Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгаан станцуудын ажил хэр урагштай явна вэ?

Эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч байгаа гэсэн тооцоо бий. Өнөөдрийн хувьд гэхэд л Монгол Улс эрчим хүчнийхээ хорь орчим хувийг ОХУ, Хятадаас худалдан авдаг. Станцуудаа барихгүй бол жил ирэх бүр гадагшаа урсгадаг ам.долларын хэмжээ улам өсч таарна. Дашрамд дурдахад манай улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлсөн гэх тоо дуулддаг. Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, урд хөрш рүү цахилгаан экспортлох Шивээ энержи эрчим хүчний цогцолбор гэж ирээд яривал эрчим хүчний том станцуудын сураг наашилж байгаа. Өнөөдрийн байдлаар станцуудын ажил ямархуу шатандаа явааг тоймлон хүргэе.

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ

Тавдугаар цахилгаан станцын тухайд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж байгаа анхны том төсөл. Хувийн хэвшил мөнгөө гаргаж бариад, ашиглана төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой. Саяхан УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр нэг гишүүн “Тавдугаар цахилгаан станцын ажил яагаад удаашраад байна вэ” гэж асууж харагдсан. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Монголын талаас бүх зүйл “ок” гэж хариулна лээ. Бодит мэдээллийг харахад яг ч тийм биш байна. Хамтарч ажиллах төр, хувийн хэвшил тус бүрдээ үүрэгтэй. Засгийн газар станцыг хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох дэд бүтцийн байгууламжуудыг барих үүрэг хүлээгээд буй. Одоогоор цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам сүлжээ, ус хангах шугам хоолойны зургийн судалгаа хийжээ. Төмөр замын байгууламжийн судалгаа удаашралтай байгаа аж. Тус байгууламжийн ТЭЗҮ-ийн судалгаа хийх том ажил Засгийн газарт үлдсэн гэсэн үг. Эдийн засаг хэцүүхэн учраас энэ чигийн судалгаа, шинжилгээнд зарцуулах мөнгө бүрдэхгүй байгаа бололтой. Төслийн хүрээнд Концессийн, Цахилгаан худалдан авах, худалдах, Дулаан худалдан авах, худалдах, Нүүрс нийлүүлэх, Ус ашиглах, Газар ашиглах гэсэн зургаан том гэрээг Засгийн газар, хөрөнгө оруулагч нар тохиролцох учиртай. Хоорондоо уялдаа холбоотой гэрээнүүд учраас цогцоороо шийдэгдэж байж хүчин төгөлдөх болох ёстой гэсэн тайлбарыг төсөл хэрэгжүүлэгчид онцолдог. Гэрээнүүдийн хувьд одоогоор хараахан эцэслэн тохиролцож дуусаагүй гэсэн мэдээ байна. Зарим хууль, тогтоомжид багавтар өөрчлөлт оруулах шаардлага ч байгаа юм билээ. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж байгаа аж. Гэрээний хэлэлцээр ахицтай түвшинд яваа гэсэн мэдээллийг төсөл хэрэгжүүлэгчид өгсөн юм. EPC Contractor буюу Инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний хэлэлцээр 98 хувьтай яваа гэнэ. Засагтай эцэслэн тохирох зүйлээ шийдчихвэл станц барих талтай гэрээ байгуулах асуудал биш болжээ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн нэг олзуурхмаар тал нь засаг, хувийн хэвшил аль аль нь онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрчим хүч гэх мэт үндэсний аюулгүй байдалтай хамаатай цараа ихтэй төслүүдийн тухайд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах бодлого бий. Тавдугаар станцын хувьд хөрөнгө оруулагчид талаасаа энэ бодлогод нийцэж буй цөөн төслийн нэг.

Хөрөнгө оруулагчдын эвслийн тэргүүлэгч нь GDF Suez. Шинэ нэр нь EN­GIE. Францын улсын том компани. Нийтдээ 132.500 МВт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станцыг ажиллуулдаг. 175.000 МВт-ын хүчтэй цахилгаан станцуудыг барьж байгуулж байгаа. Далан улсад салбартай дэлхийн хамгийн том эрчим хүчний корпораци. Дараагийнх нь хөрөнгө оруулагч Японы зургаан том арилжааны корпорацийн нэг “Сожиц”. Эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Олон тооны дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлж байсан туршлагатай. Тус корпораци нь дэлхийн хамгийн өндөр хөрвөх өрсөлдөх чадвартай Японы JBIC болон бусад арилжааны банкуудыг тавдугаар станцын төсөлд оролцуулах боломжийг бүрдүүлэн өгч байгаа. Гурав дахь нь “Поско”. Өмнөд Солонгосын хамгийн том группуудын нэг. Солонгосыг хөгжилд хүргэсэн суурь аж үйлдвэрийнх нь Гангийн үйлдвэрлэлийн салбарыг атгадаг. Тавдугаар станцад хамтарч байгаа “ПОСКО Энержи” групп нь БНСУ дахь хувийн хэвшлийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч. Энэ төслийн хувьд Солонгосын Экспорт, импортын банк, эсвэл Солонгосын хөгжлийн банкуудыг оролцох боломжийг бүрдүүлж буй групп. Төсөлд Монголын талаас хамтарч байгаа нь “Ньюком групп”. Дотооддоо урт хугацаанд тогтвортой ажиллаж байгаа. “Мобиком”, “Изинис”-ийн үүсгэн байгуулагч энэ компани дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Монголын анхны салхин цахилгаан станцыг барьсан туршлагатай. Хоёр дахь салхин цахилгаан станц болох Цэцийн салхин паркийг барих төслийн ажлыг ондоо багтаж эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.Цаашдаа эрчим хүчний салбарт тууштай зүтгэх зорилготой компани. Хөрөнгө оруулагчдын хувьд дажгүй хослол.

Тавдугаар станц төслийнхөн энэ оны хоёрдугаар хагаст засагтай тохирох гэрээнүүдээ эцэслээд санхүүгийн хаалтаа хийчихнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Төслийн талбар янзлах газар шорооны ажлыг ирэх зургадугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар нэг, хоёрдугаар блокийг 2020 онд, гуравдугаар блок 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Зуух, турбин гэх мэт үндсэн болон бусад тоног төхөөрөмжийг гадаадаас авахаас бусдаар бол орж ирэх хөрөнгө оруулалтын багагүй хувь нь Монголдоо үлдэх давуу талтай.

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжих, ажил нь нааштай яваа хамгийн том төсөл. Суурилагдах хүчин чадал нь 315 МВт. Засгийн газар гурван жилийн өмнө Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэрийг гаргаж байв. Геологи хайгуулын судалгаагаар усан цахилгаан станцын далангийн суурийн геологийн нөхцөлийг маш сайн гэж тогтоосон байдаг. Дэлхийн эрчим хүчний 20 хувийг усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг, усан цахилгаан станц 30 гаруй орны голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг гэдэг утгаараа хэрэгжих боломжтой төслийн нэг. Усан цахилгаан станцын хувьд насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэх зэрэг давуу тал бий. Гэхдээ эхний хөрөнгө оруулалт нь өндөр байдаг онцлогтой. Эгийн голын станцын тухайд 20-25 жилийн дотор борлуулалтын орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо гарсан байдаг. Тав дахин хямд эрчим хүчийг чөлөөтэй борлуулж, зээлээ нөхнө гэсэн төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна.

Станцыг барихын тулд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажил бий. Шинэ байршлыг Дамирангийн энгэрт гэж товлоод буй. Сонгосон газрын тухайд ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан байна. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг бас хийжээ. Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын “Гэжуба” групптэй Концессийн гэрээнд гарын үсэг зурснаар Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажил эхлээд байгаа. Үүнд авто зам, гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам, Эг түр дэд станц барих зэрэг ажлууд орж байгаа юм. Төслийн талбарт тоног төхөөрөмж төвлөрүүлж, туршилтын тулгуурын шон суурь цутгасан гэх мэдээллийг төсөл хэрэгжүүлэгчид өгч байна. Өвлийн улиралд түр завсарласан урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг удахгүй эхлүүлэх юм билээ. Бэлтгэл ажил нь аль хэдийнэ эхэлчихэж. Холбогдох яамдаас бүх ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авсан байна. Усан цахилгаан станцыг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгох ажиллагааны баримт бичгийг хянаж, шүүлт хийх ажил хийгдэж эхэлжээ. Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Одоогоор санхүүжилтийн талаар хэлэх тодорхой мэдээлэл гэвэл энэ л байна.

Усан цахилгаан станцын далангийн бүтээн байгуулалт энэ оны төгсгөл, ирэх оны эхээр эхлэх тов гарчээ. Төслийн нэгжийн удирдагч саяхан өгсөн ярилцлагадаа “Элдэв янзын гадны улсын дарамт шахалт гайгүй бол УИХ-аар баталсан ерөнхий зээлийн хэлэлцээрийг гүйцэтгэх гэрээ болгох учиртай. Дараа нь тусгай хэлэлцээр болно. Цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллатал 5-6 жил байгаа болов уу” гэж онцолсон нь бий.

Урд хөршөөс авах зээл хүү багатай гэсэн давуу талтай. Жилийн хоёр хувийн хүүтэй зээл авахаар тохироод байгаа юм. Урд хөршөөс авах зээлийн тухайд Монголд ахиухан валют үлдээх ёстой, далан барих цементийг дотоодоос хангах гэх мэт нарийн тохиролцоог хийх ёстой гэсэн сануулгыг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ одоохондоо Монголд усан цахилгаан станц барих хэрийн өндөр чанартай цемент үйлдвэрлэхгүй байгаа. Ямартай ч гаднаас орж ирэх ам.доллараас ахиухныг үлдээх чиглэлээр яриа, хэлээ явуулах шаардлага манай талд бий.

Эгийн станц тойрсон асуудлуудаас Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэсэн мессэж хүчтэй сонсогддог. Гидро техникийн тооцооллоор Байгал нууран дахь нөлөөлөл 0.0023 хувь буюу үл мэдэг гэх дүгнэлт гарсныг албаныхан мэдээлж буй. Усан санг дүүргэх 2-3 жилийн хугацаанд л ийм нөлөөлөлтэй, үүнээс хойш ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан ч яагаад ч юм Байгал нууртай холбоотой мессэжийн хүч өнөөг хүртэл сулрахгүй байгаа. Төслийн нэгжийн захирал ч “Оросын талаас хятадуудад нөлөөлөх гэсэн оролдлого бий. Энэ бол үндсэндээ хоёр том гүрний дундах жижиг улсын зовлон. Гэхдээ бид энэ асуудлаар ОХУ, БНХАУ-тай ойлголцох байх гэж найдаж байна.

“ШИВЭЭЭНЕРЖИ” ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОГЦОЛБОР

Шивээ Овоогийн ордод түшиглэж босох 9420 МВт-ын цахилгаан станц. Монголд хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлээд урагш нь экспорлох зорилготой төсөл. Төсөл амжилттай хэрэгжвэл 2800 МВт-ын салхин цахилгаан станц, 1200 МВт-ын нарны цахилгаан станц ажиллана. Мөн л БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барихаар төлөвлөж буй. Өнгөрсөн долоо хоногт гэхэд урд хөршийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Шивээ энержи” төслийн ТЭЗҮ-ийг эхлүүлэх зөвлөлдөх уулзалтад оролцоод буцсан. Тодруулбал “Стейт грийд” корпораци, “Electric power en­gineering consulting” хүрээлэн, “CCTEG Шэньян” зураг төсөл судалгааны хүрээлэн, Өмнөд Монголын Ус ашиглалт, усан цахилгааны хайгуул зураг төслийн хүрээлэнгийнхэн ирсэн юм.

“Шивээ энержи” төсөл хэрэгжиж цахилгаан станц баригдвал Бээжин хүртэл цахилгаан шугам татаж эрчим хүчээ нийлүүлнэ гэж буй. Хөрөнгө оруулалт нь 11 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хөрөнгө оруулагчдын тухайд төсөл эхлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг цаг алдалгүй өгөх, газрын шинжилгээ судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах, төр засгийн байгууллагын уялдаа сайн бол асуудалгүй гэдгээ илэрхийлчихсэн.

Төсөл амжилттай хэрэгжвэл Шивээ овоогоос энэ аварга станцад жил бүр 34 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэг хүлээнэ. Шивээ Овоогийн ордод лиценз эзэмшдэг төр, хувийн компани нэгдэн “Эрдэнэс Шивээ Овоо” гэдэг компани байгуулж нүүрс нийлүүлнэ гэж засгийн түвшинд ажиллаад эхэлсэн.

Эрчим хүчээрээ хойд хөршөөс хамааралтай байгаа, манай улсын хувь алсдаа урд хөршөөс хамааралтай болчих вий гэсэн болгоомжлол дуулддаг. Энэ талаас нь харвал урд хөршийн хөрөнгө оруулалтаар баригдана гэж буй эрчим хүчний цогцолборын бүтээн байгуулалт одоо ярьж байгаа шиг ирэх жилээс эхлээд явчихгүй байх гэсэн таамаг бас бий. Эг, Шивээ энержи гээд том станцуудаа нэг улсын хөрөнгө оруулалтаар барина гэдэг үндэсний аюулгүй байдал талаасаа ямар байх бол гэсэн асуултыг учир мэдэх улс тавиад эхэлчихсэн юм билээ.

Ямартай ч ТЭЗҮ-ийг нь эхлүүлэх төдий байгаа, сонгуулийн жил гэсэн шалтгаанууд энэ төслийг жилийн дотор хэрэгжээд эхэлнэ гэж таамаглах аргагүйд хүргэж байна. Өөр нэг болгоомжлол нь экологи. Хятад дэлхийн эрчим хүчний номер нэг хэрэглэгч, нийт эрчим хүчний 70-80 хувь нь нүүрсэн дээр суурилсан гэхээр урд хөршийн компани дажгүй технологитой сайн станц барих нь тодорхой. Гэхдээ хэчнээн сайн технологи байгаад ТЭЦ-IV шиг 14 станц утаа гаргана, тэндээс гарах үнсний хэмжээ гэж ирээд яривал асуудал босч ирнэ гэсэн болгоомжлол эрчим хүчний салбарынханд байгаа юм билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *