Categories
мэдээ спорт

“Үлэмж хурд мастер кросс-2016”-ын шилдгүүд тодров

Монголын автомастеруудын холбоо, “Бичил глобус” групптэй хамтран “Үлэмж хурд мастер кросс-2016” автомашины уралдааныг өнгөрсөн ням гаригт Төв аймгийн Баруун турууны даваанд болж, шилдгүүдээ тодруулав.

Автомашины тус цуврал уралдаанд нийт 64 тамирчин ур чадвараа сорьсноос бүх тамирчны “УАЗ-469” автомашинууд энгийн 80 мотортой байсан нь ур чадвар, авхаалж самбаа сорьсон уралдаан болж үзэгч олны анхаарлыг гойд татлаа.

ОУХМ Д.Болдбаатар, ОУХМ Б.Ган-Од, ОУХМ Э.Халиунболд, спортын мастер Ш.Гомбодорж нарын шилдгүүд багтсан энэ уралдааны хагас шигшээд 32 тамирчин үлдээд байсан. Тэднийг хоёр хэсэг болгон уралдуулж, тус бүрийн эхний найман тамирчин аваргын төлөөх сүүлийн гараанд өрсөлдөх эрх авсан юм.

Харин шигшээ уралдаанд спортын мастер Ж.Саруултөгс түрүүлж, спортын мастер Д.Мөнх-Эрдэнэ, спортын дэд мастер Бат-Энэрэл нар II-III байрыг эзэлсэн. Удаах байруудад спортын мастер Ж.Төрмөнх, залуу тамирчин Азжаргал нар шалгарсан юм.

Авто спорт сонирхогчдын түрүүлнэ гэж таамаглаж байсан ОУХМ Д.Болдбаатар техникийн саатлын улмаас уралдааны замаа дуусгаж чадаагүй. Тус уралдаанд түрүүлсэн тамирчныг “Приус-20” маркийн автомашинаар урамшуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *