“Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Амьдралд тавтай морил”, “Кино шиг амьдрал” зэрэг уран бүтээлүүдээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин Б.Чинзоригтой ярилцлаа.
-“Lovers” кинонд тоглох саналыг анх хэн тавьсан бэ?
-Анх найруулагч Ж.Сэнгэдорж, А.Баттүшиг хоёр ах маань гол дүрийн санал тавьсан. Надад санал тавих үед киноны проб аль хэдийнэ дуусчихсан байсан юм билээ. Ер нь гоо зүйн мэдрэмж өндөртэй, эротик драмын кино гэж анх надад танилцуулж байсан. Секс сценүүд нэг хоёроор тогтохгүй. Гэхдээ бохир, үзэгч үзээд эвгүй сэдэл өгөхөөр биш. Ер нь тэгээд сексийн асуудлыг гоо зүйн, зөв талаас нь олж харах өнцгөөс хийх болно. Энэ тал дээр санаа зоволтгүй гэж хэлж байсан юм.
-Таны хувьд киноны саналыг хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Ж.Сэнгэдорж найруулагч бид хоёрын анхны хамтарч ажилласан уран бүтээл. “Lovers” кинонд хамт ажилласнаар хэн хэнийгээ таньж авсан болов уу гэж бодож байна. Зохиолоо уншаад яагаад ийм төрлийн кино Монголд байж болохгүй гэж, бас би яагаад үзээд алдаж болохгүй гэж бодоод тоглосон. Ж. Сэнгэдорж найруулагчийн аливаа бүтээлд уран бүтээлч талаас ханддаг хандлага нь таалагддаг. Энэ зан чанар нь кинонд тоглоход их түлхэц болсон гэж хэлж болно. Зохиолын хувьд их хөнгөхөн. Хоёр хүний хайр сэтгэлийн холбоог харуулсан кино юм.
-Эмэгтэй гол дүрийн жүжигчинтэйгээ хэрхэн гар нийлж ажиллаж байсан бэ?
-Найруулагчийн шийдлээр явж байгаа учраас сайн, муу байсныг дүгнэж ярьж болохгүй. Өмнө нь Соёл урлагийн их сургуульд жүжигчний мэргэжлээр номын дуу сонссон болохоор өөр мэргэжлийн хүнтэй хамтран тоглосноос илүү хялбар байсан.
-Гол дүрийн жүжигчний хувьд үзэгчдийн хандлага ямар байна гэж бодож байв?
-Миний хувьд үзэгчдийн саналыг сайн анзаарсангүй. Энэ талын асуудлыг “Prime pictures”-ийн хамт олон сайн мэдэж байгаа байх.
-Зураг авалтын үед хүндрэлтэй зүйл гарч байсан уу?
– Нэг их сүрхий хүнд үе байсангүй. Уран бүтээлч хүн энэ нь хүнд байлаа, ийм байна тийм байна гээд шалтаг тоочоод байх зохисгүй байх. Мэдээж хүндрэлтэй зүйл байлгүй яахав. Ямар ч уран бүтээлд аз сорьсон, тэвчээр шалгасан үед байдаг. Тэр болгоныг чадварлаг хамт олонтой хамтран ажилласан учраас даваад гарсан.
-Өөрийнхөө бүтээсэн дүрийн талаар манай уншигчдад танилцуулбал?
-Одоогийн нийгмийн бизнесмэн залуусын төлөөлөл болсон Гарьд гэж залуу байгаа юм. Хүмүүжил, боловсрол нийгэмд биеэ авч явж буй байдал зэргээрээ манлайлдаг залуус манай Монголд их болжээ. Тэр залуусын төлөөлөл гэж би харсан. Ийм талаас нь ч харуулахыг зорьж тоглосон.
-Энэ киногоор үзэгчдэдээ ямар мессэж өгөхийг зорьсон бэ?
-Сүүлийн үед экшин, өшөө авалт, хорсол тээсэн утга агуулгатай кинонууд их гарч байна. “Prime pictures” Ж.Сэнгэдорж найруулагч нар “Нийгэм өөрөө бухимдалтай байж болно, өнөөгийн байгаа байдлыг хөндөж уран бүтээл хийж болно. Гэхдээ яагаад бид нэг ч гэсэн гэгээлэг киног хийж болохгүй гэж. Тэр тусмаа гэгээлэг зүйлийг эр эмийн сексийн амьдралаар төлөөлүүлж болохгүй гэж” хэмээн ярилцсан. Хайр дурлал гэдэг өөрөө сексийн амьдралтай холбоотой байдаг. Нийгэмд ичгүүр сонжуургүй асуудал биш байх гэж бодож байна.
-Насанд хүрэгчдэд зориулсан киноны санал хүлээн авахад гэр бүлийн хүн тань яаж хүлээж авсан бэ?
– Би өнөөдөр л энэ кинонд тоглочихсон болохоос хэзээ нэгэн өдөр тоглох л байсан. Тэгэхээр өнөөдөр тоглох ирээдүйд тоглох хоёрын хооронд ялгаа байхгүй байх гэж бодож байна. Манай эхнэр ч гэсэн өмнө нь ийм төрлийн кинонд тоглож байсан. Ийм төрлийн кино яаж бүтдэгийг, уран бүтээлч хүн тэндээс яаж хөглөгдөж суралцдаг вэ гэдгийг мэддэг учраас энэ кинонд тоглохыг дэмжиж байсан. Бид хоёр хоорондоо их ярилцдаг байсан. Эхнэр маань миний дүр дээр хүртэл ажиллаж өгч байсан.
-Одоогийн байдлаар ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Одоогоор хоёр, гурван киноны санал ирчихсэн байгаа. Яг алинд нь ажиллахаа хараахан шийдээгүй байна.
– Та хэдэн онд мэргэжлийн сургуулиа төгссөн бэ?
-Би 2006 онд ерөнхий боловсролын сургуулиа төгссөн. Уг нь 2010 онд төгсөж байх ёстой байсан юм. Ерөнхий боловсролын сургуулиа төгсмөгцөө тэр үеийн Захиалгат инээд хамтлагт сайн дурын уран сайханч хийдэг байсан. (инээв) Би ер нь багаасаа урлагт их хайртай байлаа. Тэр үедээ “DOZ entertainment”, (X tvts production)-д ажилладаг байсан. Уран бүтээлч хүн бүгдийг тэгээс нь эхэлдэг шиг л адилхан эхэлсэн. Одоо ч гэсэн эхнээсээ эхлээд суралцаж байгаа залуусыг харахаар миний багын дурсамж санагддаг. Ингээд гурван жил сайн дурын уран сайханчаар ажилласан. 2008 онд Соёл урлагийн их сургуульд элсээд 2012 онд төгссөн.
-Кино урлагийн салбартай амьдралаа холбосноос хойш хичнээн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн бэ?
-Гол, туслах гэлтгүй зөндөө байгаа. Одоохондоо тодорхой тоог хэлж мэдэхгүй байна. Заримдаа телевизээр өөрийгөө хараад би нээрээ ийм зүйл дээр ажиллаж байсан бил үү ч гэх тохиолдол байдаг шүү.
-Гэр бүлийнхээ хүнтэй хамтарч уран бүтээл хийх бодол байгаа юу?
-Мэдээж байлгүй яахав. Бид хоёрт хамтдаа тоглох киноны санал их ирдэг. Гэхдээ бидэнд зөв өнцгийг харуулсан сайхан уран бүтээлд хамтдаа ажиллах юмсан гэсэн бодол байдаг. Ирж байгаа киноны саналууд ямар нэг талаараа бидний бодож буйгаас өөр байдаг болохоор ирсэн саналуудыг буцаах тохиолдол байдаг.
-“Улаан пальто” кинонд жүжигчин Долгортой хамт ажилласан гэж сонссон?
-Тийм. Миний эхнэр, охин хоёр хоёулаа гол дүрийг бүтээсэн. Зохиолч Б.Шүүдэрцэцэг эгч надад санал тавьсан юм. Эхнэр охин хоёр чинь гол дүрүүдэд тоглож байгаа учраас чи найруулагчаар нь ажиллаад үзвэл ямар вэ гэж надад маш их итгэл хүлээлгэсэн. Түүний дагуу “Улаан пальто” кинонд гэр бүлээрээ хамтдаа ажилласан. Түүнээс кинонд хамтдаа дүр бүтээгээгүй.
-Ер нь уран бүтээлч хүн юугаар хөглөгдөж урам авдаг юм бол оо?
-Урлагийн салбарт төрийн зохицуулалт дэмжлэг гэж байдаггүй. Тийм болохоор үзэгчдийнхээ урмаар л бид тэтгэгдэж байдаг. Та бүхэн минь дэмждэг болохоор л бид чинь уран бүтээлээ цааш хийх урам авдаг шүү.