Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа

Монголын нийгэмд Нүүрсчдийн намынхан гэж хэсэг хүнийг нэрлэх боллоо. Зөрүүлээд Шороочдын намынхан гэж бүлэг хүнийг нэрлэсэн нь Женкогийн талынхныг хэлэв бололтой. Үндсэндээ Нүүрсчдийн нам, Шороочдын нам гэсэн хоёр нэршил бий болов. Шороочдын намынхныг говьд 270 сая ам.доллараар шороо овоолсноос өөрийг хийгээгүй гэхчилэн цөөнгүй асуудлаар буруутгаж байгаа. Харин Нүүрсчдийн намынхныг “Эх орноо худалдагсад” хэмээн зүхэж байна. Гэхдээ энэ хоёр бүлэглэлийн нүдэлдээнд улс төрийн намууд хамаагүй юм шүү. Энэ бол Монгол дахь улстөр-эдийн засгийн эрх мэдэл бүхий бүлэглэл буюу мафиудын хоорондын зодоон, нэгэндээ өгсөн нэр хаяг юм.

Саяхан энэ хоёр том бүлэглэлийн хоорондын тулаан “Баянгол” зочид буудлын гадаа боллоо. Хүчнийхэн, цагдаагийнхан, тусгайгийнхан хөдөлж сүйдтэй, сүртэй юм боллоо. Ард түмэн бүгдээрээ үзлээ, харлаа. Энэ нүдэлдээний үеэр Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж оролцов. Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгыг тэд өмгөөлж хамгаалан жагссан хэрэг. “Баянгол”-ын гадаа цугласан олны дунд жүдогийн алдартай тамирчид бэлтгэлийнхээ хувцастай хөвж, ярилцлага өгч, холбооныхоо ерөнхийлөгчийг юунаас ч цээжээрээ хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлсэн нь олны анхаарлыг татав. Ийм л бүлэглэл хоорондын нүдэлдээн дундаас жүдогийнхон маань олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ өглөө нь мордоцгоосон юм. Очоод тэд баллаж өглөө, түүхэнд байгаагүй амжилтыг гаргалаа. Дэлхийд жүдогоор хаанчилдаг япончуудтай эн зэрэгцэж, адилхан дөрвөн алтан медаль зүүв. Нийт дүнгээрээ оноо жаахан дутаж, Японы ард хоёрдугаарт эрэмбэлэгдлээ. Тэрбум, тэрбумаар тоологдох хятад, энэтхэгчүүдийн дундаас гуравхан сая монголын үр сад болох хэдэн муу охид, хөвгүүдийн гарыг нугалах хүн гарахгүй юм байна. Жүдо бол олимпийн төрлийн дэлхийн топ таван спортын нэг юм. Ийм л топ спортын Тивийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо болж 31 орны нийт 233 тамирчин хурд, хүчээ үзсэн юм. Манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр есөн тамирчинтай, бүтэн багаараа оролцсон билээ. Ингээд дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль хүртлээ. Мөн зургаан тамирчин шагналт тавдугаар байрт шалгарлаа.

Түүхэндээ манайх Азийн аваргаас хамгийн ихдээ хоёр алтан медаль авч байсан. Гэтэл Ташкентийн дэвжээнд очсон 18 тамирчнаас 16 нь медалийн төлөө барилдана гэдэг бол нүд орой дээр гарам амжилт юм. Д.Алтансүх, Д.Сумъяа, Н.Дагвасүрэн, Н.Түвшинбаяр нарыг энэ удаад лав Ази тивд тогтоож барихгүй юм байна гэдгийг харлаа.

Ташкентад нэгэн сонин барилдаан болсныг энд дурдах ёстой. Ганц мөнгөн медалийг авсан дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарын аваргын төлөөх барилдаан. 48 кг-д дэлхийд босоо байгаа манай бөх финалд Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй тулсан ч юүко үнэлгээгээр ялагдав. Сүүлд гурван удаа энэ хоёр бөх учраа таарахад бүгдэд нь Г.Отгонцэцэг ялж байна. Дэлхийн аварга М.Уранцэцэг нутаг нэгт Г.Отгонцэцэгийг ялах тактикийг боловсруулахгүй бол Олимпийн наадамд аль ч шатанд хоорондоо таарч магадгүй юм байна. Бүр сүүлдээ манай хүчтэнүүд Монголдоо нэг жиндээ чихцэлдээд болохгүй болохоор зарим нь ийнхүү гадны улсын нэр дээрээс нутаг нэгтнээ нугалж тавих нь. Хэрвээ Монголын бөх Олимпийн наадмаас медаль авна л гэж байгаа бол үүнийг анхаарах цаг болжээ. Монголын жүдогийн дэг сургуулийн нууц бусад оронд тамирчдаар маань дамжин алдагдаж байгаа юм биш үү. Энэ удаагийн Ази тивийн аваргаар Японы тамирчид манайхтай адил дөрвөн алтан медаль хүртсэн ч мөнгөн медалийн тоогоор илүү гарч багийн дүнгээр тэргүүллээ. Харин медалийн тоогоор Монголын баг тамирчид тэргүүлэв. Энэхүү түүхэн амжилт бол манай жүдочдын нөр их хөдөлмөр юм.

Азийн аваргын бахдам амжилтыг үзэж суухдаа саяын тэр нүдэлдээний үеэр жүдогийнхныг баривчилсангүй нь юун сайн бэ хэмээн бодож суулаа. Хэрэв зээ Нүүрсчдийн намынхны зүгээс цагдааг хөдөлгөж, жүдогийн шигшээгийн 18 тамирчинг баривчилж, “Жагсаал цуглаан зохион байгуулж, үймээн самуунд турхирсан” зүйл ангиар 72 цагт саатуулсан бол яана. Юун маргааш өглөө нь Азийн аваргад явах, олимпийн эрх авах, ард түмэндээ баяр бахдал төрүүлэх… Баривчилгаа явуулалгүй эх оронч зан гаргасан хүмүүст талархъя. Гэхдээ л мөн аюултай, эрсдэлтэй юманд орооцолдох шахлаа даа, жүдочид минь. Жагсаалын үеэр ямар нэгэн турхиралт явагдаж, үймээн болж, та нөхөд бэртэж гэмтэхэд хүрвэл яана. Олимп хүртэл онцгой анхаарах зүйл чинь энэ шүү. Одоо манай жүдогийнхонд Риогийн олимп гэсэн том даваа байна. Риогийн дэвжээн дээр л зовхи нь өөдөө, золбоо хийморьтой барилдмаар байна. Саяын тивийн аваргаас харж байхад та бүхний сэтгэл зүй сайн байна. Бие бялдрын хөгжил хийгээд, барилдааны ур чадвараар дэлхийд гарчихаж. Та нарын багт олимпийн аварга байна. Дэлхийн аварга байна. Та нар бүгдээрээ адилхан зүйл идэж ууж, адилхан орчинд амьдарч, нэг л багшийн удирдлагад адилхан бэлтгэл сургуулилт хийж байгаа. Хэн нэгнээсээ илүү юм юу ч байхгүй. Бод л доо, 20 сая хүнтэй казакстанчууд дотроос дэлхийд барилдчих хүн олдохгүй манай нэг охиныг гуйж нэр дээрээ барилдуулж байна шүү дээ. Ийм л эрэмбэ зиндаатай та бүхэн олимпод очих нь. Маргааш нь тивийн аваргын хариуцлагатай тэмцээнд оролцоно гэж байхдаа бусад орны тамирчид яадаг вэ гэхээр төвлөрдөг, бясалгал хийдэг, амардаг, ямар нэг нерв стрессгүй байхад анхаардаг. Манай баатрууд болохоор тачигнатал жагсаж цуглаж, бүлэглэл хоорондын нүдэлдээнд оролцож аваад мордож байна. Юун амрах, төвлөрөх, бясалгах вэ. Тэгж очоод л бүгдийг нь нугалаад тавьчихаж байгаа юм. Харин тэмцээний сүүлийн өдөр болсон багийн тэмцээнд манайхан муу оролцлоо. Онцгүй л харагдаж байна лээ. Гэхдээ зөвтгөх шалтгаан надад байна. Монголчууд бид л болсон хойно “Бүгдээрээ медаль авлаа, олимпийн эрхээ авлаа” гэж хөөрөөд шөнө нь “угаасан” байх. Эмэгтэйчүүд нь бүр илүү “угаасан” байх, илүү муу барилдана лээ. Тэрнээс урьд өдөр нь чоно шиг байсан нөхөд маргааш нь юу гэж хонь шиг болчихов дээ.

Энэ бүгдийн эцэст жүдогийнхондоо хэлэх анхааруулга байна. Риод очихоосоо өмнө саяных шиг бүлэглэл хоорондын нүдэлдээнд оролцмооргүй байна, шалдар булдар зүйлд анхаарлаа сарниулмааргүй байна. Бэртэл гэмтэл авчихмааргүй байна. Хийморь сүлдээ бодмоор байна. Эздийнхээ хоорондын мафийн шинжтэй тэмцэлд торгоогдчихгүй бол Риогийн дэвжээнд манай жүдочдын гарыг нугалах хүчтэн байхгүй байх. Хавтай сайн байгаа жүдочдоос хар цагаан хэл ам, хар хорын үйл явдал хазгай тусаг ээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа” нийтлэлийг “Өдрийн сонин”-ы уншаарай

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн шинэ дугаар хэвлэгдэн гарлаа. Өнөөдрийн дугаарт УИХ-ын гишүүн Ч.Улааны “Эвсэл хэр сайн ажиллахаас алсдаа хоёр нам нэгдэх түүхэн үйл явдал хамаарна” ярилцлага хэвлэгдэн гарлаа. Тэрбээр “Улс оронд бий болсон нөхцөл байдалд нухацтай дүгнэлт хийгээд хоёр тал тус, тусдаа мөрийн хөтөлбөрийнхөө анхны саналуудыг боловсруулсан байгаа. Энэ саналуудаа нэгтгээд Монгол Улсын нийтлэг эрх ашигт нийцсэн мөрийн хөтөлбөрийг гаргах нь зүйтэй юм гэж тохиролцсон” хэмээн ярьжээ. Түүний ярилцлагыг I, II, V нүүрнээс уншаарай. Мөн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаагаас улаанбурхан өвчний дэгдэлтийн талаар тодруулсан тодруулгыг өнөөдрийн дугаараас уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг, нийгмийн үзэл санааны хамгийн том талбар, алдарт гуравдугаар нүүрт “Нүүрсчдийн нам, Шороочдын намын нүдэлдээн дундаас мордсон юмсан даа” нийтлэлийг хэвлэлээ.

Харин Баримт, үйл явдлын нүүрт “АН-ын сонгууль угтсан ТҮЦ ажиллагаа” сурвалжлага багтлаа. Уг сурвалжлагаар нийслэлийн зарим дүүргийн Засаг дарга шийдвэр гаргаж Өмчийн харилцааны газрын албандаа үүрэг өгч ТҮЦ-үүдийг буулгах болсон тухай мэдээлжээ.

Мөн сэтгүүлч Н.Гантулгын “Сөнөдийн Гилүгэдэй баатрын нутаг Өмнөд Монголын тэмдэглэл” өнөөдрийн дугаарт хэвлэгдэн гарлаа. Тэрээр Өмнөд Монголын нутаг Шилийн гол аймгийн Сөнөд баруун хошуунаа аяны дөрөө мултлаад ирсэн билээ. Түүний аян замын нийтлэлийг 12 дугаар нүүрнээс уншаарай. Түүнчлэн эрүүл мэндийн нүүрт нүдний эрүүл ахуйн талаар зөвлөсөн юм. Нүдний даралт ихсэх өвчний талаар болон нүдээ хэрхэн хамгаалах тухай мэдээлэл бэлтгэн хүргэж байна. Харин утга зохиолын нүүрэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Талын цэцгэн дөрвөлж дээр” өгүүлэл нийтлэгдлээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.
“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *