Categories
мэдээ цаг-үе

Анхны атарчин Ц.Сүрэнхорлоогийнд хаврын тариалалтын их ажлын өмнө өнжсөн тэмдэглэл

Атрын хөндийд хаврын тариалалтын их ажил эхэлж байна. Тариаланчид техник, тоног төхөөрөмжөө засч сэлбэж, үр тариагаа гаргаад эхэлчихэж. Тэд өнгөрсөн намар хадгалсан үрийн буудайгаа энд тэндээс зөөж үтрэм дээрээ байршуулах, бордоогоо бэлтгэх гээд их ажлын өмнөх бэлтгэлдээ ханцуй шамлан оржээ. Талбайд чийг хаалт хийж борнойдох ажил ид дундаа явж байна. Тариаланчид өнөө маргаашгүй үрэлгээ хийхээр болжээ. Шимт зөөлөн бор хөрсөнд үрийн буудай тарихаар зэхэж буй хаврын нэгэн өдөр Төв аймгийн Баянцогт сумын Гуна бригадыг зорьсон юм. Гуна бригад дээр Гавьяат механикжуулагч Цагааны Сүрэнхорлоо гуай аж төрж байна. Монголчууд 1959 оноос өмнө хоол хүнсэндээ хивэг иддэг байв. Монголд атрын анхны аян эхэлж, атар газрыг хагалж, улаанбуудай тариалж эхэлсэн цагаас хойш нарийн ширхэгтэй гурил иддэг болсон түүхтэй. Тэгвэл өнжихөөр зорин очиж байгаа айлын эзэн Ц.Сүрэнхорлоо гуай анхны атарчдын нэг юм. Тодруулбал Баянцогтод анх атар газрын шанг татаж явсан цөөхөн тариаландын нэг. Газар тариалантай ганц олдох амьдралаа холбосон буурал механикжуулагчийнд өнжсөнөө сийрүүлье.

Баянцогтод сайхан хавар болж байна. Ногоо үндсээ түрэн ургажээ. Бог мал ногоо хэдийнэ амсжээ. Хэдхэн өдөр нар гарахад л чийгтэй хөрснөөс ногоо суга суга ургахаар болж. Өнөө жилийн хавар тариланчдын хувьд цаг агаар таатай сайхан байна. Тариалалт эхлэхээс өмнөхөн хэд хэдэн удаа газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орсон болохоор газрын хөрсөнд чийг хангалттай байгаа гэнэ. Нар шарж хуурай салхи үлээхгүй байгаа нь ч хөрсний чийгэнд сайнаар нөлөөлжээ. Биднийг очиход Гавьяат механикжуулагч Ц.Сүрэнхорлоо гуай хашаандаа зогсож байв. Хашааны хаалгаар улаан өнгийн МТЗ- 80, 82 трактор гараад ирэв. Нэг трактороор нөгөөхийг нь нь чирч асаах гэж байгаа бололтой. Яндангаас нь хар утаа олгойдоод л нэг хэсэгтээ чирч давхив. Чирэгдэж байгаа улаан трактор асах шинж ер алга. Жолооч нь байсхийгээд л араанд нь хийх юм. Яндангаас нь хар утаа бөг бөг хийн гарч байснаа унтарчих ажээ. Хэсэг чирч давхиж байгаад арай гэж нэг юм аслаа. 75 гинжит тракторын дараагийн үе буюу 1990 оны эхээр орж ирсэн Казахын шар гэх гурван 75 тракторыг мөн л асаав. Банкинд нь түлш хийгээд л пар хийтэл асаачихлаа. Өнгөрсөн намар унтраагаад нэг ч асаагаагүй гэхэд зовлонгүй аслаа гэж Сүрэнхорлоо гуай сонирхуулав.

Цэлийсэн том хашааны энд тэнд трактор асах чимээ сонсогдож, нам гүм байсан бригадын төвд тракторын дуу хадаж эхэллээ. Баруун урд талын талбайд хэдэн трактор тоос татуулан яваа харагдана. Хөрсний чийг хаалт хийж, борнойдох ажил хийгдэж байгаа бололтой. Асч байсан тракторуудыг эхнээс нь унтрааж, түр намжих үед Ц.Сүрэнхорлоо гуайтай мэнд мэдэж, сурвалжлага хийхээр явж байгаагаа дуулгалаа. “Манай энд сүлжээ барихгүй болохоор холбоо барьж чадаагүй биз. Юу ч гэсэн манай гэрээр орж хоол, цай идэж уу. Хөгшин түрүүнд хоолоо ид гэж хүүхдээр хэлүүлээд байсан” гээд гэрийн зүг алхав. Буурал тариаланч явуут дундаа “Өвөлдөө хэдэн хүүхдүүдээ бараадаад хот орчихдог юм. Усны шувууд ганганаад л нутгаа зорих үеэр өвгөн ах нь тогтож сууж чадахгүй болдог юм даа. Тарьсан хэдэн мод минь яаж байгаа бол, цас хайлж дуусахаас өмнө балга ус ч болтугай тогтоогоод авчих юмсан. Үр тариа нь юу болж байгаа бол. Газрын чийг алдагдаагүй байгаа даа гэж бодогдоод хэцүүднэ. Дөрөвдүгээр сар гаруут л хамаг юмаа бэлдэж аваад хөгшинтэйгөө нутагтаа хүрээд ирдэг юм. Энд ирээд бүх зүйлсээ нүдээр үзэж байж л сэтгэл амарна шүү дээ” хэмээн хуучлав. Ийн явсаар гавьяатын эхнэртэйгээ амьдардаг жижигхэн байшинд яваад орлоо. Гэрийн эзэгтэй Цэндсүрэн гуай биднийг угтан авлаа.

АТРЫН АНХНЫ ШАНГ ТАТСАН ТҮҮХ БУЮУ УЛСЫН РЕКОРД ЭВДСЭН ОН ЖИЛҮҮД

Ц.Сүрэнхорлоо гуай Говь-Алтай аймгийн Бигэр суманд 1936 онд төржээ. Гэр бүлийнх нь хүн болох Ш.Цэндсүрэн Ховд аймгийнх гэнэ. 1962 онд анх танилцаж гэр бүл болжээ. Гэрийн эзэн нутгаасаа 1954 онд буюу 18 настайдаа цэрэгт татагдаж гарчээ. Ингээд цэрэгт хоёр жил болсон байна. Халагдах цэрэг байхдаа Модотын техникумд тракторын жолоочийн курсэд суралцжээ. Баахан тракторын зураг тавьж байгаад л нэрийг нь цээжлүүлдэг байсан гэнэ. Орос, монгол багш нараар хичээл заалгажээ. Гурван мянга гаруй залуусыг 24 анги болгон газар тариалан, техникийн талаар хичээл заажээ. ДТ 54 тракторыг унуулж жолоо бариулж, байгаад л тэр хавар нь сангийн аж ахуйд томилчихож. Монгол Улс ингэж л атрын анхны шанг татах залуусыг бэлтгэсэн түүхтэй юм байна.

С.Сүрэнхорлоог курсээ дөнгөж төгстөл Төв аймгийн Баянчандмань сумын МААМС-д тракторын жолоочоор томилчихсон гэнэ. Түүнийг анх очих үед трактор барих боломж тааруу байж. Нэг тракторыг гурван хүн ээлжилж унадаг байсан аж. Мэргэжлээр нь огт ажиллуулахгүй, өөр ажил хийлгэж хоёр жил болгожээ. Төд удалгүй Угтаал, Баянцогтын сангийн аж ахуйнууд байгуулагджээ. Баянчандманьд хийх ажилгүй шахам хоёр жил болсон залуусыг хоёр хувааж, шинээр байгуулагдаж байгаа хоёр сангийн аж ахуйд тракторын жолоочоор томилсон юм байна. Нөхөрлөлийн сангийн аж ахуйн урд талын Янзагатын хөндийд зургадугаар бригадынхан хуваарилагдан очжээ. Тэнд атрын анхны шанг татсан түүхтэй аж. Сангийн аж ахуйн дарга, ерөнхий инженертэйгээ очиж сүр дуулиантайгаар туг хатгаж байгаад л газар хагалж эхэлсэн гэнэ. Ц.Сүрэнхорлоо, Чулуун нар хамгийн анх газар хагалсан байна. Анхны жилдээ 15 мянган га газар хагалжээ. Ингээд ирэх жил нь улаанбуудай тариалсан байна. Ингэж л Баянцогтын сангийн аж ахуйн тулгын чулууг анх тавилцаж байж.

Тракторын курс төгссөн хэдий ч техниктэйгээ бүрэн танилцаж чадаагүй мянга мянган залуус атрын анхны шанг ийнхүү татаж байсныг Сүрэнхорлоо гуай хуучлав. Шаргал өвс халиурсан хөндийд хоёрхон жилийн дараа тариан түрүү халиурчээ. Ёстой л галзуу барын аманд гараа хийх үү байх уу дээрээ байсан залуус атар газар эзэмшиж, ажлыг яралзтал хийх болж. Ажил ч жигдэрч, арвин ургац хурааж эхэлсэн байна. Баянцогтын сангийн аж ахуй нийтдээ 30 гаруй мянган га газарт тариа тарих болжээ.

1963 он. Ц.Сүрэнхорлоогийн их амжилтын оргил өөд тэмүүлсэн үе байж. 1116 га газраас комбайнаар тариа хурааж түүхэн амжилтын эзэн болжээ. Бүр улсын рекорд тогтоож, улсын аварга тариаланч болсон байна. Түүний 1963 оны намар 1116 га талбайгаас тариа хураасан амжилт нь улсын аварга тариаланч болгосон төдийгүй, гавьяатын тэмдэг эзэндээ авчирсан түүхийн эхлэлийг тавьжээ. Мөн энэхүү амжилт нь Хөдөлмөрийн баатрын болзол хангасан гэнэ. Төв аймгийн 40 жилийн ойгоор 27 настай байхдаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан байна.

ТАСАГ, ФЕРМИЙН ДАРГА БАЙХДАА ХОЁР УДАА УЛСЫН АВАРГА ТАРИАЛАНЧ ХАМТ ОЛОН БОЛЖЭЭ

Ц.Сүрэнхорлоо гэх эрхэм арав гаруй жил тракторын жолоочоор ажилласан байна. Бусдаасаа ажил хөдөлмөрөөр тэргүүлж, удирдан зохион байгуулах ажилд идэвхтэй оролцдог байсан болохоор аймгийн депутатаар сонгогдон ажиллах болжээ. Нойр хоолгүй ажилласнаас болоод хүнд өвчин туссан байна. Хүндээр өвдсөн нь түүнийг дарга болох үүд хаалгыг нээж өгсөн гэхэд болно. Эмч нар хүнд ажил хийж болохгүй гэсэн акт гаргасан байна. Аймгийн намын даргын шийдвэрээр Ц.Сүрэнхорлоо намын сургуулийн хоёр жилийн ангид сурч, таван жил эчнээ ангид сурчээ. Ингээд Баянцогт сумынхаа Гуна бригадын тасаг, фермийн дарга болон эргэж иржээ. 1973, 1975 оны их ургацын жил сэтгэлд нь тодхон байдаг гэнэ. 1973 онд гойд их ургац хурааж л дээ. Тариа бригадын нэгдүгээр тасаг нь улсын аварга тариаланч хамт олон болж, УАЗ машинаар шагнуулжээ. Мөн 1975 онд арвин ургац хурааж хоёр дахь удаагаа улсын аварга тариаланч болсон аж. Улсаас “Купон” гэх машинаар шагнуулжээ. Тэр жил 11 мянган тонн улаанбуудай Гуна бригадын үтрэм дээр буужээ. Энэ их буудайг яах вэ гээд л санаа зовж байж. Ургацын төв комиссын гишүүд Ангорскийд буудайгаа өгөхөөр болсон гэнэ. Улсын ургацын төв комиссоос Зил 51 машин явуулж Гуна бригадын 11 тонн улаанбуудайг гурван өдрийн турш Улаанбаатар руу ачуулж, тэндээсээ вагоноор цааш нь явуулсан байна. Харин 1981 онд ургац алдаж хэдхэн нуруу буудай авч байжээ.

1990 он тариа бригадууд тарж эхэлсэн үе. Баянцогтын сангийн аж ахуй 42 компани болж задарчээ. Ц.Сүрэнхорлоо ч хувийн “Гуна” нэртэй компаниа байгуулжээ. Банкны зээлд хураагдах дээрээ тулаад байсан хоёр ч компанийг худалдан авч компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэн тэлсэн юм байна. Ингээд 2003 онд га газраас 22 центнер улаанбуудайн арвин ургац хураан авсан байна. 70 гаруй настайд нь компани нь улсын аварга тариаланч хамт олон болжээ. Мөн 2004 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандиас Гавьяат механикжуулагч гэх эрхэм цолыг хүртсэн байна.

1500 ГА ГАЗАРТ БУУДАЙ ТАРИНА

Ийн хууч хөөрч суутал үд өнгөрчихсөн байв. Дахин том хашаа руу орж, техник засварын ажил хэр хийгдэж байгаа талаар үзэхээр явсан юм. О.Гомбосүрэн, Содмандах, С.Бууч, А.Монхор, Дамдинсүрэн гэх тракторын жолооч нар техник засварын ажил хийж байлаа. Ц.Сүрэнхорлоогийн хоёр хүүхэд аавынхаа эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж байгаа юм билээ. Хүү С.Ганбат нь хүний эмчээр ажиллаж байгаад “Гуна хонгор” компанийг байгуулжээ. Харин хүргэн О.Түвшинзаяа, охин С.Ганчимэг нар “Гуна” компанийн үйл ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. Өнөө жил дээрх хоёр компани 1500 гаруй га талбайд тариа тарих юм байна. Ирэх сарын 1-нээс эхлэн үрэлгээний ажил хийгдэх юм байна. Улсаас өнөө жил 25 тэрбум төгрөгийн зээл олгохоор болсон. Тариалалтаа эхлэхэд санхүүгийн дэмжлэг шаардлагатай байгаа тариаланчдад талбайн хэмжээг нь харгалзаж хуваан олгохоор болсон билээ. Зээлийн хүү нь 12.5 хувь юм байна. Гэхдээ зээл авсан тариаланчдыг эхний найман сар үндсэн төлбөрөөс чөлөөлөх аж.

Хоёр жилийн хугацаатай олгож байгаа зээлийн талаар О.Түвшинзаяатай ярилцлаа. Тэрээр “Манай компани яаманд зээл авах хүсэлтээ хүргүүлчихсэн байгаа. Хэрэв зээл олгохгүйд хүрвэл нөхцөл байдал хэцүүднэ. Өөрсдийнхөө хөрөнгө мөнгөөр үр тариа худалдаж авч, шаардлагатай шатахуун авч чадахгүй. Ийм чадалтай компани Монголд байхгүй. Удахгүй бидэнд зээл олгох байх гээд л хүлээж сууна. Тариланчдыг ойлгохгүй хандлага сүүлийн үед ажиглагдах боллоо. Үнэхээр хүнд, эмзэг салбар шүү дээ. Бороо орохгүй бол олон сая төгрөгийн зээл авч тарьсан буудай ургахгүй эрсдэлтэй. Зээл авч байж л тариалалт хийж, техникүүдээ шатахуунаар хөдөлгөнө. Намар нь буудайгаа ургуулж байж мөнгөтэй болж өрнөөсөө гардаг” хэмээн ярив.

Түүнээс тариаланчид муу үр тарьж байгаагаас болж цавуулаг чанар муутай буудай ургадаг гэсэн шүүмжлэл, гурил үйлдэрлэгчдийн “Тариланчид малын тэжээлийн буудай тарьж байна. Гурил хийх буудай тарихгүй байгаагаас болж сайн чанарын буудай ОХУ-аас худалдан авч муу буудайтай хольж арай гэж гурил гаргаж авч байна” гэсэн гомдлын талаар сонирхсон юм. Тэрбээр “Яаж ч бодсон муу үр тарихгүй нь тодорхой шүү дээ. Цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч буудайны чанарт нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл цаг агаар тааламжгүй, бороо хур багатай жилийн буудайн чанар муу байдаг. Хэрэв бид үнэхээр муу үрийн буудай тарьж байгаа бол яагаад сайн чанарын буудай ургаад байгаа юм бэ. Нэг жилд сайн чанартай буудай хурааж авч байгаа бол дараа жил нь цавуулаг чанар муутай буудай хурааж авдаг юм” гэсэн хариу өглөө.

ГАЗАР ТАРИАЛАНД ШИНЖЛЭХ УХААН ХЭРЭГТЭЙ БАЙНА

Харин энэ талаар Ц.Сүрэнхорлоо гавьяат “Газар тариалангийн салбарт шинжлэх ухаан хэрэгтэй байна. Европын улсуудын тариалангийн талбайд мал огт бэлчдэггүй. Манай улсын онцлог тэднээс огт өөр. Гэсэн хэр нь тэр улсуудын арга туршлагаар яваад байна л даа. Атрын анхны шанг татаж явсан хүний хувьд энэ талаар өөрийнхөө мэдэж туулсан зүйлийг хэлмээр санагдаад байдаг юм. Тариалангийн талбайд мал бэлчиж байгаа нь хамгийн буруу. Тариаланчид хөрсийг нь сийрэгжүүлэх гээд өч төчнөөн цаг зав, хөрөнгөө гаргаад байдаг. Гэтэл дээгүүр нь мал яваад л чигжчихдэг. Поолинд мал явуулахгүй болчихвол олон давуу талтай. Өвөл 10-20 см цасан бүрхүүл тогтдог. Гэтэл мал явсаар байгаад маш хурдан цас нь хайлчихдаг. Хэрэв мал явж борлуулахгүй цасан бүрхүүл хэвээрээ байвал дөрвөн сарын дунд үе хүртэл цас нь огт хайлахгүй. Ингэснээр хөрсөнд чийг өгнө. Тариланчид бид бороо, цас хүлээж суухгүй болно. Мөн талбайд хогийн ургамлын иш навчаар хучсан сүрлэн бүрхүүл бий болгомоор байна. Найман см орчим сүрлэн бүрхүүлтэй болгоход гурван см ялзмаг тогтдог. Ингэснээр бордоо хэрэг болохгүйгээр сайн хөрс бий болно. Хэрэв энэ бүгдийг хийж чадах юм бол маш сайн ургац авах бүрэн боломжтой. Үүнийг Канад улс хэрэгжүүлээд маш сайн ургац авч байна шүү дээ. Мөн сүүлийн үед улаанбуудайны асуудал дээр улстөржиж байна. Хэн нэгэн гадаадаас улаанбуудай оруулж ирж ашиг олох болохоороо хэдэн муусайн тариаланч руу дайрах юм. Энэ бүгдийг зогсоох хэрэгтэй байна” гэлээ. Өнөө жил хаврын тариалалт эхлэх үеэр хөрс чийгтэй сайхан байгаа ч гэсэн зундаа хур бороо бага байна гэх мэдээлэл бийг ч Ц.Сүрэнхорлоо гуай сонирхуулав. “Их ургац хурааж авч чадахгүй юм аа гэхэд улаанаараа эргүүлж ургац алдахгүй байхсан” гэж хэлж байна лээ.

ГУНА” ТӨГӨЛТЭЙ БОЛОХ ГЭЖ ХӨДӨЛМӨРЛӨЖ СУУНА

Өнжиж байгаа айлын гэрийн эзэд зүгээр суудаггүй хөдөлмөрч улсууд юм. Хашааныхаа хойд талаар жимсний мод хэдэн мянгаар нь тарьчихсан байх ажээ. Бүр цас борооны ус урсдаг шуудуунаас ус татаад модныхоо талбайг нуур болгочихож. Анх хэдхэн мод тарьж байснаа бодвол чацаргана жимс хурааж авдаг болжээ. Ц.Сүрэнхорлоо, Цэндсүрэн нар гэрийнхээ хойд талд ойн модон төгөлтэй болох гэж хэдэн мянган мод суулгасан юм байна. Хүүхдүүдийнхээ тариаланд зөвлөгөө өгч, хэдэн модоо арчилж гурван улирлыг өнгөрөөдөг байна. ““Гуна” гэдэг төгөлтэй болоход нас минь хүрдэг байгаа. Хүрнэ гэж бодоод л зүтгээд байгаа” гэж 80 гаруй настай хоёр буурай ярьж байна лээ.

Бригадын баруун талд дүнхийсэн сайхан том уул байх. Гуна хайрхан уулаар нэрлэгдсэн бригадын төвд амьдралынхаа ихэнх цаг хугацааг хөдөлмөр шүтэж өнгөрүүлжээ. Ц.Сүрэнхорлоо гавьяат “Салхины аясаар үелзэх шаргалтсан тариан талбай дундуур алхаж явах шиг жаргал надад байдаггүй юм аа. Онгон хээр талд атрын шан татаж явсан болохоор энэ нутгаа өөрийнхөө төрсөн нутаг шигээ хайрладаг болжээ. Нарны илч шингэсэн бүлээхэн шимтэй бор хөрснөөс соёолж буй тариан түрүү шиг сайхан амьдралыг туулж явна даа, өвгөн ах нь” гэсээр биднийг үдэв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *