Categories
мэдээ цаг-үе

Их говийн үлэг гүрвэл эх нутгаа зорилоо

2016 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр, АНУ-ын Нью-Йорк хотын Зүүн дүүргийн прокурорын газар нэгэн чухал үйл явдал боллоо. АНУ-ын Засгийн газар Монгол Улсад үлэг гүрвэлийнх нь үнэт олдворыг буцаан өгөх ёслол болж, Монголын талаас Элчин сайд Булгаагийн Алтангэрэл, палентеологич Минжингийн Болорцэцэг, албаны бусад хүмүүс, АНУ-ын талаас тойргийн прокурор Роберт Кэйпэрс, Аюулгүй байдлын эрэн сурвалжлах газрын захирал Петер Эдж, Хил хамгаалал, гаалийн албаны удирдлагууд уг ёслолд оролцож, долоон үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөв.

Үлэг гүрвэлийн яс бүрийн цаана үүх түүх, гэмт хэрэг, шунал сэдэл, адал явдал, шинжлэх ухаан орших аж. Жишээлбэл, Алиорамусын толгойн хувьд Францаас нэгэн цуглуулагч И-Бэй хэмээх онлайн худалдаагаар заржээ. Үнэ нь 300 мянган доллар байсан аж. Ингээд 2014 онд, АНУ-ын хил дээр ирэхэд нь гаалийн ажилтнууд хураан авсан байна. Гарал үүслийг нь Франц гэж, мөн жинхэнэ биш, дуураймал хэмээн худал бичиг баримт бүрдүүлсэн байсан боловч мэргэжлийн хүмүүс Монголынх, жинхэнэ араг яс мөн гэдгийг нь тогтоосноор өдгөө эх нутагтаа буцах эрхтэй болоод байгаа юм.

Ёслолын үеэр АНУ-ын Тойргийн прокурор Роберт Кэйпэрс “Монгол бол үлэг гүрвэлийн арвин баялаг олдвороороо дэлхийд тэргүүлдэг улс. Монголын ард түмний өмч байх ёстой эдгээр палентеологийн нандин олдворуудыг хулгайч, ашиг хонжоо хайгчдын гараас салган авч, Монгол Улсад эргүүлэн өгч байгаадаа бид үнэхээр баяртай байна. Хойшид ч Монголын соёлын өвийг хил дамжуулан ингэж зарах аваас бид ямагт Монголын талд зогсох болно” хэмээн мэдэгдлээ.

Үлэг гүрвэлийн олдворыг судалж, Монголынх хэмээн баталдаг гол эрдэмтдийн нэг М.Болорцэцэг хэлсэн үгэндээ Алиорамусыг маш ховор үлэг гүрвэл болохыг, шинжлэх ухааны бүртгэл бүтээлүүдэд ердөө хоёрхон тэмдэглэгдсэн, тэр хоёр хоёулаа Монголоос олдсон болохыг тайлбарлав. М.Болорцэцэг өмнө нь алдарт Батаарын ясыг Монголынх болохыг анхлан судлан таньж, мэдээлж байсан палентеологич билээ. Ингээд ёслолын үеэр М.Болорцэцэгээс хэдэн зүйлийг тодруулан ярилцав.

Үлэг гүрвэлээ Монголдоо буцаах нь монгол палеонтологичийн хувьд миний үүрэг

-Өнөөдөр яг ямар нэртэй, хэдэн үлэг гүрвэлийн ясыг буцаав? Өмнө нь нөгөө алдарт Батаараас эхлээд нийт хэдэн олдвор буцааж байсан юм бэ?

-2013 оноос хойш Монголоос хууль бусаар гарсан нийт 23 үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын тал буцаагаад байгаа билээ. Өнөөдрийн үйл ажиллагаагаар долоон үлэг гүрвэлийн олдворыг АНУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт хүлээлгэн өглөө. Энэ долоон олдвор нь таван төрлийн динозаврт хамаарагдана. Үүнд:

Алиорамус махчин динозаврын толгой

Нугасан хошуут Бактрозаврын бүтэн араг яс

Нугасан хошуут динозаврын араг яснууд

Протоцератопс өвсөн тэжээлтэн динозаврын бүтэн араг яс

Ситтакозавр өвсөн тэжээлтэн динозаврын бүтэн араг яс

Троодонтид динозаврын өндөгний үүр

-Монголоос олдсон гэдэг тэр гарал үүслийн баталгааг хэрхэн гаргадаг, яаж судалж тогтоодог юм бэ?

-Гарал үүслийн баталгааг мэргэжлийн палеонтологич гаргадаг. Гарал үүслийн баталгааг гаргахдаа эдгээр үлэг гүрвэлийн анатомийн бүтцийг нь нэн түрүүн судалж, ямар төрөл, зүйлийнх вэ гэдгийг тогтооно. Ихэнх тохиолдолд өмнө нь судлагдсан динозаврын төрөл зүйлүүд байдаг. Манай Монголын динозавруудын хувьд зөвхөн Монголоос олддог төрөл зүйлүүд гэж бий. Тиймээс эдгээр динозаврыг мэргэжлийн хүний хувьд таньж мэдэхэд төвөггүй байдаг. Түүнээс гадна хэрхэн хадгалагдсан байдал, үүнд ялангуяа ясны өнгө байдал болон агуулагдаж байгаа чулуулгийнх нь төрөл, өнгө мөн гарал үүсэл тогтооход чухал үзүүлэлт болно доо.

Миний хувьд өмнө нь Тарбозавр батаарын гарал үүслийн баталгаа хийж байсан. Энэ удаа Алиорамус махчин динозаврын толгойн гарал үүслийн баталгааг хийж өглөө. Ер нь шүүх дээр гарал үүслийн маргаан гарах тохиолдолд миний бие мэргэжлийн дүгнэлт гаргаж өгснөөр Монголынх гэдгийг нь эргэлт буцалтгүйгээр тогтоож, шүүхийн шийдвэр Монголын талд гарч, үлэг гүрвэлүүд маань Монгол руу буцах боломжтой болдог юм.

-Цаана нь өөр яс байгаа болов уу. Байгаа бол Монгол руу ахин шилжүүлэх үү?

-Одоогоор нэмж 11 динозавртай холбоотой эрүүгийн хэргүүд шалгагдаж байгаа. Удахгүй шийдэгдээд бас Монгол руугаа буцна. Энэ динозавруудын нэг нь та бидний мэдэх жүжигчин Николас Кэйжээс хураан авсан Тарбозаврын толгойн яс байгаа.

-Та энд явуулж буй үйл ажиллагаа, эрхэлж буй ажлаа танилцуулна уу?

-Миний хувьд 2012 онд анх Тарбозавр батаарын дуудлага худалдааг Монгол руу мэдэгдсэнээс хойш динозавруудаа буцаах гурван үйл ажиллагааг АНУ-д удирдан зохион байгуулах ажлыг сайн дураараа хийгээд байна. Мэргэжлийн палеонтологич, монгол хүний хувьд би үүнийг үүргээ гэж боддог.

Үлэг гүрвэлийг буцаах үйл ажиллагааны хувьд би шаардлагатай үед мэргэжлийн дүгнэлтийг хийнэ, мөн динозавруудыг хүлээн авах албан ёсны маягтууд дээр динозавруудыг шалган, хүлээн авч, гарын үсэг зурдаг. Монголын талд албан ёсоор хүлээлгэж өгсний дараа бол динозавруудын баглаа боодол хийдэг мэргэжлийн байгууллагыг яамтай холбож өгч, баглахаас нь өмнө бүртгэн баримтжуулж, баглаа боодол тус бүр дээр динозаврыг хэрхэн баглах дээр зөвлөгөө өгдөг. 2007 оноос Монголын динозавр судлалын хүрээлэн ТББ үүсгэн байгуулаад ажиллаж байгаа. Мөн одоогоор Америкийн Байгалийн түүхийн музейд Монголынхоо олдворуудыг судлах ажлыг хийдэг. Энэ долоон динозаврын олдворыг буцаах ажлын хувьд бол энэ удаад Боловсрол, соёл шинжлэх ухааны яамыг энд төлөөлөн ажиллаж байна.

-Баярлалаа, таны ажил судалгаанд өндөр амжилт хүсье.

“Өдрийн сонин”-ы Вашингтон хот дахь тусгай сурвалжлагч

М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *