Categories
мэдээ улс-төр

“Давхар дээл”-ийг тайлах төслийг дэмжив

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны
хуралдаанаар өнөөдөр /2016.04.06/ Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт
оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар дэмжжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү
төсөлд Ерөнхий сайдаас гадна Гадаад хэргийн сайд, Хууль зүйн сайд, Сангийн
сайдыг УИХ-аас томилж болохоор бусад сайд нарыг гаднаас томилохоор заасан юм.
Хэрэгжих хугацаа нь 2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд байгуулагдах Засгийн
газраас эхлэн мөрдөх юм.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүд “Сонгуулийн тогтолцоо
нь холимог байгаа нөхцөлд аль нэг нам, эвсэл нийт сонгогчийн 50 гаруй хувийн
санал авах боломжгүй. Эвслийн Засгийн газар байгуулагдана. Тийм учраас 2016 оны
УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдах Засгийн газар нь цаашдаа яаж тогтвортой
ажиллах вэ гэдгийг бодолцож энэ хуулийг гаргах ёстой. Үүний тулд зарим сайд
нарыг УИХ-аас томилох шаардлага бий” гэдгийг хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн
С.Баярцогт “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг УИХ-аас томилох
шаардлагатай” гэснийг УИХ-ын дэд дарга Л.Цог эсэргүүцэв.

Тэрээр “Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргыг
УИХ-аас томилох шаардлагаггүй. УИХ-ын Тамгын газрын даргатай адил төвшинд
ажилладаг” гэсэн бол УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл “Ерөнхий сайд нь УИХ-аас
томилогддог. Бусад сайд нь мэргэжлийн хүмүүс байх ёстой” гэсэн саналыг тус бүр
илэрхийлсэн юм. Уг хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанд оролцсон
гишүүдийн олонхи дэмжсэн учраас чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *