Москва хотын Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийн төгсөх ангийн оюутан миний бие нэг өдөр Зохиолчдын хороогоор орж, буцах билетээ хөөцөлдөж явтал яруу найрагч Намжимын Очирбат тааралдаад,
-Чи дуулаа биз дээ. Нөгөө Шуурга чинь (Ш.Сүрэнжавыг хэлж байна) утга зохиолын дээд курст явах боллоо. За чи минь, тэгэхээр цаадахыгаа Ногоон гэж дуудвал алуулна шүү. Харин “Хар нүдэн” гэвэл мань хүн маасайгаад л ирнэ гэж тас тас хөхрөн дал мөрөн дээр минь алгадаж байлаа. Энэ мөчөөс хойш гурав хоногийн дараа Олон улсын суудлын галт тэрэгний нэгэн тасалгаанд Ш.Сүрэнжавтай хамт орохдоо Н.Очирбатынхаа захисан үгсийг гэнэт санан инээдээ арай ядан барив. Үүнээс хойш бидний дунд гүн зузаан нөхөрлөлийн гүүр зам эхэлсэн юм даа. Москвад хүйтний эрч чангарч байлаа. Идэр есийн ид дундуур би гэдэг амьтан бээрч даарснаас улбаалж нэг шөнө жигтэйхэн халуурч хонолоо. Төгсөх ангид хамт суралцдаг өрөөний маань найз орос урьд өмнө бага эмч хийж байсан нь ач тусаа өгч эм тан залгуулсаар ирэх өглөөтэй золгуулав. Цог шиг халуун хэдийгээр буурсан боловч цоохор морь (такси) хөлөглөн Утга зохиолын фондын хорооны эмнэлгийн босгыг алхаж тан эмийг бичүүлэн тариа сэлтийг хийлгэсээр их үдийн хирд ижил дасал болсон Добролюбовын гудамжин дахь долоон давхар өргөөнийхөө хоймор заларч ор дэрийг эзэгнэнхэн оочих цайны мөрөөс болж хэвтлээ. Гэтэл сайн хүн санаагаар гэж Ш.Сүрэнжав маань ороод ирдэг юм байна. Миний баярласан гэдэг нь мэлмэрүүлэнхэн уйлахын наагуур юм боллоо. Найз нөхөр минь орж ирүүтээ,
-Чиний биеийг муу байна гэж С.Пүрэвээс дуулаад сүүлийн хоёр цагийн хичээлийг орхиод ирлээ гэснээ толгой дээр минь алгаа хүргэн зүүн гарын судсыг барьж,
-Ядаргаа голлосон байна. Тэгээ ч болов уу гэж бодсон юм гэв. Мань хүн нандигнан боосон арцыг хармаанаасаа гарган ширээн дээр байсан үнсний саванд уугиулан намайг утах зуураа,
-Отгонтэнгэрийн арц аливаа барцдыг зайлуулах ид шидтэй байдаг юм. Одоо алзахгүй. Эмчээс залсан эм тариагаа номоор нь хэрэглэнэ биз ээ гэлээ. Тэгснээ Сүрэнжав ямар нэг маанийн мөр бадгийг аяархан аялгуулан дуудаж нэгэн үрэл шиг юмыг өөрийн гараар уруул давуулан өгөөд,
-Одоохон би чамд сармистай шөл авчирна. Хий дарахад сайн байдаг юм. Хамгийн гол нь тайван байх нь чухал шүү гэж захиад духан дээр минь уруулаа хүргэв. Хэсэг хугацаа өнгөрсний дараа сүртэй нь аргагүй сүр сар хийсээр зохиолч Ж.Бямба орж ирээд,
-Алив бос бос үд хүртэл унтаж, үхрийн дуунаар сэрнэ гэдэг болох нь дээ. Зуу татах уу гэв.
-Юун зуу татах манатай. Шөнөжин тавгүй хонолоо. Ханиад хүрсэн бололтой гэхэд минь,
-Хөгшин чинь өнөөдөр Элчингийн газар жаахан ажилтай байгаад энэ тухайд ажиггүй ирлээ. Юу хэрэгтэй байна гэв.
-Одоо алзахгүй биз ээ. Сүрэнжав орж ирээд Отгонтэнгэрийн арцаар сан тавьж өгсөн. Удахгүй шөл хийгээд ирнэ байх гэж намайг хэлэхэд,
-Хээ цэс. Тэр нөхөрт чинь Очирваань шүтээний арц гэж юу байдаг юм бэ. Захаас авсан зарааны баас л байгаа биз. Жинхэнэ нутгийнхаа арцаар чамайг ариутгаж жирийн биш рашааныг хүртээнэ. Чамд тэр бас шөл хийж өгөх гэнэ ээ. Цаадах чинь өчигдөр орой үхрийн зовлого аятай юм хойд дэлгүүрээс авч харагдана билээ. Тийм шөлөөр тэнхэрдэггүй юм. Тэрэнд орвол тэмээний үдээр буцалгаж уувал илүү байх болно. Харин би чамд цай цоргиж өгнө. Шар тос хөвсөн цай уухаар шанааны хөлс гараад нэг зохилтой доо. Эмчийн айлдсан эм сэлтийг уух гэж улайрсны хэрэггүй шүү. Монгол аргаараа оролдвол ядаргаа амархан арилна. Май, маанийн үрэл гэдэг юм гэж ширхэг будаа аятай юм өгөөд гарч одлоо.
Би гэдэг хүн хоёр нөхрөөсөө ийнхүү нэг нэг шидэт үрэл хүртэн хэвтэхдээ ижил төстэй тэдний хиргүй сайхан сэтгэл, хээ шаагүй зан төрхийг бодон өр зүрх минь өөрийн эрхгүй цэлмэж байлаа. Жаахан зүүрмэглэж байтал хаалга үүдийг хар тар дуугаргасаар нэгэн хүн орж ирсэн нь өнгөрсөн жил манай сургуулийн яруу найргийн ангид суралцахаар ирсэн Очирбатын Дашбалбар байлаа. Дүү хүү дүрлэгэр алаг нүдээ эргэлдүүлэн намайг хэсэг зуур сонжих аятай харж байснаа авчирсан алим жимс тэргүүтнийг ширээн дээр овоолж,
-Цаана чинь жинхэнэ өрсөлдөөн болж байна гэв. Би эхлээд үгийн учрыг сайн ойлгосонгүй.
-Юун өрсөлдөөн байх билээ гэж асуулаа. Дашбалбар тэсэлгүй инээд алдан,
-Сүрэнжав багштан лам ахад зориулан (намайг хэлж байна) өөх сэлт нь алагласан хонины махаар шөл хийж байна. Бямба гуай шар тос хөвсөн шаргал цай даргилуулж сууна. Та их азтай юм аа. Тийм нүнжигтэй юм зооглож байхад хэр баргийн ханиад томуу хил даван одох биз ээ гэж тохуу хийж суулаа. О.Дашбалбарыг явсны дараа удаа ч үгүй байтал уур савсуулсаар Ш.Сүрэнжав орж ирээд,
-Алив хө, өндий. Сэв авахуулж болохгүй шүү. Шөлөө уучихаар чинь би чамайг сайн хучиж өгнө. Хичнээн их хөлөрнө төдий чинээ сайн байдаг юм.
-За тэгье. Саяхан Бямба орж ирээд гарлаа.
-Тэгээ юу. Тэгээд юу гэж байна.
-Надад цай цоргиж авчирна гэсэн.
-Аа, тийм үү. Цаадах чинь цай нэртэй цэхэр хярам цэлэлзүүлээд ирэх вий дээ.
-Бас маанийн үрэл хүртээсэн.
-Үрэл ий? Үлийний чинь маанийнх. Тэр чинь тийм амар олдох эд биш. Дэлгүүрийн лангуун дээр асгарсан будааг цуглуулснаа тарааж ч явж мэднэ гэж Ш.Сүрэнжав ярьж суутал Ж.Бямба үүдээр цухуйснаа бараа нь тасрав. Ш.Сүрэнжав,
-Харав уу тэр, биднийгээ туршиж явна. Ийм л золиг байгаа юм гэж амандаа үглэснээ.
-Би маргааш шүүлэгтэй. Очиж жаахан гэгээрэхээс биш. Хөгшин чинь шөнө чамайг эргэж тойрно оо. Анд нөхөдтэйгөө байхад алс газарт алзахгүй шүү гэж санаа сэтгэлийг тэнхрүүлэх сайхан үгээр намайгаа давхар давхар анагааж байв. Ш.Сүрэнжавыг гарсны дараа энэ тэрийг бодон эргэж хөрвөж байтал болоод өнгөрсөн бодит нэгэн явдал сэтгэлд сэвхийн буулаа.
Миний бие арван долоон наснаасаа эхлэн ардын цагдаагийн албанд зүтгэсэн юм. Ёндонжамц гэдэг эргүүлийн цагдаатай би олон жил үй зайгүй үерхэж билээ. Тэр зун Есөн гудамжны бөглүүхэн хашаанд хоёр гэрээрээ зусав. Нэг өдөр Ёндонжамц орж ирээд мэндийн ч зөрөөгүй,
-Танай зохиолчид гэж ихээхэн үл бүтэх нөхөд байх юм. Чи зохиол оролддог хүн. Шаравын Сүрэнжав гэдэг этгээдийг танина биз дээ гэв.
-Танилгүй яахав. Харин нэг их дотно үерхэж амжаагүй л явна. Сайхан шүлэгтэй тэнгэрлэг найрагч даа гэхэд минь Ёндонжамц ёоз муутайхан шиг,
-Тэр муу чинь өнөөдөр намайг шаардлага тавин шахлаа гээд Туул рестораны шатан дээр тонгорч унагаад толгой тархи бяцалчих дөхлөө. Тэгээд бас яах ийхийн зуургүй зугтаад явчихсан шүү гэж бөөн хорсол заналаар бөөлжих шахаж байлаа. Би найзыгаа аль болохоор аргадаж суув. Миний үгэнд оролгүй маргааш нь дайсан болох Сүрэнжавыг далан таваар буулгаж авахаар дээд газартаа дэгдээд хүрчээ. Ингээд л Ёндонжамц цагдаа Ш.Сүрэнжавыг хоёр зуун төгрөгөөр торгуулан хор хонзонгоо дарав. Дургүй нь хүрсэн Ш.Сүрэнжав дуу шуугүй цагдаагийн газраас цаг алдалгүй холдохын оронд,
-Улсын наадамд түрүүлсэн бөх таван зуун төгрөгийн шагналтай юм гэнэ лээ. Унасан цагдаа нарынх хоёр зуу байдаг юм уу гэчихжээ. Цагдаагийнхан цаад нөхрөө бариад ав. Ямар их хэл амтай этгээд вэ гэж шуугилдах хооронд нь мань хүн аль хэдийнэ машин хөлөглөн холдсон байлаа. Хэзээ хойно энэ тухай эргэн дурсахад Ёндонжамц цагдаа үл мэдэг жуумалзан,
-Тэр Сүрэнжав чинь дархан ташаатай лут эр юм билээ. Би мөн хүчтэй унасан шүү. Хамгийн харамсалтай нь рестораны үйлчлэгч хүүхнүүдээс л үхтлээ ичиж билээ гэж хуучилдаг сан.
Сүрэнжав одоо ч гэсэн Ёндонжамц цагдааг асууж сураглан амьдрал ахуйг нь сонирхдог нь эгэлгүй нэгэн эр хүний шинж гэлтэй. Ийнхүү бодсоор би нам унтжээ. Нэг сэрэхнээ цонхоор гэрэл гэгээ цацарч байв. Ж.Бямба маань намайг сэрээчихгүй гэсэндээ халуун савтай цайг ширээн дээр орхиод явжээ. Савны бөглөөг авуут шар тосны содон үнэр өрөө дүүрэн ханхийв.
…Цаг хугацаа цаашлан өнгөрөх тусам салж одсон сайн нөхдөө дурсан санах нь эцэгтэй хүний журам, эхтэй хүний жудаг ажээ. 1998 онд миний бие өнгө ногоо жигдэрсэн зуны сарны дундуур зугаацахаар мордон энгүй сайхан Хөвсгөл далайнхаа эрэг ирмэг газарт аяны дөрөө мултлан рашаан уснаас нь дээжлэн хүртэв. Нар гийсэн тунгалаг намуун саруул өглөө хөлийн доор хөглөрөнхөн байх их усны хаялгыг харан зогсох зуур “Буцаад ирнэ ээ гээд явсан дотно нөхөр Дашбалбар чинь энэ удаа эргэж буух аяны зам албаны боломж олдоогүй юм болов уу даа” гэж Далай ээж аядуухан хэмээр асуух шиг санагдав. Нээрэн ч хэдэн жилийн өмнө идэр есийн хүйтний эрч буурсан үеэр төрийн шагналт, яруу найрагч О.Дашбалбар, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж нарынхаа хамт домгийн цэнхэр энэ хязгаар нутагт ирж байснаа эргэн дурслаа. Балбар минь тэгэхэд “Далай ээж тандаа дахиад хүү чинь ирнэ ээ” гэж хэлээд толин цэнхэр мөсөн дээр нь удтал хэвтэж тооны нимгэн дэвтэр дээр шүлэг тэрлэж байсансан. Эл учралын тухай элдвийг эргэцүүлэн нуурынхаа хөвөөгөөр нулимс мэлмэрүүлэн явахдаа хэзээ хаана анх танилцсан, хэрхэн яаж үерхэх болсоноо бичих хүсэл бие сэтгэлийг эзэмдэв.
Өгүүлэх ину: Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн төгсөх ангид суралцаж байсан зохиолч Санжийн Пүрэв бид хоёрын нэр дээр зохиолчдын хорооны орлогч дарга Д.Наваансүрэнгээс нэгэн цахилгаан ирснийг уншвал “Танай сургуульд суралцах Дашбалбарыг угтаж ав” гэсэн байлаа. Товлосон цаг болох 1979 оны есдүгээр сарын 5-ны өдөр Монголоос ирэх галт тэргийг тосуулахаар хамт нэг ангид суралцаж буй Намбарын Энхбаяр, Хасбаатарын Мэргэн хоёрыг буудлын газар илгээж буурал болох хоёр хөгшин өргөөндөө ханхайн хоцров. Одоо удахгүй нүүр учран золгох О.Дашбалбарыг С.Пүрэв бид хоёр урьд өмнө нь танихгүй учир ямаршуухан залуу нэг тогооноос хоол идэх болсныг төсөөлөн ярилцаж цай ундыг бэлдэн цахилгаан тогийг барж байлаа. Удалгүй хаалга сэвхийн онгойж дүрлэгэр алаг нүдтэй гял цал хийсэн хөдөлгөөн бүхий дунд зэргийн нуруулаг залуу орж ирүүтээ,
-Ах лам нарын бие сайн уу гэснээ мэндийн ч хариу сонсолгүй сэтгэл нь хөдөлсөндөө ч тэр юм уу Тютчевийн хайр дурлалын шүлгүүдээс уншиж гарлаа. С.Пүрэв бид хоёр омголон төрхтэй олон залуусыг үзсэн боловч орж ирүүтээ хоёр хармаандаа гараа хийж хойш урагшаа тогтон ядах ийм хөвгүүнтэй төдийлөн тааралдаж яваагүй учир дэмий л бие биеэ нудран битүүхэндээ гайхаж байснаа нуух юун. Тэр хооронд тэсвэр алдсан миний бие энэ залуу жаахан гажигтай (хийрхүү) юм биш байгаа гэж шивнэн асуувал,
-Тиймэрхүү л харагдаад байна гэж С.Пүрэв сэмхэн хариу өгч байлаа. Зочин маань баахан шүлэг уншиж байснаа нэгийг санав бололтой Н.Энхбаяр, Х.Мэргэн нарын дамжлан оруулж ирсэн далбагар том богцыг уудлан баахан чанасан мах, дөрвөн шил архийг ширээн дээр гаргаж тавьснаа,
-За, нутаг уснаас авчирсан идээнийхээ дээжээр та нарыгаа гялайлгах гэсэн юм гэв. Оюутан бид юуны өмнө эхлээд гийчнээ өөрсдийн хийсэн борцтой шөлөөрөө дайлахыг эрхэмлэнэ.
Одоо Готовын Нямаагийнхаа талаар хэдэн үг хэлье. Готовын Нямаа, Л.Түдэв даргын туслах гэгдэн овоо хэдэн жил дагалдахдаа, олон зүйл дээр гайгүй гэсэн үнэлэлтийг гарынхаа даргаас хүртжээ. Ухаан төгс Түдэв гуай уулаасаа ажигч хүн болохоор Готовын хүүгийн шүлэг зохиолд гойд чамин санаа цөөнгүй байгааг анзаарч насныхаа танагтай дээр наад ухаанаа дэвжүүлж ав гээд яаралтай түргэн явуулсан нь тэр ажээ. Зөн билиг сайтай хүн зөвийг дандаа хийдгийн эгэлгүй нэгэн жишээ энэ байв. Итгэлийг нь Нямаа эвдээгүй юмдаг. Нэг хөгтэй мөртөө хөгжөөнтэй явдлыг нэхэн санаж байна. Мань хүнийг ханиад хүрээд хэвтэж байтал утга зохиолын дээд курсийн сонсогч Шаравын Сүрэнжав онголзон өнгөлзсөөр орж ирэв гэнэ. Учир явдлыг ойлгосон Ш.Сүрэнжав хэсэг зуур чимээгүйхэн зогсож байснаа,
-Алив босоод хувцас хунараа өмс, улаан махны бузраас болоо биз. Чамд би сан тавьж өгнө, намайг дагаад яв. Харин би өрөөгөөрөө ороод утлагаа авна. Энэ түм түжигнэсэн газар нэг л таагүй оргиод байна гэв. Дотно хоёр Добролюбовын гудамжин дахь оюутныхаа байрны ойролцоох цэцэрлэгт хүрээлэн хүрч бургасан төглийн хажуудах булангийн сандалд тухалжээ. Цаана нь нэлээд зайтай газар хэсэг хүүхэд бөмбөг тоглоно. Ш.Сүрэнжав дугуй төмөр хайрцаг гарган утлаганд бэлтгэх зуураа,
-Багачууд хүүхэд баяр хөөртэй дэргэд минь дэрвэж байна гэдэг бас л нэг бэлгэдэл билээ гэсээр арцаа уугиулдгийн даваан дээр, алаг бөмбөг ойж ирээд таатайхан бэлдсэн зүйлийг талаар нэг болгочихжээ. Сүрэнжав зохиолч сүр сар хийн боссоноо нэгийг санав бололтой,
-Учир мэдэхгүй жаалуудад уурлаад яахав. Газраа зөв олсонгүй ганц алдаа боллоо. Алтан дэлхий мундсан биш, алив ийшээ гээд түрүүлэн алхав. Нямаа инээдээ арай ядан барьж араас нь дагажээ. Шаравын хүү самбаачлан чимээ шуугиангүй газрыг сонгож олоод,
-Энд болно оо, гадарга нь тэгш юм гэсээр зүлгэн дээр тухлав. Арцаа уугиулан амандаа мааниа эхэлтэл дэргэд нь гөлөг ирээд шээчихжээ. Сүрэнжав үнэнхүү сэжиглэж,
-За Нямаа минь, чи засал хийлгэхгүй бол ажил чинь бүтэхгүй байж мэднэ. Авгайдаа цахилгаан явуулж Гандангаар ор гэж хэл гэхэд нь Г.Нямаа тэсгэлгүй инээд алдчихжээ. Ш.Сүрэнжав,
-Энэ чинь инээд биш ханиад гэснээ хөөе гэхийн завдалгүй хөлөө солбиулан бараа нь тасрав. Энэ түүхийг хожим хойно Г.Нямаа надад хуучилсан юм.
-Тэгээд утлага хийлгэж чадаагүй юу гэхэд,
-Тэр шөнөдөө амжуулсан.
-Очиж очиж харанхуйгаар уу?
-Тийм ээ. Унтахыг завдаж байтал утлага барьсаар Сүүеэ (Сүрэнжав) орж ирээд. Хол яваа хүмүүс хоорондоо эвтэй байх нь чухал. Хар гайг цаг алдалгүй зайлуулсан нь дээр. Хаалга бушуу түгж! Их гэрлээ унтраагаад ширээнийхээ чийдэнг асаавал зохилтой гэснийг би дор нь амжуулав. Тэгээд утлага номоороор болж, тэр шөнө Сүрэнжавын сэтгэл амарч билээ гэж Г.Нямаа хэлээд,
-Цаадах чинь хүний хувьд гэмгүй шүү гэж аминчилсан юм.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Данигайн Давааням