Categories
мэдээ улс-төр

Улсын тэргүүний сумын шагналыг гардууллаа

Засгийн газрын 2009 оны 193 дугаар тогтоолоор Улсын тэргүүний сум шалгаруулах болзлыг баталж, хоёр жил тутам бүс бүрээс нэг сум шалгаруулахаар тогтсны дагуу энэ жил Баянхонгор аймгийн Галуут, Сүхбаатар аймгийн Түмэнцогт, Сэлэнгэ аймгийн Цагааннуур, Ховд аймгийн Зэрэг сумдыг Улсын тэргүүний сумаар шалгаруулж, сум тус бүрийг гэрчилгээ, 100 сая төгрөгөөр шагнахаар шийдвэрлэсэн юм. Төвийн бүсээс шалгарсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Улсын тэргүүний сум”-ын шагналыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт гардууллаа. Цагаануур сум нь газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хослон хөгжүүлсэн, 52.2 мянган га газар тариалангийн талбай бүхий улсын нийт ургацын 10 гаруй хувийг дангаар үйлдвэрлэдэг манай улсын тариалангийн томоохон сумдын нэг юм. Бүтээлч үйл ажиллагааны үр дүнд ажлын амжилтаараа аймгийн хэмжээнд Хурлын байгууллагуудаас 2014, 2015 онд тэргүүн байр, Засаг даргын Тамгын газар нь 2002-2015 онд тогтмол тэргүүн болон дэд байрт шалгарч, 2016 онд “Төвийн бүсийн тэргүүний сум”-аар шалгарсан нь Цагааннуурын бүтээлч ард түмний хөдөлмөр, зүтгэлийн үр дүн юм гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт шагнал гардуулах үеэр хэллээ. Цагааннуур сум орон нутгийн төсвийн орлогыг 2014 онд 130 хувь, 2015 онд 116 хувиар биелүүлж, иргэдийнхээ ажиллаж амьдрах таатай орчныг бүрдүүлэн улс, орон нутгийн хөрөнгө оруулалтаар спортын ордон, цагдаагийн кабон, 25 айлын таваны давхар орон сууц, орчин үеийн амины орон сууцны хороолол барьж, гэр хорооллын хашааг хаягжуулан, сумын төвийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгосон байна.

Тус суманд төсвийн болон хувийн хэвшлийн 102 аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд жил бүр сумын ИТХ-ын тогтоолоор жижиг, дунд үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийг баталж, сум хөгжүүлэх сангаас зээл олгодог болжээ. Өнгөрсөн онд малчны явуулын сууц болон хөөсөн блок үйлдвэрлэлийн чиглэлээр иргэдэд зээл олгосноор ажлын байр нэмэгдэж, амьжиргааны түвшин дээшилж байна. Цаашид сүүлийн үеийн техник технологийг газар тариалангийн үйлдвэрлэлд нэвтрүүлэн, суурин, хагас суурин эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлсэн улсын загвар сум болох зорилттой ажиллаж байна гэж Цагааннуур сумын Засаг дарга Ч.Жаргалсайхан хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *