Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХЭЛЭХ ЭРХИЙН ИНДЭР: “Өвөг хөгжмүүдийн мэргэжлийн ангитай болох нь өвийг хамгаалах чухал ажил юм”

ХБК-ийн багш А.Бат-Очир

Орчин үед хотжилттой холбоотойгоор хялгасан цуур, шанаган хуур, икел зэрэг өвөг хөгжмүүдийг уламжлан дэлгэрүүлэх явц зогсонги болж ирлээ. Манай сургалт морин хуурын мэргэжлийн сургалтаас гадна өвөг хөгжмүүдийг хамгаалах зорилго тавьж байгаагаараа онцлог. Өв соёлыг хамгаалах олон арга бий. Бидний хувьд хэдхэн жилийн дараа гэхэд эдгээр хөгжмүүдээр мэргэжлийн сургалттай болохоор зорьж байна. Ажлыг маань дэмжиж ХБК-ийн захиргаанаас өрөө гаргаж өгсөн.

“Эгшиглэнт магнай” компанийн захирал П.Байгальжав бидэнд эдгээр гурван төрлийн хөгжмөөс нэг, нэгийг дээрээс нь ширэн цартай хуур бэлэглэхээр болсонд талархал илэрхийлье. Эндээс цааш хөгжмийг олноор нь нэмж хийлгэх тал дээр хүмүүсийг уриалмаар байна. Өвөг хөгжмүүд бол морин хуураас эсрэг чавхдастай. Тиймээс хөгжимдөх арга барил нь хүртэл огт өөр онцлогтой байдаг. Үүнийг сурахын тулд нутаг нутгийн өв тээгчдийг урьж авчирч бичлэг хийхээс эхлээд сургалтын арга боловсруулахаар ажиллаж байна. Миний бие Японы ууган сургууль болох 130 жилийн түүхтэй Токиогийн урлагийн их сургуульд Монголоос анх удаагаа магистрын зэргийг морин хуур болон түүний өвөг хөгжмүүдийн ардын уламжлалт зохиолууд болох “Татлага”, түүний өнөөгийн орчин, хадгалалт, хамгаалалт” сэдвээр хамгаалсан. Япон, АНУ, Солонгос, Европын олон улсад манай хуурчид сургалт явуулж байна.

Зөвхөн Японд гэхэд “Тэнгэр хуур”, “Морин хуур”, “Үүлэн бор” зэрэг сургалтын төвүүд үйл ажиллагаа явуулдаг байх жишээтэй. Дэлхийд хялгасаар хялгасыг хөрөөддөг хөгжим ховор. Шинэ номын нээлтээ 2016 оны дөрөвдүгээр сарын 11-нд ХБК-ийн номын санд хийсэн. “Морин хуур хөгжмийн сурах бичиг” бол миний гурав дахь ном. Онцлог нь гэвэл монгол, англи хоёр хэл дээр хэвлэгдсэн. Морин хуурыг сурах гэж буй хүмүүс энэхүү сурах бичгийн тусламжтайгаар багшгүйгээр бие дааж суралцах боломжтой.

Дээр нь морин хуурын тухай танин мэдүүлэх үүднээс “Хөхөө Намжилын домог”, “Хөхөөдэй хүүгийн домог”, “Сүхийн цагаан морь” гэсэн домгуудыг хавсаргасан. Энэхүү номын нээлтээр ерөнхийдөө сургалт маань эхэллээ гэж ойлгож болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *