Categories
гадаад мэдээ

Хятадад ажлын 4 өдрийг туршиж эхэлжээ

Хятадын засгийн газраас иргэдийн ажлын өдрийг багасгаж, баасан гаригийг хагас амралтын өдөр болгох туршилтыг хэрэгжүүлж эхлээд байна. Ингэснээр хятадууд долоо хоногийн дөрвөн өдөр бүтэн, тав дахь өдөр хагас ажиллах болж байгаа аж. Амралтын өдрийг уртасгах нь эдийн засгийн ач холбогдолтой гэж үзсэн нь үнэхээр сонирхолтой. Хятадын төрийн зөвлөлөөс өнгөрсөн наймдугаар сард анх энэ санаачлагыг гаргажээ. Тэд хүмүүст амрах цагийг илүү олгосноор олсон мөнгөө үрэх боломжийг нэмэгдүүлж, дотоодын эдийн засгаа өсгөнө гэж үзсэн байна. Хятадын иргэд орлогоо ихэвчлэн хүнс, хувцас, гэр орноо засч тохижуулахад зарцуулдаг аж. Хэрэв тэдэнд илүү их чөлөөт цаг олговол спортоор хичээллэх, соёл амралтын хүрээлэнгээр үйлчлүүлэх зэрэгт илүү их мөнгө зарна гэж тооцоолжээ.

Энэ санаачлагыг Хятадын 30 сая хүнтэй Чунчин хот анхлан хэрэгжүүлж эхэлжээ. Түүнчлэн Хэбэй болон Жянси мужид ажлын өдрийг багасгаж, амралтыг сунгахаар хэлэлцэж байгаа аж.

Үүнээс гадна амралтын өдрийг сунгах нь дотоодын аялал жуулчлал болон орон нутгийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх найдлага тавьж байна. Ялангуяа зуны улиралд иргэд хөдөө, тосгодоор аялах нь нэмэгддэг аж. Дотоодын аялал жуулчлал Хятадын эдийн засагт 2014 онд хагас их наяд ам.долларыг бүрдүүлжээ.

Амралтын өдрийг сунгах нь бага ажиллана гэсэн үг биш аж. Учир нь 40 цаг ажиллахаар гэрээ байгуулсан ажилчдын бүтээмжид өөрчлөлт гарахгүй гэнэ. Түүнчлэн баасан гаригийг хагас амралтын өдөр болгох журмыг засгийн газраас боловсруулсны дагуу компаниуд дотоод бодлогоороо зохицуулах боломжтой аж.

Ажлын өдрийг багасгасан нь зөвхөн Хятад улс биш юм. Дэлхийн технологийн компаниуд ажилчдынхаа сэтгэл ханамжтай, бүтээлч байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ажлын дөрвөн өдөртэй байх нь элбэг байдаг аж. Хүний нөөцийн менежментийн судалгаанаас үзвэл долоо хоногийн гурван өдөр амрах боломжийг компаниудын 43 хувь нь тодорхой салбарын ажилчдад, 10 хувь нь бүгдэд олгодог байна. 2008 оноос хойш долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах журмыг хэрэгжүүлж эхэлсэн компаниудын ашиг, орлого бараг хоёр дахин нэмэгдэж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн байдал өмнө нь байгаагүй өндөр хэмжээнд хүрч, олон төрлийн шинэ санаачлагаар шагнал урамшуулал хүртэх болжээ.

НҮБ-ын Олон улсын хөдөлмөрийн байгууллагын шинжээчид долоо хоногийн ажлын өдрийг тав биш, дөрөв болгож бууруулах ёстой гэсэн дүгнэлтийг 2014 онд гаргаж байжээ. Долоо хоногийн дөрвөн өдөр ажиллах нь хүн амын эрүүл мэндийг сайжруулахад чухал нөлөөтэй аж. Учир нь орчин цагийн ихэнх өвчлөл хэт их ажиллах, оффистоо байнга суух, байнгын стрессээс үүдэлтэй болохыг судалгаагаар тогтоожээ. Түүнчлэн янз бүрийн судалгаанаас үзэхэд хүмүүс бага ажиллах тусам илүү үр бүтээлтэй байж чаддаг нь аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *