Categories
мэдээ цаг-үе

Чойжилжавын Билигсайхан докторын гэргий Ё.Пүрэв: Хань минь амьдралынхаа сүүлчийн мөчийг хүртэл утга зохиолын төлөө явсан

Зүүн гараас Ч.Билигсайхан доктор, С.Эрдэнэ нарын нөхдийн хамт

Монголын уран зохиол судлалын
ноён нуруу болсон, шинжлэх ухааны доктор, профессор гавьяат багш Чойжилжавын Билигсайханы
гэргий Ё.Пүрэвтэй ярилцлаа.

-Ч.Билигсайхан докторын
70 насны ойд зориулж “Орчин үе-уран сайхны шүүмж судлалын шинэ төлөв” сэдэвт эрдэм
шинжилгээний хурал өнөөдөр болох гэж байна. Таны хань бол Монголын уран зохиол судлалын
ноён нуруу болсон нэгэн байлаа. Ханийнхаа төрсөн нутаг болоод удам гарлын тухай
эхлээд ярихгүй юу?

-Билигсайхан бид хоёр Хөвсгөл аймгийн Мөрөн
сумын арван жилийн сургуулийг жаран таван онд төгссөн. Манай хүн нөгөө ангийн маань
сурагч байлаа. Жаран дөрвөн оноос л үерхэж, дотносож нэг гэртээ орсон доо. Миний
хань чинь хуучнаар Сайн ноён хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу одоогийн Хөвсгөл
аймгийн Галт сумын нутаг Идэрийн голын хөвөө Доод бургаст гэдэг газар 1946 онд мэндэлсэн.
Өвөг эцэг нь тайж гаралтай Жамсран гэж хүн байжээ. Аав Чойжилжав нь Хөөнгийн хүрээнд
Бадмаанямбуу уулын энгэрт хорь шахам жил шавилж суусан юм билээ. Бүр багаасаа номонд
хайртай, шүлэг зохиолд хорхойтой. Гавьяат жүжигчин Л.Жанчивдорж манай хөгшинтэй
нэг ангид суралцаж, хамтдаа шүлэг зохиол цээжилж байснаа дурсдаг сан. Аравдугаар
ангиа дүүргэх үеэр “Соёл утга зохиол” сонинд Ш.Гаадамба гуай, Ч.Лодойдамба гуай
хоёрын Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” өгүүллэгийн талаарх маргаан хэвлэгдэж,
түүнийг сонирхон уншиж, уран зохиолын судлал шүүмжлэлд сэтгэл татагдсанаа хэлдэг
байсан. 70 насных нь ойд зориулж эрдэм шинжилгээний хурал хийе гэдэг саналаа Их
сургуулийн Бат-Эрдэнэ захиралд дуулгахад ихэд талархалтайгаар хүлээн авч, “Та гүйгээд
байхдаа яадаг юм. Тэнхимийн багш нарыг нь явуулаач, шавь нарыг нь оролцуулаач” гэж
намайг бараг л зэмлэсэн. Ханийнхаа ойг тэмдэглэж, эрдмийн баяр хийх нь манай гэр
бүлийн үүрэг байлгүй яахав.

-Монгол Улсын Их сургуулийг
төгсөөд шууд Зохиолчдын хороонд хуваарилагдсан байдаг. Тэр тухай нь та сонирхуулахгүй
юу?

-Манай өвгөн чинь хүний ганц хүү байсан.
Их сургууль төгсөөд зохиолчдын хороонд хуваарилагдана гэж мэдээгүй. Миний бие Багшийн
дээд сургуулийн биеийн тамирын ангийг төгслөө. Үндсэндээ ханиасаа түрүүлээд сургуулиа
төгсчихөж байгаа хэрэг. Тэгтэл Билгээ “Би чинь хүний ганц хүү юм чинь, их сургуулиа
төгсөөд нутаг руугаа л явна” гэв. Би ч ханийнхаа хэлснээр нутаг руугаа явсан. Мөрөнгийн
арван жилд биеийн тамирын багшаар ажиллаж байлаа. Намайг эхлээд хөдөө сум руу хөөдөг
юм. Тэгэхээр нь ханийнхаа нутаг Галтын сургуульд очлоо. Монгол Улсын заан Дамбажавын
Цэнд-Аюуш, Сарангэрэлийн Хүрэлбаатар хоёр миний анхны шавь нар. Хүрэлбаатарыг тавдугаар
ангийн хүүхэд байхад нь би анги даасан багш нь байлаа. Хэсэгхээн хугацаанд Галтад
багшлахад миний шавь нар спортоор сүрхий амжилт үзүүлсэн. Магванын Нармандах гэж
охин тэшүүрийн улсын аваргаас алт, Шагдарын Цэрэндолгор цанын улсын аваргаас мөнгөн
медаль авч байлаа. Ингээд сүрхий амьтан ханийгаа сургууль төгсөхийг нь хүлээсэн
шигээ хөдөө багшилж байтал нэг өдөр “За Пүрэв минь болохоо байлаа шүү” гээд манай
хүн ярьж байна. Зохиолчдын хороонд хуваарилагдсанаа хэллээ.

Гэвч хуваарилагдсан газраа очилгүй гүрийсээр
байгаад Мөрөндөө очиж багшилсан. Мөрөнгийн сургуулийн хичээлийн эрхлэгч байж байгаад
Горькийн сургуульд явсан хүн шүү дээ.

-Их л залуухнаараа Горький
явсан юм билээ?

-Хорин тавтай залууг Горькийн нэрэмжит утга
зохиолын сургуулийн дээд курсэд явуулсан нь анхны тохиолдол байсан гэдэг. Уг саналыг
Цэрэндоржийн Мөнх багш нь дуулгаж байлаа. Хүсэл мөрөөдөл болсон хөдөөдөө хэдэн жил
ажиллаад, олигтой ном бүтээл ч олдохгүй, шинэ номын мөрөөсөл болчихсон жаахан зэврэх
байдалтай тийм үед нь Мөнхөө багшаас Горькийн сургуульд явах цахилгаан очсоныг би
мартдаггүй юм. Их сургуульд анги даасан багш нь Ц.Сүхбаатар байв. Саяхан гавьяат
болдог зохиолч Ломбын Нямаа, орчуулагч Дамдинсүрэнгийн Алтанхуяг, буриад Т.Галсан
тэр хэд нэг үеийнхэн. Жаран долоон онд гэдэг байх аа, Шанжмятавын Гаадамба багш
нь танихгүй нэг хүнийг дагуулж ирсэн нь алдарт Ц.Мөнхөө багш нь байжээ. Утга зохиолын
шүүмж судлалын дугуйлан хичээллүүлэхээр хүүхэд элсүүлж явсан нь тэр. Ц.Мөнх багшийн
дугуйлангийн анхны шавь нар гэвэл соёлын гавьяат зүтгэлтэн, академич Хорлоогийн
Сампилдэндэв, утга зохиол судлаач, шүүмжлэгч Даржаагийн Өлзийбаяр, Барын Цэдэв,
Чүлтэмийн Энхдалай, соёлын гавьяат Чойсүрэнгийн Дагвадорж гээд утга зохиолын нэртэй
эрдэмтэд. Мөнхөө багш нь “Та нар шууд шүүмж бич. Би үзэж зөвлөнө” гэж хэлсэн байна.
Манай хөгшин, төрийн шагналт зохиолч Ж.Пүрэвийн “Хөгжмийн эгшиг” романы тухай бичиж
байсан. Жаран найман онд “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлд тав, зургаан шүүмжээ
хэвлүүлж сонины оны шагналыг хүртэж байсан удаатай. Сонирхуулахад, 1967-1969 оны
хооронд залуу судлаачдын шүүмжийн бүтээлүүд удаа дараалан гарч, дуулиан шуугиан
дэгдээж, зохиолчид тэднийг ад үзэн “Мөнхийн улаан хамгаалагчид” гэцгээх болсныг
сүүлд би хөгшнийхөө намтраас уншиж байсан. Горькийн сургуулийн дэргэдэх дээд курс
төгсөж ирээд яалт ч үгүй Зохиолчдын хороонд хуваарилагдсан. “Утга зохиол” сонины
сэтгүүлч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар 10 жил ажилласан юм.

-Зохиолчдын хороонд ажиллаж
байсан он жилүүд хийгээд анхны зохиол бүтээлийнх нь тухай өгүүлэхгүй юу?

-Зохиолчдын хороонд ажилласан он жилүүддээ
С.Эрдэнэ, Б.Явуухулан, Ц.Гайтав, Д.Намдаг, Ч.Лхамсүрэн, Л.Түдэв, С.Удвал нарын ахмадуудтай
ойр дотно байснаа хань минь сэтгэл хангалуун хэлнэ. “Утга зохиол” сонин, “Цог” сэтгүүлийн
эрхлэгч нь Сэнгийн Эрдэнэ гуай байлаа. Манай хүн чинь Мөнхөө багшдаа, Эрдэнэ гуайд
их хайртай байсан. Анхных нь ном “Эрин цагийн амьсгал” нэртэйгээр далан зургаан
онд хэвлэгдэж байлаа. Дараа нь “Орчин цагийн монгол роман” судалгааны номоо хэвлүүлсэн.
Тухайн үед хэвлэгдээд байсан зуу шахам романыг уншиж судалсан бүтээл л дээ. Миний
хань бол үнэндээ асар их уншсан хүн. Орос дээр уншина. Уран зохиолын холбогдолтой
орос номуудыг бүгдийг уншдаг байлаа. Мөн орос сэтгүүлүүдийг дугаар алгасна гэж байхгүй.
Ерээд оноос хойш ном ховордох үед “Оросын тийм алдартай зохиолчийн ном гарсан гэнэ”
гээд хүнд захиж авчруулдаг байлаа. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” гурван
боть бүтээлийн романы хэсгүүдийг бичсэн. Зөвлөлтийн нэрт эрдэмтэн К.Герасимович
“Монголын утга зохиол ном”-ынхоо хоёрдугаар дэвтэрт миний ханийн романы судалгаануудыг
гол болгон ашигласнаа тэмдэглэсэн нь бий. Наян зургаан онд Донровын Намдаг, Бэгзийн
Явуухулан, Чойжилын Чимид, Лодонгийн Түдэв, Сэнгийн Эрдэнэ, Цэгмидийн Гайтав, Чойжилжавын
Лхамсүрэн нарын арван зохиолчийн амьдрал, уран бүтээлийг харуулсан “Арван хөрөг”
ном бичсэн. “Монголын орчин үеийн уран зохиол дахь малчны дүрийн хувьсгал” сэдвээр
1988 онд дэд эрдэмтний зэргийг хамгаалахад эрдмийн ажлыг нь Сономын Лувсанвандан
багш нь удирдсан юм.

-Түүхэн уран зохиолын бүтээл
болон “Монгол эрхи товчис”, сүүлд хэвлүүлсэн орчин үеийн уран зохиолын онолын гол
бүтээл “Ухаарахуй” номууд нь Монголын уран зохиолын санд хадгалагдах үнэт бүтээлүүд
болсныг гадна дотнын нэрт эрдэмтэд үнэлдэг?

-Ерээд оны эхнээс Монголын түүхэн зохиолуудын
гарал үүслийг нарийн судалж, уг судалгаандаа Оросын Г.Михайлов, Л.Скородумаво, Унгарын
эрдэмтэн Дьёрд Кара буюу манайхны хэлдгээр Хар Дорж, Өмнөд Монголын профессор Б.Гэрэлт,
Монголын академич Далантайн Цэрэнсодном нарын олон эрдэмтэнтэй нягт холбоотой ажиллан
1998 онд “Түүхэн уран зохиол бүтээх монгол арга бүрэлдсэн нь” сэдвээр хэл бичгийн
шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Уран зохиол, түүх хоёр холбоотой юм байна
гэж түүхэн уран зохиолын хосгүй үнэт бүтээлүүдийг судалсан. Түүний илэрхийлэл “Монгол
эрхи товчис” юм. Тэр тухай нь би гэдэг хүн хэлж яаж чадах билээ. Судалгааных нь
бүтээлийг л ярина. Харин “Ухаарахуй” номын тухай төрийн шагналт Дамдинсүрэнгийн
Цэнд багш “Монголын уран зохиолын түүхнээ онолын сэтгэлгээний чиг хандлагыг нээж
байгаа бүтээл” гэж үнэлсэн байдаг. “Ухаарахуй” ном гарч тухайн үед утга зохиолын
хүрээнд их л шуугиан болж байсан санагддаг юм. Манай хүн чинь их сонин. Маш удаан
бодож тархиндаа боловсруулна. Нэг суухлаараа хэдэн өдөр, шөнөөр ч хамаагүй суугаад
биччихнэ. Тэгээд цаасан дээр буулгачихаад түүнийгээ ном болгоод гаргачихсан мэтээр
санаа нь амарчихдаг байв. Техник ажлуудыг нь би хийнэ. “Ухаарахуй” номоо биччихээд
ширээн дээр нь лавтай гурав, дөрвөн сар болсон. Би л наагуур цаагуур гүйж байж хэвлүүлсэн.
Хань маань энэ номоороо утга зохиолын шилдэг бүтээлийн “Алтан өд” шагнал авч байлаа.

-Яриагаа энгийн болгох
үүднээс ганц нэг асуулт асууя л даа. Танайхаар зохиолчид их ирдэг байсан нь мэдээж.
Тэдгээр дурсамж, инээдэм наргиантай хуучаас сонирхуулна уу?

-Манайхаар олон л зохиолч ирдэг байлаа.
Энүүхэн зууртаа хэлэхэд би тэднийг бүр хашраачихсан хүн шүү дээ (инээв). Зохиолчдын
хороонд ажиллаж байхдаа Шадивлангийн зусланд гарна. Тэр үед баар, ресторан энээ
тэрээ гэж байх биш. Нэгнийхээрээ хэсч л баярлаж, архи дарс уудаг байжээ. Эрдэнээ,
Явуухулан, Цэдэндорж гээд бүх л томчууд ирнэ. Бид хоёрыг бага залуу гэж гололгүй,
тэр аваргууд чинь ороод ирнэ. Нэг удаа Эрдэнээ гуай, Явуухулан гуай хоёр ирлээ.
Нэг шил архи уучихаад гарахынхаа алдад Эрдэнээ гуай Явуу найрагчийг “ухаанд чинь
ухна ишиг үхчихээ юү” гэж хэлэхийг нь сонсоод өмнөөс нь айх шиг болсон. Явуухулан
гуай нэг ч үг дуугараагүй. Тухайн мөчид энэ том зохиолчид чинь нэгнийгээ ямар муухайгаар
хэлдэг юм бэ гэж бодож байлаа. Сүүлдээ зохиолчдын дунд жинхэнэ ууссан даа. Бааст
гуайн манай хоёр зусланд нэг байшинд, хоёр талаасаа ордог хаалгатай. Зундуйн Доржийнх
мөн зусланд нэг дор байсан.

Манай хөгшний найзууд гэвэл Сампилдэндэв,
Бямбажавын Хүрэлбаатар, Тоомойн Очирхүү, Сономын Лочин, Ломбын Нямаа гээд байна.
Тэд ээлж дараалан ирнэ шүү дээ. Ялангуяа жаахан юм хүртчихсэн бол шууд л хүрээд
ирнэ. Очирхүү маань өнгөрөөхөөсөө долоохон хоногийн өмнө манайд ирж, надаар хар
шөл хийлгэж идээд явж байж билээ. Сономын Лочин өвгөнийг байхгүйд жаахан халмаг
хүрээд ирлээ. “Миний гар өвдөөд хэвтэж байна, өвгөн удахгүй ирнэ” гэхэд “За би хэд
атгаадахъя” гэж цаг шахам бариад “одоо болох уу” гээд бүр архи нь гарчихсан, хөлс
нь урсчихсан зогсож байж билээ. Ийм л сайхан нөхөдтэй явсан даа, миний хань. Эмнэлэгт
байхад нь Ломбын Нямаа байн байн ирнэ. Хөгшнөөсөө нууж, халаасандаа нугалж хийсэн
хэдэн төгрөгөө гаргаж ирээд өгдөг сөн.

-Сүүлд бие муу байхдаа
хэд хэдэн ном бичиж, ялангуяа элит утга зохиолын чиг хандлагыг бүрэн тодорхойлсон
доо?

-Харвалт өгөөд бие муу гэртээ долоон жил
болсон. Эхний жилүүдэд Бээжинд эмчилгээ хийлгээд тархины сэтгэн бодох чадвар нь
илт сайжирсан. Энэ хугацаанд Зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойд зориулж “Найман зууныг
дагуулсан наян жил” судалгааны бүтээл гээд хоёр, гурван ном бичсэн. Мөн доктор,
магистрын диплом удирдсан. Хорлоогийн Сампилдэндэвийн хамтаар “Хорьдугаар зууны
монгол зохиолчид” номыг эрхлэн гаргаж Сэнгийн Эрдэнэ, Сономын Лувсанвандан, Лхамсүрэнгийн
Чойжилсүрэн, Дармын Батбаяр, Дамбын Төрбат нарын таван зохиолчийг өөрөө бичсэнийг
хүмүүс мэднэ байх. Хамгийн сүүлд тархиндаа гурван ч удаа нэмээд харвалт өгчихсөн
байхдаа Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” романы тухай, түүний өмнө До.Цэнджавын “Цагаагчин
гахай жил” романы тухай бичиж байв. Өнгөрөхөөсөө хэдхээн хоногийн өмнө нэг ангийн
хүүхэд болох Дорноговийн Гэмпилийн Цэдэвдоржийн тухай бичсэн юм. Ингэж л хань минь
амьсгал хураах сүүлчийн мөч хүртлээ утга зохиолынхоо төлөө явсан даа. Бие муу гэртээ
байхад нь эрх чөлөө, тусгаар тогтнолын ойгоор гавьяат өгсөнд нь баярладаг. Би ханийнхаа
номын санг эрдэм бүтээлийнх нь их ундарга Монгол Улсын Их сургуульд бэлэглэсэн.
Бурхан болсных нь дараа хүмүүс номын санг нь ихэд сонирхож, хэсэгчлэн зарчихаач
гэдэг байсан. Би тэдгээр номыг зарж тав, арван сая төгрөг олоод яах вэ. Хоол болгоод
л идчихнэ. Түүний оронд эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүмүүст оюуны бүтээл болог
дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *