Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Өндөгтэй хуурга

Орц (Гурванхүний)

Үхрийн мах-350-380 гр

Өндөг -5-6 ширхэг

Чинжүү -2-3 ширхэг

Ногоон сонгино-15-25 гр

Сармис-2-3 хумс

Будаа-500-600 гр

Яншуй-5-7 гр

Хар перец-1/4 цайны халбага

Давс-1/2 цайны халбага

Ургамлын тос-2-3 хоолны халбага

Хийх арга

Будааг хүйтэн усанд угааж давс, ургамлын тосоор амтлаад будаа агшаагчинд агшаана. Өндгийг хагалж бага зэргийн давс, хар перецээр амтлаад өндөгний шар задарч холилдтол хутгана. Гэхдээ хөөсөртөл нь хутгах хэрэггүй. Ингээд хайруулын тавганд нэг хоолны халбага ургамлын тос хийж халаагаад өндгөө хийж зөөлөн гал дээр 15-20 секунд шарна. Дараа нь хутгуураар хутгаж задална. Өндгийг түлэгдэж болтол нь хуурах хэрэггүй, өнгөцхөн хуураад гаргаж хөргөнө. Өндөг шарж байсан хайруулын тавганд 1/4 цайны аяга ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн ногоон сонгино (бөөрөнхий сонгино байж болно), сармисыг хийж нэг минут орчим хуураарай. Хүсвэл хэрчсэн өргөст хэмх хийж болно. Дараа нь татсан үхрийн махыг (хонь, тахиа, гахайн мах байж болно) хайруулын тавганд хийж давс, хар перецээр амталж хуурна. Татсан мах байхгүй бол махыг зүгээр л урт нарийн, нимгэн хэрчихэд хангалттай. Жижиглэн хэрчсэн чинжүүг мах руугаа хийж үргэлжлүүлэн хуурна. Хэрвээ та хүсвэл эрдэнэ шиш, вандуй зэрэг нэмэлт хүсний ногоо хийсэн ч болно. Ингээд шарсан өндгийг хуурсан мах руугаа хийж зөөлөн гал дээр сайтар хутгана. Мах бараг болсон байх тул жижиглэн хэрчсэн яншуйг хийж амтлаад галаас гаргана. Ингээд агшаасан будаа болон нэмэлт хачраар хачирлан амтархан зооглоорой.

МӨӨГНИЙ АМТАТ САЛАТ

Орц (Гурванхүний)

Мөөг-250 гр

Төмс -Дөрвөн ширхэг

Сонгино -Нэг ширхэг

Ургамлын тос-50-60 мл

Гич-Нэг цайны халбага

Ногоон сонгино-20 гр

Даршилсан өргөст хэмх-150 гр

Сармис-Нэг хумс

Хийх арга

Төмсийг хальстай нь чанана. Сайтар хөргөсний дараа хальсалж жижиг дөрвөлжин хэрчинэ. Даршилсан өргөст хэмхийг жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд хоёр хоолны халбага ургамлын тос хийж халаагаад жижиглэн хэрчсэн сармис, сонгиноо хийж хуурна. Мөөгөө нарийн хэрчээд дунд зэргийн гал дээр зөөлөрч болтол нь хуурна. Хуурахдаа давс, перецээр тохируулан амтлаарай. Ингээд саванд төмс, өргөст хэмх, хуурсан сонгино, мөөгөө хольж хийнэ. Дээрээс нь жижиглэн хэрчсэн ногоон сонгиноо хийгээрэй. Дараа нь хар перец, давс, гич, ургамлын тос болон өөрийн дуртай амтлагчаар нэмж амтлаад сайтар хутгаарай. Амтат мөөгний салат бэлэн боллоо.

А.ЗУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *