Categories
мэдээ цаг-үе

Хангайн овооны хоёр цагаан адуу

Гайхамшигт монгол адууны тухай түүний үзүүлсэн ид шид, аварч нигүүлссэн, баярлуулж бахдуулсан, хүндэлж бишрүүлсэн гээд самсаа шархируулам яриа монголчуудын дунд дүүрэн. Харин яг одоо ид шидийн илэрхийлэл “Хангайн овооны эзэн савдаг” гэмээр хоёр цагаан морины тухай өгүүлэх болно. Монгол Улсын эртний нийслэл Хархорин хот, ариун буяны орон Эрдэнэ зуу хийд бол зуун зуун дамжин монголчууд бидний дээдийн шүтээн байсаар ирсэн билээ. Буяны энэ хот суурин Орхон түшээ гүний урд хөндийд гэрэлтэж байдаг бол Орхон түшээ гүний араар Хангай хайрхан сүндэрлэн ханхайж байдаг. Энэ талаас нь харах юм бол Хангай хайрханы ивээл дор бурханы орон Эрдэнэ зуу өнөөгийн Хархорин сум байдаг юм байна ч гэж бодогдож болно. Яагаад гэвэл тэд бүгд Хангай хайрханд л тахил шүтээнийхээ дээжийг өргөж, бүхий л юмаа даатгасаар ирсэн билээ. Тиймээс нутгийн хүмүүсийн хамгийн дээд шүтээн бол Хангай хайрхан юм байна ч гэж бодогддог юм.

Жилийн дөрвөн улирлын аль ч цагт Хангай хайрханыг дурандахад түүний энгэр, оройгоор хоёр цагаан адуу харагдана. Дэргэд нь очоод харах юм бол унжмал дэлтэй, шингэвтэр сүүлтэй, том биерхүү сайхан цагаан морь нөгөөдөх нь арай балтгардуу биетэй хөхөвтөр дэл сүүлтэй. Ийм хоёр цагаан морь байдаг юм. Ямар ч цастай, хүйтэн өвөл байсан хайрханы Хангайн овоог тойроод л өвөлжчихдөг онцлогтой. Энэ хоёр цагаан морийг чоно, хулгайч хоёр хайрлаж халамжлаад арав гаруй жил болсон байж магадгүй ч итгэх боломжгүй.

Хоёр цагаан морины эзэн нь Хархорин хотод оршин суугаа “хурандаа цолтой, хурдан морьтой” Д.Батсүх гэх тохины шар хар хүн бий. Үнэндээ Д.Батсүх л хоёр цагаан мориор Хангай ууландаа өргөл барьсан хүн.

1998 онд Хархоринд анхны “Их хурд” уралдаан болох үед уяач Батсүхэд хурдны өлгий Галшараас шүдлэн цагаан бор үрээ бэлгэнд ирсэн байдаг. Их хүлэгч, манлай уяач Х.Сүрэнхор гуай үзээд “хурдан адуу болно” гэж шинжсэн юм билээ. Хоёр жилийн дараа бор үрээгээрээ азарга тавиад хэдэн гүү хураалгаад Орхоны эрэг дээр гүүгий нь бариад зусав.

Тэгсэн байнга л Хангай хайрхан өөд хэдэн адуугаа, гүүгээ туугаад аваад явчихдаг болж. Наанаас нь явахаар цааш нь хөөгөөд бүр алга болчихдог. Уулын орой дээр гарж наашаа харж зогсчихоод хэдэн гүүгээ тэндээ ээрээд явуулахгүй. Гүүгий нь бариад унагы нь уячихаар унагануудыг нь уяатай нь орхиод л эхүүдийг нь хөөгөөд яваад өгдөг байв. Тэгтэл Батсүхийн аав өндөр настан Даваахүү гуай олон хоног гайхаж ажиглаж байснаа хүүдээ “За хүү минь энэ бор азаргыг хойд хайрханы Хангайн овооны эзэн савдаг авчихсан юм байна. Ингэж хориод яагаад ч нэмэргүй. Хангайд нь явуулчих” гэж учирлажээ.

Батсүх гүүтэй нь явуулчихаар адуугаа яах билээ гэж бодож байгаад бор азаргаа агтлаад хангай хайрханд нь тавиад явуулчихжээ. Бор морь ч ганцаараа Хангайн овоонд гараад ирэхээ байж. Овоон дээр ганц цагаан юм л харагдаад байдаг байв.

Нэг өдөр Батсүхийн аав Даваахүү гуай гэрийнхээ гадна хойд хангайгаа дурандаж байснаа санаашран гэртээ орж ирээд “Тэр бор морь зайлуул энэ хангайн овоон дээр ганцаараа л байгаад байх юм. Хөөрхий амьтанг ганцааранг байлгаад яах вэ. Би борлог морио хамт тавьчихъя. Ханиараа явж байг зайлуул” гэж өрөвдөж хайрласан сэтгэлээр хүүдээ хэлжээ. Ингэж өвгөдийнхөө адуугаа хайрладаг монгол ухааныг шүтэн бишрэхээс аргагүй. Батсүх ч аавынхаа саналыг ёсоор болгож аавынхаа унаган төрмөл, өөрөө унадаг хайртай борлог морий нь хөтөлж аваачаад бор морьтой нийлүүлээд тавьчихжээ. Түүнээс хойш тэр хоёр морь хамт ижилсчихсэн нөгөө шүтлэгтэй Хангай овоон дээр л байдаг болж. Өвөл адуу, үхэр гардаг жимээр Орхоны гол дээгүүр гараад ирнэ. Жуулчны баазын тэнд хужир асгаад өгчихнө. Зун болохоор хоёулаа Орхоны голыг гүүрээр ч хамаагүй, голоор ч хамаагүй гараад л ирнэ.

Цагаан морь нь түрүүлээд борлог нь дагаад л явж байдаг. Зуны халуун өдөр жуулчны бааз дамжаад бүр зүүн тийшээ зам дээгүүр, далан даваад Батсүхийн хашааны сүүдэрт нь зогсч байгаад оройхон уул өөдөө яваад өгөх зэргээр эзнээ ч мэддэг, эрх чөлөөгөө ч эдэлсээр яваа хоёр.

Хоёр цагаан морийг тэр хавийнхан андахгүй, хайрлаж шүтнэ, өөрсдийн адуугаа дагаад явж байвал их бэлгэшээдэг байна. Цагаан морь нь одоо хорь хүрч байгаа. Онголуулж уулын эзэн болсоор насны ихэнхийг өнгөрөөжээ. Морьтой хүн очиж ийш тийш нь туух гэвэл сүүлээ агсаад л модон дундуур уул өөд давхиад явчихдаг. Ер нь Хангайн овооны эзэн нь цагаан морьтой байдаг гэж Эрдэнэ зуугийн лам хуврагууд айлддаг юм байна. Хоёр цагаан морийг анх онголж тавиулсан Даваахүү гуайг өөд болоход Аалтан хайрцгийг нь нээлгэхэд “цагаан алаг морь бодож байсан байна” гэж гарч байжээ. Учир холбогдолтой л байсан гэхээс аргагүй. Шинжлэх ухааны үүднээс учир начрыг нь тайлбарлах боломжгүй юм.

Хурандаа цолтой, хурдан морьтой гэгддэг нэр хүнд бүхий хашир эр хүн, уяач Д.Батсүх “Энэ хоёр цагаан морийг Хангайн овоондоо онголсноор миний адуу ч өссөн, морь ч хурдалсан даа” гэж бишрэн ярьдаг хүн. Үнэхээр түүнээс хойш л хүрэн морь, хонгор азарга, хүрэн азарга, хонгор морь гээд л олон хурдтай болжээ. Ялангуяа дээд гурван насыг жил дараалан түрүүлгэж байсны зэрэгцээ, нэг өдөр азарга, морь, соёолонгийн гурван ч түрүүг авч байж. Соёолонгийн түрүүг гурван жил дараалан авч байсан гэж Хархорины уяачид ярьдаг юм билээ. Насаараа цагдаагийн албанд зүтгэж машин техниктэй идэр насаа өнгөрөөсөн Д.Батсүхийн хувь заяа хар багаасаа л хурдан морьтой холбогджээ. Анх “Их хурд” уралдаан хийхээр комиссынхон уралдааны зам хайж явах үед нь тохирох замыг нь зааж өгсөн хүн бол Д.Батсүх юм. Өдий хүртэл адуун соёлоо дээдлэн шүтэж, түүний хөгжилд хувь хандиваа оруулсаар яваа монгол эр хүн. Ийнхүү түүний адуун соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр, хүчин зүтгэлийг үнэлж Монголын үндэсний морин уралдааны Холбооноос “Манлай хүлэгч” цолоор өргөмжилжээ.

Төрсөн нутаг Түшээ мөрөн Түүхэнд цуутай бидний нутаг

Буян заяаг тэгшилсэн Бурхадын орон Монголын нутаг хэмээн яруусан бичиж монгол адуу, монгол соёлынхоо төлөө зүтгэж яваа төр, шашныг хослон шүтэгч Батсүх ахайтны Хангай хайрхандаа өргөсөн хоёр цагаан адуу, тэдгээрийн хоорондын далд холбоо, увдисыг тайлах аргагүй юм. Хэрэв та идэр гурван есийн хүйтэнд Хангайн овоон дээр очвол хоёр цагаан морь угтаад л авна. Хархорин хотод Батсүх ахайтан хашаандаа морио уяад л байж байгаа даа. Чоно, хулгайч хоёр хүртдэггүй Хангайн овооны хоёр цагаан адуу байж л байгаа.

“Өдрийн сонин”-ы орон нутаг дахь тусгай сурвалжлагч Н.Санжаадорж

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *