Categories
мэдээ улс-төр

Засгийн газарт чиглэл өгөхөөр болжээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, тус байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл нар өнөөдөр /2016.04.25/ нийслэлийн Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн ангаарт химийн хортой бодисын хаягдал байрлуулсан тухай иргэдийн гомдлын дагуу “Тамбов-цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Д.Сэргэлэн болон холбогдох албан туушаалтнуудаас тайлбар авахаар уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд “Тамбов-цэргийн химичид” ТББ-ын тэргүүн Д.Сэргэлэн мэдээлэл хийсэн юм. Тэрээр, ОХУ-ын Тамбовын цэргийн сургууль төгсөгчид Төрийн бус байгууллага байгуулж, химийн бодисын аюулгүй ажиллагааг хангах, сурталчилах зорилгоор энэхүү ТББ-ыг үүсгэн байгуулсан бөгөөд 2012 оноос “SGS Mongolia” компанийн лабораториас гарсан 120 тн химийн бодисын хаягдлыг Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хуучин цэргийн ангийн ангаарт хадгалж эхэлсэн. Энэ бодис нь алтны уурхайд хэрэглэдэг шаазан тигель гэдэг аяга хэлбэртэй зүйл юм. 2012 оны 07 дугаар сард Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийн дагуу аюултай хог хаягдлыг устгах, аюулгүй болгох зориулалтын байгууламж баригдаж ашиглталтанд орох хүртэлх хугацаанд тус цэргийн ангийн ангаарыг сонгож, БХЯ-ны Зэвсэгт хүчний жанжин штабын даргатай түр хугацаагаар химийн бодисын хаягдал хадгалах гэрээ байгуулсан юм. Энэ гэрээг байгуулахаас өмнө холбогдох мэргэжлийн байгууллагаар нарийвчалсан үнэлгээ, дүгнэлт гаргуулж батлуулсан. Нутгийн иргэдийн шаардлагын дагуу энэ 120 тн химийн хог хаягдлыг зайлуулах гэтэл зориулалтын төвлөрсөн байгууламж баригдаагүй байна гэлээ.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүд албан тушаалтнуудад асуулт тавьж, тайлбар авсан юм. Тухайлахад, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Р.Дэжид тайлбар хийхдээ, тухайн үед Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал хойшлогдсон юм. Харин энэ оны гуравдугаар сард Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын тушаалаар аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж барих газрын байршлыг тодорхойлох, улсын хэрэгцээнд авах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд энэ хугацаанд хоёр удаа хуралдаж, энэ асуудал яригдаж байна гэв.

Ингээд байгын хорооны гишүүд уг асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулсны дараа Байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл болон уулзалтад байлцсан албан туушаалтнуудын саналыг тусган дээрх аюултай хог хаягдлыг устгах, аюулгүй болгох зориулалтын байгууламж бариулах талаар Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *