Categories
мэдээ цаг-үе

Г.Ганцэцэг: Мөнх хааны үеийн шавар бишгүүр “Хурган чих” зөөлөн аргадсан аялгуутай

Мөнх хааны өмнө шавар бишгүүр … хөгжимдөж байсан тухай зарим эх сурвалжид тэмдэглэгдэж үлджээ. Шавар бишгүүр буюу хөгжим судлаачдын “Хурган чих” хэмээн нэрлээд байгаа алганд багтам авсаархан, хурганы толгойн хэлбэртэй хөгжмийг иргэн Ш.Сүхбатын хувийн цуглуулгаас олж аваад, уг гарвалыг нь тогтоож, сэргээхээр ажиллаж байгаа гэнэ. Цуур юм уу лимбэ шиг хөг аялгуутай энэ хөгжмийг СУИС-ийн Хөгжимдөх урлагийн тэнхимийн эрхлэгч Ц.Цэвэгсүрэн үлээж сонирхуулсан юм. Өдгөө устаж мөхөхөд хүрээд буй цор ганц хөгжмийн зэмсгийг үлээхэд ямар сэтгэгдэл төрж буйг нь сонирхлоо. “Үлээж байгаа хэсэг нь лимбэтэй адилхан. Дуугаралтын хувьд шал өөр. Аргадангуй, зөөлөн аялгуутай” гэж тэр хэлсэн юм.

-Ш.Сүхбат гэж хүнээс “Хурган чих”-ийг олж авсан гэсэн. Яаж та бүхэнтэй холбогдсон бэ?

-Манай Дорно дахины хөгжим судлалын профессорын багийнхан энэ тал дээрээ гаршиж байгаа. С.Соронзонболд маань тэр хүмүүстэй холбогдоод, “Ямар учиртай хөгжим бэ” гээд асууж лавлаад, уламжлагдаж ирсэн гэдгийг мэдсэн юм билээ. Энэ сонин сайхан хөгжмийг нэг айлд хадгалах биш эргэлтэд оруулах хэрэгтэй гэж үзсэн. Шинэ юм гэж удтал мартагдсан хуучин юм байдаг. Бид хурган чих хөгжмийг сэргээн засварлаад, гаргаж ирэх шалтгаан нь нэгдүгээрт эртний хөгжмийн зэмсгийг сэргээх. Манай өвөг дээдэс гайхалтай юм бий болгож чаддаг байж. Хөгжим бүтээсэн шаврыг нь судалж үзэхэд гайхамшигтай бүтэцтэй гэж байгаа юм. Техник технологи хөгжөөгүй үе шүү дээ. Хонио хариулаад явж байгаа хүү янз бүрийн шавар элдэв долоон юм эвлүүлээд, ая эгшиг оруулж бүтээсэн эд болов уу гэж бид таамаглаж байна. Хэдэн зуун жилийн турш гар дамжиж явсаар байгаад энэ олдвор лакадсан юм шиг гялгар болжээ. Энэ юу вэ гэсэн чинь хүний гарын хөлс нэвчсээр байгаад өнөө үед ч байхгүй сонин технологи гаргаад ирчихэж. Бид янз бүрийн юмаар орлуулах биш яг тэр шороонуудыг нь эвлүүлээд яавал бутарч унахгүй, зөв хөгтэй, хүнд сөрөг нөлөөгүй хөгжмийн зэмсэг бий болгох вэ гэж анхаарч байгаа. Монголд байсан хөгжмийн зэмсэг яг эргээд Монголынхоо хөрс шорооноос бий болсон. Сэргээгээд сургалтад нэвтрүүлнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтад энгийн хөгжмийн зэмсгүүдийн тухай заадаг. Монгол агуу, олон хөгжмийн зэмсэгтэй. Сэргээн засварласан гол үндэс нь бид өөрсдийнхөө хөгжмийн зэмсгээ сургалтад хэрэглэх юм. Манай Хөгжмийн урлагийн сургуулийн энэ төсөл дээр ажиллаж байгаа баг эхлээд өөрсдөө энэ хөгжмийн зэмсгээ бүтээгээд, урын сан, заах арга бий болгоод сургагч багш нар бэлтгэнэ. Ингэж сурагчдад энэ хөгжмийн зэмсгээ дэлгэрүүлэх юм. Ийм сайхан эр хонгор дуутай хөгжим үндэсний найрал хөгжимд чухал үүрэг гүйцэтгэнэ дээ. Манай үндэсний найрал хөгжимд үлээвэр хөгжмийн ай цөөхөн. Нэг хөгжмийн зэмсгээр нэмэгдэж дуугаралт нь баялаг болохоор ийм олдвор оллоо. Соёл урлагийн салбарт маш хүчтэй явагдаж байгаа юм бол Соёлын бүтээлч үйлдвэрлэл. Бүтээлийг сансар огторгуйгаас, оргүй хоосноос биш эцэг өвгөдийн үлдээсэн өв соёлоос аваад, сургалт судалгаанд нэвтрүүлэх чухал төслийг хэрэгжүүлж байгаа. Үүнийгээ олон улсын төсөл болгоод Дэлхийн банкинд өргөн барилаа. Дэмжигдэнэ гэж найдаж байгаа.

-Хувь хүний гэрээс олсон гэсэн. Хадгалж байсан хүмүүс нь энэ хөгжмийн зэмсгийг ямар үед яаж хэрэглэж байсан бол?

-Яг энэ хөгжмийг олоход бутарсан байсан. Их л эртний эд гээд даалимба бааданд боогоод нандигнаад тавьчихсан байгаа шүү дээ. Аливаа бутарсан юмыг эвлүүлэхэд буцаад хэвэндээ ороход амаргүй. Гэтэл энэ хөгжмийн зэмсэг хэвэндээ их амархан орсон. Хэдхэн минутад эвлүүлээд наасан. Дотор талдаа хурууны хээ байгааг бодоход гараараа л хийсэн нь мэдэгдээд байгаа юм. Эвлүүлээд дуугаргаад үзэхэд гайхамшигтай эгшиг авиатай.

-Хурган чих гэдэг энэ хөгжмийг хаана яаж хэрэглэж байсан тухай түүхийн судар бичигт тэмдэглэгдэж үлдсэн үү?

-Дорно дахины хөгжим судлалын багийнхан эртний хөгжмийн зэмсгүүдээ бүгдийг нь судлаад явж байгаа. Энэ хөгжмийг Мөнх хааны үед хэрэглэж байсан. Найрал хөгжимд хэрэглэж байсан гэхээсээ ахуйн чанартай болов уу. Байгалийн гамшигт үзэгдэл бороо шорооноос сэргийлж, уул усаа аргаддаг гэж байгаа юм. Төлөө голсон малд энэ хөгжмийг сонсгоход ивлэж байдаг. Тэр утгаараа мал аж ахуйтай холбогдож гарч ирсэн зэмсэг болов уу. Гэхдээ мэргэжлийн хөгжмийнхөн авч хэрэглэж болохуйц сайхан хөг аялгуутай. Их л энгийн юмнаас үүссэн. Гэхдээ энгийн юм агуу байдгийн нэг жишээ энэ.

Түүхийн олон судар бичигт энэ хөгжмийн тухай дурдагджээ. Энэ чиглэлээр судалгааны баг маань ажиллаж байна. Шаврын ордыг нь олох гээд манай Дүрслэх дизайн урлагийн сургуулийн багш нар орон нутагт шороо судлаад явж байгаа. СУИС дотроо зургаан сургуультай. Сургууль болгон маань хамтын судалгаанд оролцож байгаа. Манай Дүрслэх дизайн урлагийн сургуулийн Керамикийн Лхагвацэрэн багш үүнийг бүтээх, технологи талаас нь судалж байна. Энэ хөгжмийг биежүүлж, гаргаж ирэх ажлыг манай Керамикийн лабораторийнхон хийсэн. Инновацийг яаж үйлдвэрлэлд нэвтрүүлэх вэ гээд бид яриад байгаа. Бүх юм уялдаатай. Тэдний бүтээсэн хөгжмийн зэмсгийг бид түгээн дэлгэрүүлэх ажил хийж байна.

-Энэ мартагдсан хөгжмийг босгож ирэхэд судалгааны ажлуудыг санхүүжүүлэхээс аваад маш их зардал гарах байх л даа. Шаардлагатай мөнгийг яаж босгож байна вэ?

-Манайх сургалтын байгууллага. Оюутныхаа төлбөрийг үүнд зарчихаж болохгүй. Тийм болохоор Дэлхийн банкинд том төсөл бичиж өгсөн юм. Их нааштай хүлээж авсан. Үйлс нь өөрөө их гэгээн юм. Хүн том сэдэж, том зорилготой явбал бүтдэг юм билээ. Бүтдэгийн жишээ нь төрийн их ятга. Төрийн гурван ятгыг бүтээхэд Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс БСШУЯ-ны Соёлын өвийн газраас тодорхой хэмжээний төсөв санхүүжилт өгсөн юм.

-Өв соёл руугаа хандахаар судалгаа шаардлагатай болдог. Судлаачид, хүний нөөц хэр хангалттай бэлтгэгдэж байна вэ?

-Аливаа нэг ажлыг судалгаанд үндэслэж хийхгүй бол өчигдөр зүүдэлснээ өнөөдөр хэрэгжүүлнэ гэж байхгүй. Судалгааны багууд чухал. Манай мэргэжлийн хөгжим судлал, хөгжмийн боловсрол тал дээр ажилладаг нөгөө багийг маань доктор Н.Жанцанноров ахалдаг. Тэд мэргэжлийн урлагаа судлахын зэрэгцээ боловсролын асуудлыг хариуцдаг. Бид эртний хөгжмийн нот тэмдэглэгээний судалгааг хийсэн. Ятга, “Хурган чих”-ийн дараа гаргаж ирэх хөгжмийн зэмсгийн судалгаа нөөцөд бий. Даан ч нэг өдөр 24 цагтай юм даа. Бид бараг 25 цаг ажиллаж байна гэхэд хилсдэхгүй. Хөгжим судлалын хувьд энэ шинэ түвшин. Орчин цагийн хөгжмийн түүх үндсэндээ 1910-1920 оноос эхэлж байгаа. Нэг хэсэг бид Европын соёл, урлагийг хаа сайгүй дагаж давхилаа. Бүтээлчээр суралцсан гэж ярья даа, түүнээс биш хүнийг хуулбарласан гээд яах вэ. Одоо бид өөрсдийн гэсэн дэгтэй болчихлоо. Хүний соёлоос сурч болдог юм билээ. Гэхдээ өөрийнхөө соёлыг мэдэхгүй байж хүний соёлоос суралцана гэдэг асар учир дутагдалтай. Хүний соёлоос сураад ирэхээрээ бид чинь юутай билээ гээд эрж хайж эхэлдэг. Өөрийнхөө үндэсний соёл урлагийг судлах нь бидний нэн тэргүүний зорилго гэж бид үзэж байгаа. ЮНЕСКО-д бүртгэгдсэн соёлын өвүүдээс манай сургууль дээр долоон өв сургалтад явж байна. Уртын дуу, морин хуур, хөөмий, тууль, бүжиг, битүү амьсгаа, цуур гээд энэ бүхэн манай сургууль дээр жинхэнэ утгаараа мэргэжлийн түвшинд сургалт, судалгаа, уран бүтээлийн эргэлтэд орж яваа. Тэгэхээр СУИС үндэснийхээ ёс дэг уламжлал, соёл дээр тулгуурласан гэж болно.

-Та бүхэн эртний монголчууд ийм юм өмсч байжээ гээд эртний монголчуудын хувцсыг үзүүлж харуулсан. Эртний хөгжмийн зэмсгүүдийг олж гаргаж ирлээ. Сургуулийн дэргэд музей байгуулах уу. Энэ бүх олдворыг яаж хадгалж хамгаалах вэ?

-Яг үнэн. Хийсэн бүтээснээ хүмүүст үзүүлж харуулах хэрэгтэй. Хувцасны чиглэлээр гэхэд л том судалгаанууд явсан. Хөгжмийн зэмсгүүд байна. С.Дулам доктор бүжгийн профессорын багийн тэргүүлэх профессороор ажиллаж байгаа. Хадны сүг зургаар нэлээд олон бүжиг бүтээж бүжгэн жүжиг гаргахаар ажиллаж байна. Үзүүлж харуулах олон юмтай боллоо. Түүнийгээ тахиа өндгөө дарж байгаа юм шиг дараад сууж таарахгүй. Инновацийн төвүүд бий болгоод эргээд үүгээрээ гарааны компаниуд байгуулж байна. Аливаа нэг юм гарч ирэхэд түүнийг дагасан үйлдвэрлэл бий болдог. Бидний хийж байгаа бүтээлч үйлдвэрлэл инновацийн төвийг нэхэж байна. Бид том олдвор олж илрүүлж байгаа ч түүнээс ч том ай саваас дөнгөж халбагаар хутгаж байна шүү дээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *