Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Луун шивээст охин

Шведийн зохиолч Стиг Ларсоны “Луун шивээст охин” бол адал явдалт зохиол. Энэ номыг нэг уншаад эхэлсэн л бол дундаас нь хаях боломжгүй. Учир нь зохиолын гол баатар Лизбет Саландерийн ер бусын чадвар, нууцлаг байдал номын төгсгөлийн хуудас хүртэл эрхгүй татна. Зохиолд гарах үйл явдлыг тоймловол хорь гаруй настай хэрнээ 14 настай мэт харагдах бие бялдартай, нийгэмд өөрийгөө хянах чадваргүй гэж тогтоогдсон, нууцлаг, зөрүүд, дуугүй, гаж мэт сэтгэгдэл төрүүлэх Лизбет Саландер болон Шведийн нэр хүндтэй “Миллениум” сэтгүүлийн эдийн засгийн сэтгүүлч Микаел Бломквист хоёрын адал явдлын тухай өгүүлдэг. Саландер хэдийгээр уулзсан хүндээ таатай сэтгэгдэл төрүүлдэггүй ч гэлээ маш нарийн мэдрэмж, мэдлэгтэй, гоц ой ухаантай. Компьютер болон цахим ертөнцөд тэрээр “Хэдгэнэ” нэрээр алдаршсан хакер. Гэвч түүнийг хэдгэнэ нэрээр нь хэн ч үл танина. Тэрээр өөрийн ур чадвараа ашиглан “Милтон Секьюрити” гэж хамгаалалт, хувийн мөрдлөг хийдэг компанид ажиллаж байхдаа Микаел Бломквисттэй танилцав. Эндээс тэдний хамтын адал явдал эхэлдэг. Бломквист Саландертай танилцахаас өмнө Вангер гэж Шведийн чинээлэг гэр бүлийн захиалгаар 40 гаруй жилийн өмнө сураггүй алга болсон охины тухай олж мэдэх ажлын санал хүлээж авна. Уг хэрэг дээр ажиллах үеэрээ тэрээр Саландераас туслалцаа авч хамтран ажиллахаар болдог. Гэвч тэдний ажиллаж буй хэрэг зүгээр нэг сураггүй алга болсон охины тухай биш, хэний ч санаанд оромгүй тун ээдрээтэй цуврал аллага руу хөтлөв.

Өөрсдийнх нь хайж байсан охин ор сураггүй болсон нь 40 жилийн өмнөх хэрэг боловч өдөр, сар өнгөрөх тусам эргэн тойрных нь хэргүүд ил болж байлаа. Алга болсон Харриест Вангер охин аав болон төрсөн ах Мартиндаа хүчиндүүлдэг байсныг олж мэдсэнээс гадна одоо хүртэл амьд байгаа ахынх нь нууц оромжийг илрүүлэв. Охины төрсөн ахыг гаднаас нь харахад “Вангер” корпорацийн өв залгамжлагч, чинээлэг эр хэдий ч нууц оромжиндоо эмзэг, дорой бүсгүйчүүдийг авчран тамлан алдаг байжээ. Хэний ч санаанд багтамгүй энэхүү нууцыг Саландер, Бломквист хоёр илрүүлчихэв. Харин Мартин тэр хоёрт шуудхан буугаад өгөлгүй алахыг завдана. Харин аливаа зүйлийг нарийн тооцоолж чаддаг, дүн шинжилгээ гаргуун хийдэг Саландер Мартинд барьцаалагдаад үхлийн ирмэг дээр байгаа хамтрагчаа аварч чадлаа.

Адал явдалт энэхүү зохиол гурван боть. “Луун шивээст охин”-ы араас “Галаар наадсан охин”, “Зөгийн үүр бусниулсан охин” гэх хоёр боть хэвлэгдэн гарсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *