг байна. Уйлж унждаг өөр нэг бүлэг байна. Намын даргаа “долоож” чаддаггүй нь намаас нь явдаг жишиг тогтчихов уу гэж харагдах юм?

-Нэг хэсэг “Бататган хэлье” гэдэг үг моодонд орсон доо. Түүн шиг давтан хэлэхэд нам гэдэг олон нийтийн байгууллага. Бүгдээрээ сууж байгаад ардчиллын зарчмаар асуудлаа шийдэхийн оронд даргыг “долоодог”, даргын хэлсэн үг орчлонгийн туйлын үнэн гэж итгэдэг цаг үе өнгөрсөн. Олон толгойноос гарсан. Олон ургальч үзлийг дундаасаа боловсруулан гаргаж ирвэл бодлого болох ёстой. Харамсалтай нь тийм зүйл алга. Хамгийн сайн долоодог хэсэг нь албан тушаалд хүрч, эвсэх талаас нь асуудлыг тавьдаг арай өөр бодолтой хүмүүс нь буруутан мэт цөөнх болдог нь харамсалтай. Долоох, долоохгүйн асуудал ярих юм бол долоож чаддаггүй хэсэг нь яв зайл, дахиж битгий ирээрэй гэж хөөгддөг. Миний хувьд хэзээ ч долоож чадахгүй. Л.Цог, Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар яасан гэж хүн долоогоод явж байх юм. Хүн долоож явахааргүй улс төрийн капиталтай хүмүүс байхгүй юу. Тэр утгаараа хэлэх үг, хийх ажлаа хүнээр заалгахгүй гэж хэлчихээд яваад өгч байна. Үнэн байхгүй юу. Долоох, долоохгүйн асуудал ярих юм бол долоох нөхцөл байдалд үүсгэж байгаа нь өөрөө ёс суртахуунгүй асуудал юм. Долоож байгаа хэсгийг нь ойлгож байна.

Албан тушаалд хүрэх гэж, амьдрахын тулд аргагүй байдалд орсон хүмүүс. Ийм нөхцөл байдалд хүргэж байгаа нь харамсалтай.

-Таны яриаг сонсоод байхад МАХН-д дотоод ардчилал гэдэг зүйл байхгүй юм байна гэдэг ойлголтыг авлаа. Ганц хүн дангаараа шийдвэр гаргаж байгаа нь ардчилалгүй байгааг илтгээд байх шиг. Намын тулгуур болж явсан хүмүүс намаас гарч байна гэдэг нь үүнийг нотлоод байгаа юм л даа. МАХН яг яачихаад байгаа юм?

-Намын гишүүдийнхээ үгийг сонсохгүй нэг хүн шийдвэр гаргаад байхаар үйл ажиллагаа нь буруу яваад байгаа юм.

Ингэснээрээ намын гишүүдийн хүсэл зорилгод нийцэхгүй шийдвэр гараад байна л даа. Зарим хүмүүс “МАХН бол нэг хүний хамгаалалтын алба боллоо”, “Ганц гишүүнтэй ХХК болчихлоо” гээд хэлээд байна. Нэг хүн өөрийн санаснаар бүх зүйлээ хийж түүнийг нь аялдан дагалддаг, энэ хүний үг туйлын үнэн гэж “долоодог” нөхдүүд нь дарга цэрэг болоод явчихдаг. Олонхын шийдвэрээ дагаад явах ёстой хэмээн байр сууриа хэлсэн хүмүүс нь нам дотроо цөөнх болоод байдаг юм. Ер нь аль ч цаг үед нэг хүнийг тойрон хүрээлэгчид байдаг. Тэр хүмүүс нь даргыгаа мэдээллээс хол тасдаад авчихдаг гэмтэй. Ингэх гэж байна, тэгэх гэж байна хэмээн буруу мэдээлэл өгч удирдлагыг намын гишүүдээс нь холдуулж өмчилдөг технологи улс төрд байдаг л даа. МАХН бол яг одоо энэ зарчмаар л яваад байна. Дарга л хэлсэн бол туйлын зөв гэдэг ойлголтоо халах ёстой. Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа гэдгээ мартаж болохгүй. Ардчиллын амин сүнс нь олонхоороо асуудлаа шийддэг зарчим. Тэгэхгүйгээр нэг хүн асуудал тавингуут түүнийг буруутан болгодог. Тухайлбал тойрон хүрээлэгчид нь Л.Цог, Д.Тэрбишдагва намын дарга болох гээд арга чарга хайж байна гэхчилэн зохиож яриад, түүндээ давс хужир нэмж, гүтгэж, хагаралдуулж дундаас нь ашиг хонжоо олж амьдардаг. Ингээд тэр хүний эсрэг кампанит ажил хийж, байж суухын аргагүй болгодог. Ийм буруу зүйлд нам хөтлөгдөөд явж ирснийг бүгд харж байсан. Энэ нь даамжирсаар салж бутрах нөхцөлд хүргэсэн. Хамгийн гол нь нам буруу шийдвэр гаргалаа гэхэд түүнийгээ засах чадамжтай байх ёстой. Гэвч алдаагаа засч чадсангүй.

-Одоо алдаагаа засах боломжгүй гэсэн үг үү?

-Тийм цаг хугацаа үлдсэнгүй. Н.Алтанхуягийн “Шинэчлэлийн” Засгийн газарт ажиллаж байсан хүмүүсээ нам дотроо буруутгадаг. Ийм ч хүнийг томилсонгүй, тийм ч хөрөнгө мөнгө босгохгүй байна гээд байж суухын аргагүй болгодог. Гэсэн ч аливаа үйл ажиллагаа хуулийн дагуу явах ёстой гэдгийг мэддэггүй. Долоогчид өөрсдийн сонирхлыг хангах гэж хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо орох асуудлыг гаргаж ирсэн нь намын бүү хэл, төрийн тогтворгүй байдлыг бий болгосон юм.

2016 оны сонгуульд энэ багаараа оролцоно гэдэг байлаа. Тэр баг нь одоо хаана байна. Бугласан асуудлыг ил тод ярьдаг, чадалтай, боловсролтой, шинэ санаа хэлдэг хүмүүсээ бүгдийг нь явуулчихсан. Хөөгдөх нь хөөгдөөд, шоронд орох нь шоронд ороод дууссан. Эцэстээ УИХ-д бүлэг ч үгүй боллоо. Энэ чинь алдаатай бодлого мөн биз дээ. Сонгууль болох гэж байхад аймаг, дүүргийн намын дарга нараа ихэнхийг нь сольчихлоо. Сонгуулийн өмнө намын анхан, дунд шатны байгууллагын дарга нарыг солино гэдэг бол маш том бодлогын алдаа мөн байхгүй юу. Энэ нь заавал хуваагдал авч ирдэг. Ямар ч хуучин дарга дэвшиж яваагүй л бол шинэ даргыг хүлээн зөвшөөрдөггүй юм. Тиймээс намын байгууллагаа хоёр хуваачихдаг. Ийм алдаатай шийдвэр гаргаснаа намын дарга заавал эргэж харах хэрэгтэй. МАХН-ын жирийн гишүүдийн хувь заяа цаашид яаж эргэх юм бол гэдгийг төсөөлж ч чадахгүй байна.

-Г.Шийлэгдамба дарга мөнгөний асуудалд холбогдоход та “Залуу хүмүүсээр ийм юм хийлгэж болохгүй” гэж өөрийн байр суурийг илэрхийлснийхээ төлөө намынхандаа адлагдсан гээд хэвлэлээр гарч байсан. Үнэхээр мөнгө олж ир гээд дарамталдаг юм уу?

-Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар хөрөнгө босгох ёстой гэдэг. Аливаа хүн улс төрийн байгууллагад ажиллаж байхдаа хуулийн дагуу хэм хэмжээнд л оролцох ёстой. Г.Шийлэгдамбын хувьд яг ямар процесс болсон гэдгийг нь хэлж мэдэхгүй юм. Аль ч нам залуучуудад албан тушаал өгч араас нь мөнгө олж ир гэсэн даалгавар өгдөг нь ерөөсөө буруу. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай. Төсвөөс санхүүждэг болох шаардлагатай болсон гэдгийг би өмнө ч олон удаа хэлж байсан. Үүний хар сүүдэр дайрсан эмгэнэлтэй зүйл боллоо л гэж бодох юм.

-Удахгүй сонгууль болно. МАХН ямархуу өнгөтэй оролцох бол гэж харж байгаа вэ. Хэдэн лидерүүд нь яваад өгчихлөө?

-Судлаачийн хувьд харахад энэ сонгууль хүнд болно. Ер нь аль ч нам 76 мандаттай мажоритар тогтолцоогоор сонгууль явж байгаа тохиолдолд суудал авна гэдэг хэцүү. Угаасаа манай намаас Л.Цог, Д.Тэрбишдагва гэсэн хоёрхон хүн тойргоос сонгогдсон. Энэ хоёр хүн нь орхиод явсан. Нарийн яривал дээрх хоёр гишүүн чинь жагсаалтын хуваалцах хэмжээнд саналыг авч ирсэн юм. Д.Тэрбишдагва, Л.Цог нарын гишүүдийн буянаар энэ хүмүүс УИХ-д жагсаалтаар орж ирсэн, албан тушаалд хүрсэн гэдгийг бодох л ёстой. МАХН, МАН-ын гишүүд доогуураа эвсэж нэгдээд эхэлсэн. Хүмүүс хүслээ дагаж амьдардаг болохоос нэг хүний шийдвэрээр бүх хүний хүсэл, зорилго таслан зогсоогдоно гэж байхгүй. Угаасаа дороос гарсан хүсэл зорилгыг дээрээс нухчин дарж болдоггүй юм л даа.

-Та МАХН-аас гараад аль намд орох юм. Эсвэл жирийн амьдралыг сонгох юм уу?

-Ямар ч хүн улс төрийн амьдралд оролцох эрхтэй. Бид зүгээр хараад сууж хэрхэвч болохгүй. Эдийн засаг, иргэдийн амьдрал ахуй муу байна. Улсын төсөв бүрдэхгүй байна гээд шүүмжлээд суух шиг амархан юм үнэндээ алга. Үнэхээр улс орны нөхцөл байдал болж бүтэхгүй байгаа бол өөрийн чадах чинээгээрээ оролцоод явах нь чухал. Би болж байвал бусад нь хамаагүй гээд явах нь миний мөн чанар биш. Тиймээс улс төрийн сонголт хийж таарна. Улс төрийн намаар дамжуулж төрийн бодлогод нөлөөлөх тул улс төрөөс холдоод явчихгүй л байх. Зүгээр гараа хумхиад, амаа үдүүлээд сууна гэж байхгүй.

-Та МАХН-д албан тушаал аваагүй ч бодлогын түвшинд голлох үүрэгтэй оролцдог байсан. Энэ намын төлөө багагүй зүтгэсэн хүн хэдий ч МАХН-аас гарах гэж байна хэмээн хэвлэлээр нэлээд бичигдсэн. Таны МАХН-аас гарах болсон шалтгаан яг юу байв?

-Нэг зүйл хэлье. МАХН дотор хамтын удирдлагын систем гэдэг зүйл алдагдсан. Ямар ч том асуудал дээр ганцхан хүн л шийдвэр гаргаж байна. Түүнчлэн намд ашигтай эвслийн боломжийн сайн хувилбарыг тоолгүй бүх боломжийг үгүйсгэж алдсан. Нэг хүн дангаараа шийдвэр гаргаад байгаа нь намын жирийн гишүүдийн хүсэл зорилгод нийцэхгүй байна шүү дээ. Бид намын төлөө шинийг санаачилж, дорвитой бодлогын зүйл хэлээд ч хаданд орилж байгаатай яг адилхан байдаг болсон. Тэртэй тэргүй шийдвэрийг нэг хүн дангаараа гаргаж байна. Энэ бүхэн нь даамжирсаар өөрийг нь хүлээн зөвөөрөхгүй байх нөхцөл рүү түлхэж эхэлсэн. Үүнийг ганц би ч яриад байгаа юм биш. Намын гишүүд хэлж байна. Өөрийгөө биш намаа бодсон бол эвсэх байсан юм. Энэ буруу шийдвэр байсан гэдгийг хөдөө орон нутаг, сум, дүүргийн жирийн гишүүд мэдэж байгаа хэрнээ хэлж чадахгүй ийм нөхцөл үүсээд байна л даа. Миний хувьд намаас гарах өргөдлөө дүрмийн дагуу анхан шатны байгууллагадаа өгнө. Түүний дараа улс төрийн сонголтоо хийнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *