Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэрэндорж: Гүр дуугаа дуулахад хүмүүс өөдөөс алга хавсран чин сэтгэлээсээ залбирдаг

Театр урлагийн шилдгийг тодруулдаг “Гэгээн Муза” наадмын хүүхдийн жүжгийн төрөлд Хүүхэлдэйн театрын “Мял богдын намтар” жүжиг дэвшээд буй. Мял богдыг амьдруулсан жүжигчин Ц.Цэрэндоржтой ярилцлаа.

-Хүүхэлдэйн театрт хэдэн жил ажиллаж байгаа вэ?

– 2011 оноос хойш ажиллаж байгаа. Кино урлагийн дээд сургуулийг төгссөн.

-Хүүхэлдэйн театрыг яагаад сонгов?

-Хүүхэлдэйн театр их гоё. Би Говьсүмбэрт өссөн хөдөөний хүүхэд. Хүүхэд байхдаа Хүүхэлдэйн театрын тоглолт очиход үзээд сайхан санагдсан. Жүжигчин байх ийм гоё юм байна гэж бодогдсон. Чоно, баавгай, туулай есөн шидийн амьтанд хувираад, тэднийхээ дуу хоолойгоор ярихад гоё санагддаг юм билээ. Ерөөсөө жүжигчин болно гэж тэгэхэд шийдсэн.

-Хүүхэлдэйн театрын жүжигчид хүүхдэрхүү хүмүүс байдаг уу?

-Манайхан даруухан хүмүүс байдаг. Тайзан дээрээ “галзуу” тоглоно. Нэр алдрын төлөө явдаггүй. Биднийг хөшигний араас хуруу хүүхэлдэй тоглуулдаг хүмүүс гэж зарим хүн боддог. Олон янз байдаг л даа. Таягт хүүхэлдэй, хуруу хүүхэлдэй, бээлий хүүхэлдэй, багт хүүхэлдэй, биеэр тоглох гээд дөрөв, таван янз байдаг. Хүүхдийн байгууллага гээд зарим хүн тоодоггүй ч манай театрт чадварлаг жүжигчид зөндөө бий.

-Хүүхэлдэйн театрын жүжигчид “Гэгээн Муза”-гаас удаа дараа шагнал авч байна. Энэ удаа “Мял богдын намтар” жүжгээрээ дэвшсэн байна лээ. Мял богд гэдэг маш их зовлон үзэж гэгээрсэн хүн. Энэ түүхийг Хүүхэлдэйн театрт, хүүхдэд ойлгомжтой хэлээр тоглоно гэдэг амаргүй болов уу?

-Мял богд гэж бодит хүний дүр. Төвдөөс гаралтай хүн. Уйлъя гэвэл Уушандарыг, ухааръя гэвэл Мял богдыг, инээе гэвэл Ил дандийг унш гэдэг. Драм тал руугаа жүжиг. Гэхдээ хүүхдэд маш ихийг ойлгуулдаг. Мял богд хэлдэг л дээ. “Хүн нүцгэн төрснөөсөө ичих үү, ядуу хоосноосоо ичих үү. Үгүй, хүн муу санаа, хар сэтгэлээсээ л ичих ёстой гэдэг. Алдас бурууг таньсан атлаа аав ээжийгээ гомдоож болохгүй гэдэг. Мял богд баян айлын хүүхэд болж төрсөн. Аав нь өөд болсны дараа ээжтэйгээ үлдэхэд авга ах, эгч хоёр нь бүх эд хөрөнгөд нь эзэн суудаг. Тэд “Эд хөрөнгөө авъя гэвэл олуулаа цэрэглэж ирээд ав, ганцаараа бол хараал хийгээд авахгүй юу, чи” гэдэг. Ээжийнхээ хэлснээр хараал хийх аргад суралцахаар 15 наснаасаа ээжээсээ салаад, гурван жил хараал сурдаг. Буцаж ирээд 35 хүнийг хараал хийж тонилгочихоод, түүндээ гэмшиж, энэ зовлонгоос гэтэлгэх багш хайдаг юм. Хамгийн сүүлд багштайгаа уулзаад бүх биеэ ариусгаж, хижээл насандаа гэгээрдэг.

-Уг нь бол хүн өс хонзонгоо авсны дараа уужирмаар. Гэтэл Мял богд гэмшээд “Суувал явмаар санагдаж, явбал суумаар санагдаж” бачуурч байсан юм билээ. Тийм учраас л гэгээрлийн замыг сонгосон байх л даа. Мял богдын намтрыг уншихад насны нүгэл ариусдаг гэдэг юм билээ. Танд ч бас ариусах мэдрэмж төрсөн болов уу?

-Хамгийн сүүлд гүр дуугаа дуулахад хүмүүс өөдөөс алгаа хавсарч чин сэтгэлээсээ залбирч байдаг. Би ч чин сэтгэлээсээ дуулдаг. Энэ дүрд тоглохын тулд хоёр гурван том ламд хандсан. Ц.Хулан захирал Буддын шашинтай хүн. Гандантэгчинлэн хийдийн том лам нарыг авчирч ном хуруулсан. Тэр лам нар надад хэлж байсан л даа. “Миний хүү, энэ дүрийг гаргахын тулд битгий арзганаж тоглоорой. Бодит хүний дүр, чамайг тэнгэрээс харж байгаа. Яг энэ хүний дүрд ороод энэ хүний амьдралаар үзэгчдэд хүр” гэсэн. Би бол жаахан хошин талдаа хүн ш дээ. Тэгэхэд драм тал руугаа, дотогшоогоо хандсан дүрээс ихийг ухаарсан л даа. Урьд нь “Гэгээн Муза” арав дахь наадамд Ц.Хулан захирлын “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр туслах эрэгтэй дүрийн шагнал авч байлаа. Түүнээсээ эсрэг дүрд нэр дэвшээд явж байгаа.

-Мял богдын намтар хүүхдүүдээс гадна томчууд ч үзэх ёстой бүтээл юм билээ?

-Манайх хоёр тайзтай. Нэг нь мини театр. Нэгээс зургаан настай хүүхдүүдэд тоглодог. Таягт, хуруу хүүхэлдэйгээр тоглодог. “Улаан малгайт”, “Чоно ба долоон ишиг” гэх мэтээр. Их тайз нь 160 хүний суудалтай. Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд гол үзэгчид. Дунд сургуулийн сурагчид энэ жүжгийг үзээд сэтгэл хангалуун үлддэг. Үзсэн сурагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлахад сурагчид ухаарсан зүйлээ бичдэг. Манай жүжигт багш шавийн барилдлагын тухай өгүүлдэг хэсэг бий. Багшийн авшиг хүртэх гэж тэр хүн зовж байж, багшийнхаа таалалд багтаж, адис номыг нь хүртдэг. Багш нар ч “Энэ жүжгийг үзээд манай хүүхдүүд их өөрчлөгдсөн” гэдэг.

-Ийм том түүхэн хүний дүрийг бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн байх даа?

-Судалгаа хийнэ л дээ. Анх зузаан номыг нь уншихдаа юу ч ойлгохгүй унтаж байсан удаа бий. Сүүлдээ Ц.Хулан захирлын цомхотгосон зохиолыг уншаад ийм хүн юм байна гэсэн төсөөлөл буусан. Дараа нь зузаан номоо бүтнээр нь уншиж дуусгасан л даа. Энэ хүний дүрд тоглохын тулд нас насны хүмүүсийг судалсан. Балчир нас, идэр нас, өтөл насыг судлахын тулд аав, өвөөгөө ч ажигласан. Настай хүн үгээ зөөж цэгнэж ярьдаг, хүүхэд шулганаж ярьдаг, хөдөлгөөн нь хурдан гэдгээс авахуулаад анхаарах юм их. Энэ жүжигт тоглож эхлэхэд 73 кг байсан, одоо 68 кг болчихоод байгаа.

-Өмнө нь алиа тийрэнгийн дүрээр “Гэгээн муза”-гаас туслах эрэгтэй дүрийн шагнал авч байсан гэсэн. Алиа тийрэн гэдэг маань ямархуу амьтан бэ?

-“Лусын хааны охид” жүжгийн дүр. Хүний ертөнц зургаан үе шаттай байдаг гэнэ. Хамгийн дээд талд бурхад, тэнгэр, нар. Дунд хэсэгт хүмүүс, доошоо ад тийрэнгийн ертөнц байдаг гэнэ. Хүн байхдаа ан гөрөө, наймаа арилжаа хийдэг байсан хүн өөд болонгуутаа тийрэнгийн ертөнц рүү унасан. Муу зүйл хийсэн хүн тийрэнгийн ертөнц рүү, сайн зүйл хийсэн бол тэнгэрийн оронд очно гэсэн. Тийрэнгийн ертөнц рүү очоод тэр бүхнээ ухаарсан ч тэндхийн хүмүүст инээд бэлэглэж алиалж марзганаж явдаг дүр. Дотроо гэмшиж, зовлон шаналалтай байсан ч бусдыг “Битгий санаа зов, хүний ертөнцөд ахиад төрнө” гэж явдаг. Зөв зүйлдээ итгэж явсаар байгаад лусын хаантай уулзахад түүнийг өршөөж, хүний ертөнцөд ирдэг юм л даа.

-Хүүхэлдэйн театрт гүн ухааны өнгө аястай, том санаа, утга агуулгатай бүтээл туурвидаг юм байна?

-Хүүхдийг соён гэгээрүүлэхэд оюун санаа, хүчээ зориулж яваа хүмүүс ээ, бид.

-Хүүхэлдэйн театрт ажилладаг аав хүүхэдтэйгээ хялбар ойлголцдог байх?

-Манай хүүхэд гурван нас хүрч байгаа. Гэхдээ театрт ирээд жүжиг их үздэг. Хоёр, гурван настай хүүхдүүдийн дунд алиалагчийн хувцастай эсвэл Том, Жерригийн хувцастай зогсоход зарим хүүхэд айгаад уйлах тийшээ хандана. Манай хүүхэд бол “Аав” гэнэ. Сая нээлтээ хийсэн “Алтан залаат азарган тахиа” жүжигт би өгүүлэгч тарвага болсон. Битүү үстэй хувцаснаас жаахан хүүхдүүд цэрвэнэ. Манай хүүхэд хажууд сүүлнээс чирэгдээд гүйгээд байдаг. Тоглолт дээр их хөөрхөн. Азарган тахиа, хөөндэй шувуу, муур гээд олон дүр гарч ирэхэд нэг их анзаарахгүй мөртлөө аав нь гарч ирээд “Хиго хого” гэхэд учиргүй инээд алдаад хардаг.

-Өнгөрсөн хугацаанд олон дүрд тоглосон байх?

-Ер нь таван жилийн хугацаанд өөрийнхөө санасан хэмжээнд тоглосон шүү. Жилд гурван уран бүтээл тавьдаг. Хамгийн доод тал нь тав түүнээс ч олон дүрд тоглоно шүү. “Лусын хааны охид” гэхэд л хоёр дүрд тоглоно. Дээрээс нь “Одноос төрсөн ханхүү” жүжигт дөрвөн дүрд тоглодог. Шувуу, хаан аав, гуйлгачин, харуул болно.

-Нэг хүүхдийн зохиолч “Би хүүхдээс будаа иддэг хүн” гэж байсан. Та бас хүүхдийг их ажиглана биз?

-Тэгэлгүй яахав. Хүүхдүүд бүхнийг байгаагаар нь шууд хүлээж авдаг. Манайх цэцэрлэгийн хүүхдүүдэд мини театраар “Чоно ба долоон ишиг” гээд тоглодог. Чоныг гарч ирэхээр хүүхдүүд “Муухай чоно” гээд, Улаан малгайт цаанаас дуулаад гараад ирэхээр “Улаан малгайт аа, чоно чоно” гэж хашгирна. Гартаа барьж байсан юмаа чулуудна.

-Ц.Цэрэндорж ямар төрлийн кино үзэх дуртай вэ?

-Би ер нь хуучны Монголын уран сайхны кино үзэх дуртай. “Улаанбаатарт байгаа миний аав”, “Сэрэлт” гэх мэт киног хэд дахин үзсэн ч уйдахгүй. “Зүрхэнд шивнэсэн үг”-ийг үзэхдээ “Ээж таныг мөн ч их хүлээсэн шүү гэж хэлээрэй гэсэн” гэж хэлдэг хэсэг дээр нь уйлдаг.

-Кинонд том дүр бүтээх сэн гэж бодогдох уу?

-Бодогдолгүй яах вэ. Би чинь Кино урлагийн дээд сургууль төгссөн хүн. Тогломоор санагддаг юм. Даанч очоод пробонд орохоор туслах дүрд оруулна л даа. Яах вэ, хэзээ нэг цагт тоглох байх аа. Гэхдээ Хүүхэлдэйн театртаа хайртай. Манай ахмад жүжигчид хэлдэг юм. Бид өөд болохоороо тэнгэрийн оронд очно. Энэ хүүхдүүдийн энерги бидэнд шингэсэн байгаа гэдэг. Ер нь бид нар ч ярьдаг юм. Хүүхдийн үсний найранд гурван удаа уригдаад тоглочихвол тэр жилдээ барцадгүй гоё явдаг шүү.

-Үсний найранд бас уригдах уу?

-Урина, биднийг. Бид чинь бас гадуур явж тоглодог хөтөлбөртэй. Бидний амьдрал бас гоё шүү.

-Хүүхэлдэйн театрын жүжигчний нэг өдөр яаж өнгөрдөг вэ?

-Өглөө арваас ажил цуглана. Цуглангуутаа өглөөний дасгал хийнэ. Гучин минут зааландаа гүйгээд, биеийн хөдөлгөөний дасгал хийнэ. Дараа нь өгүүлэх эрхтний дасгал хийнэ. Тэгээд жүжиг рүүгээ орно. Эсвэл манай ахмад жүжигчид хүүхэлдэй яаж барих дасгал хийлгэнэ. Суганыхаа булчирхайг цочтол гараа дээшээ өргөөд хүүхэлдэй барьж зогсоно шүү дээ.

-Хүүхэлдэй барьж удаан зогсоход амаргүй байх аа?

-Бид дор хаяж 30-40 минут тайзан дээр барьж зогсдог. Хүүхэлдэйг суух босгох, хажуу тийшээ эргүүлэхэд учир бий. Савчуулаад байвал хүнд ерөөсөө ойлгогдохгүй. Есөн шидийн хоолой оруулна. Чоно, баавгай, туулай гээд олон дуу авиа гаргана. Би бас элэглэл сонирхдог. Элэглэгч ах нартай холбоотой байдаг. Миний дуурайдаг тав, зургаан хүн бий.

-Хэн хэнийг дуурайж байна?

-С.Ламбаа гуай, Д.Сосорбарам гуай, Унагалдай, Э.Бат-Үүл, хөл бөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням ах байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *